💡Хаврын улс төр дээд цэгтээ хүртэл халж, эцэст нь Засгийн газраа огцруулан бүгдийг шинээр эхлэхээр боллоо. Дараагийн Засгийн газрыг МАН-ын дарга Н.Учрал бүрдүүлэх нь тодорхой болов. Харин түүний оронд хэн УИХ-ын дарга болох вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Ямартай ч эрх баригчид нэг хөнжилдөө орсон болохоор томилгоонууд нь түргэн шуурхай, саадгүй бүтэх биз ээ.
Г.Занданшатарыг унагасан 5 шалтаг
❌Хүлээн зөвшөөрөгдөөгүй удирдагч. УИХ-ын сонгуульд ялагдаж, олон нийтийн дэмжлэг авч чадаагүй ялагдсан улстөрч гэдэг нэр түүнийг Ерөнхий сайдаар томилогдох үеэс л дагаж эхэлсэн. Тодруулж хэлбэл, өөрийн хүчээр биш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрийн дэмжлэгээр Ерөнхий сайд болсон гэх яриа нь оргүй зүйл биш. Өөрийн баг, дэмжлэггүй Ерөнхийлөгчид найдаж өдийг хүртэл явсан нь түүнийг улс төрийн тохироон дунд тэсэж үлдэх боломж олгосонгүй.
⚖️Сөрөг хүчний шахалт. Есөн сарын өмнө Ерөнхий сайд болоход нь дэмжсэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд гэнэт суурин дээрээ эргэж, эрх баригч намын дарга Засгийн газраа удирдах ёстой гэсэн зарчмын байр суурь илэрхийлж эхэлсэн нь бас нэгэн шалтаг болов. АН-ынхан УИХ-ын дарга Н.Учралыг огцрохоос нааш чуулганы хуралдаандаа суухгүй гэсэн нь зарчмын шаардлага гэж тайлбарласан ч тэдний шаардлага санамсаргүй зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Ямартай ч АН-ын бойкот, МАН-ын Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нарын талд улс төрийн тохироо хийх маш том хүч болсныг бүгд харлаа.
⚡Нам доторх хагарал. Ардчилсан намынхан бойкот зарласан ч МАН дангаараа чуулганаа хуралдуулж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх бүрэн боломжтой байв. Гэвч экс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Оюун-Эрдэнэ нарыг дэмжигч гишүүд давхар бойкот хийв. Ийнхүү нам доторх хагарал засаглалын хямрал руу түлхсэн учраас хөөж явуулсан хэдтэйгээ тохиролцоонд орохоос аргагүй болсон нь тодорхой. Эцэст нь өөрөө бууж өгөв.
🦷 Шүдээ сугалуулсан засаг. Г.Занданшатарын танхимын сайдууд нь түүнд нэмэр болохоос илүү нэрмээс болов. Хаврын чуулганы нээлтийн өдөр Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар огцрох өргөдлөө өгсөн. Мөн сайд Б.Энхбаяр, Э.Бат-Амгалантай холбоотой дуулиан, шуугиан тасарсангүй. Энэ бүхэн эцэстээ Засгийн газрын чадамж, легитм байдалд нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.
🎯Сонгуулийн өмнөх тохироо. Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагийн өглөө өөрийн цахим хуудастаа “Хулгайтай би эвлэрэхгүй, ухрах тохирох ямар бодол алга” гэж бичсэн. Харин үдээс хойш нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Ингэхдээ улс орноо хямралт нөхцөл байдлаас гаргахын тулд би өөрөө үлгэр жишээ үзүүлж, улс төрийн эр зориг гаргаж албан тушаалаасаа бууж байна гэж удаа дараа мэдэгдэв. Манай одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа дөнгөж төрсөн эмэгтэйг таавчигтай нь эмнэлгээс гаргаснаас болж огцрон, төрийн тэргүүн болох замаа зассан. Г.Занданшатар ч гэсэн ийм байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замаа зассан байж мэднэ.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
🏛️ Улс төр
👤 УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. (MNB)
📍МАН-ын Бага хурлаар Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 99.7 хувиар дэмжлээ. (Itoim)
🤣Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал Г.Занданшатарыг өөрийн кабинетад ажиллахыг урьжээ. (UBn)
⚖️Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн тухай хууль дах 4 жилийн заалттай холбоотой маргаан үүсгэлээ. (Eguur)
🔍Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг шалгуулахаар АТГ-т хандлаа. (Ikon)
🔓"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг суллагджээ. (Tovch)
📊 Бодлого
💧Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой”-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө. (gogo)
🚨Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ. (Засгийн газар)
📢Засгийн газар Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ. (News)
💰Татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. (Parliament)
Авлигын хэргийн зураглал буюу Монголын хамгийн том гэмт бүлэг 🔥 Хаврын улс төр дээд цэгтээ хүрч халсан өнгөрсөн долоо хоногт эрх баригч МАН-ынхан бие биеийнхээ булхай, луйврыг ёстой нэг хайр найргүй цацалцав. Энэ дундаас нэг авлигын хэргийн зураглал тодров. 💰 Эхлээд Ерөнхий сайд асан Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалангаас хоёр удаагийн үйлдлээр 500, 800 мянга ам.доллар, нийт 1.3 сая ам доллар авсан гэж мэдэгдсэн. 🙅♂️ Үүний дараа Д.Баясгалан “Би Б.Энхбаяртай нэг ч удаа уулзаж байгаагүй” гэсэн бол Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Би А.Амундра, Д.Баясгалан гэдэг хоёр хүнтэй нүүр тулж нэг ч удаа уулзаж үзээгүй” гэж ярив. Товчхондоо бие биенээ танихгүй хүмүүс гэж мэдэгдэв. 📍 Гэтэл Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар: “Бодь групп”-ийн Д.Баясгалан захиралтай нэг уулзах үеэрээ одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Уулзалт Голомт банкны төв оффис дээр болж байсан бөгөөд уг уулзалтад Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын төлөөлөл болж А.Амундра захирал байсан” гэж бичив. 🗣️ Мөн Амундра үүнийг нь баталж “Энхбаяр чи үнэхээр ичдэггүй худалч хүн байна. 2020 оны хавар "Голомт"-ын 4 давхарт Сумъяабазар ах чинь чамайг авчраад уулзуулсан. Өндөр хүн тонголзоод байхаар эвгүй юм гээд тухайн үед бодож л байлаа” гэж бичив. 🎥 Ямар нэгэн уулзалт болсон нь тодорхой байна. Үүнийг нь бичсэн хоёр цагийн бичлэг байгаа гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. ❌ Харин Б.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “Ямар ч бичлэг байхгүй. Кино, кино” гэсэн юм. ⚠️ 😐 Манай улс төрчдийн бодит төрх ийм л байна. Ичиг ичиг. ‼️Оролцогчдынх нь албан тушаал, дурдагдсан мөнгөний дүнг харвал МАН Монголын хамгийн том гэмт бүлэглэл болжээ‼️ |
🧠 Пост социалист улсуудад ямар төрлийн улс төрийн манипуляц явагдаж байна вэ?
📌Энэ удаагийн мэдлэг буланд Беларусын Улсын их Сургуулийн судлаач Елена Пилгуны судалгаа болох Political Manipulation via Crisis Ideologization үр дүнг онцолж байна. Улс төрийн манипуляц (political manipulation) гэдгийг улс төр судлалд хүмүүсийн улс төрийн ухамсар үйл байдлыг өөрийн эрх ашгийн үүднээс далд аргаар удирдах явдал гэж тодорхойлж болно.
Буруутгах, шүүмжлэх арга
Улс төрийн өрсөлдөгчийг олон нийтийн өмнө буруутгаж, нэр хүндийг нь унагах замаар итгэлийг сулруулдаг.
Дарамт, шийтгэлийн арга
Шүүмжилсэн хүмүүсийг айлгах, дарамтлах, шийтгэх замаар эсэргүүцлийг багасгахыг оролддог.
Бурууг бусдад тохох арга
Өөрсдөд нь тавигдсан буруутгалыг эсрэг талд шилжүүлж, төөрөгдөл үүсгэдэг.
Дайны аюулын арга
Гадаад аюул заналхийлэл, дайны эрсдэлийг онцлон ярьж хүмүүсийг айдаст автуулдаг.
Худал мэдээлэл тараах арга
Худал, төөрөгдүүлсэн мэдээллийг санаатай тарааж олон нийтийн ойлголтыг өөрчилдөг.
Ятгалгын арга
Сонгогчдыг татахын тулд боломжгүй эсвэл бодит бус амлалтууд өгдөг.
Доромжлох арга
Бодлого ярилцахын оронд эсрэг талын хүнийг хувь хүн талаас нь доромжилж дайрдаг.
Анхаарал сарниулах арга
Чухал асуудал гарсан үед өөр сенсац, маргаантай сэдэв гаргаж анхаарлыг өөрчилдөг.
🎭Манай улсын хувьд ч олон нийтийн мэдээллийн орчин, улс төрийн хэлэлцүүлэгт манипуляцын аргууд ажиглагддаг.💡Иймээс улс төрийн манипуляцын аргуудыг таньж мэдэх, шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэх нь олон нийтийн оролцоо, бодлогын ил тод байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. 👉Дэлгэрэнгүй судалгааг уншихыг хүсвэл энд дараарай.

Бургас бол “байгаль хамгаалагч”
🌊Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Туулын хурдны замын трасс дагуух 1.9 га талбайн бургас авах нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээгдэх боломжтой гэж үзэж байна” хэмээн ярьсныг нягтлахад худал мэдээлэл түгээсэн нь тогтоогдлоо.❗
⚠️ Усны дүгнэлтгүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь хийгдсэн эсэх нь тодорхойгүй Туулын хурдын замын асуудал дээр холбогдох яам, агентлагууд нь 🤐 ямар ч мэдээлэл өгөхгүй таг чиг хэвээр байна. 🏗️ Гэтэл төсөл хэрэгжүүлэгч нийслэлийн албан тушаалтнууд 📢 судалгаа тооцоогүйгээр “сөрөг нөлөөгүй” хэмээн ярьж байна. 😒

🌿 Хөрсний аюулгүй байдлын олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн судлаач Жармила, Сталиснав нарын судалгаанд бургас нь газрын гүнийн усыг дээш татаж, чийглэг, намгархаг хөрсийг бий болгодог. 🌱 Мөн үндэс сайтай тул газрын хөрсийг барьж, 💧голыг бохирдуулагч бодисыг шингээж ус цэвэршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ургамал гэж дүгнэжээ.
❌ Харин бургасыг нь тайрч устгавал тухайн орчны 🌵хөрс хатаж, дээш татагдсан хөрсний ус нь буцаж шургана. 💧Ингэснээр хөрсний эвдрэл нь нэмэгдэж, цөлжсөнөөр экологийн тэнцвэрт байдал алдагддаг. 👉Ухаж сэндийчсэн тохиолдолд зөвхөн бургасаар тогтохгүй ургамлын төрөл зүйл, шувуу, шавж, зэрэг амьтан, хөрсний бүтэц нь хүртэл эвдэрч сүйддэг байна. 🏜️
💥Иймд бургас байгаль орчинд онц ач холбогдолгүй, хялбар нөхөн сэргээгдэнэ гэдэг нь зориуд түгээж буй худал мэдээлэл юм.

🌳 Энэ удаагийн судалгаагаар бид Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлангаас ой модтой холбоотой мэдээллийг онцолж байна. Энэхүү судалгаа нь ойн нөөц, ашиглалт, доройтол, хамгаалалтын нөхцөл байдлыг улсын хэмжээнд нэгтгэн үнэлжээ.
🌲Монгол орны ойн хэмжээ: Монгол орны ойн нийт нөөц 1.2 тэрбум м³ байгаа бөгөөд үүний ихэнхийг шинэс мод эзэлж байна. Манай орны ойн санд эзлэх биологийн төрөлжилт бага буюу цөөн төрлийн мод байдаг бөгөөд эмзэг бүтэцтэй байна.
🛡️Ойн хамгаалалт: 2024 оны байдлаар ойн сангийн 40 гаруй хувь нь тусгай хамгаалалттай бүсэд багтсан хэдий ч бодит хамгаалалт, хяналтын үр нөлөөг сайжруулах, үнэлж дүгнэх шаардлагатай.
🔥Доройтол, ашиглалт, нөхөн сэргээлтийн зөрүү: Сүүлийн жилүүдэд сая гаруй га талбай ойн түймэрт өртсөн, их хэмжээний талбайд мод бэлтгэл хийгдсээр байна. Энэ нь ойд учирч буй хоргодол нь нөхөн сэргээлтээсээ давсан бүтцийн асуудал байгааг харуулж байна.
📣Хуурайшилт ихтэй хаврын улиралд ойн хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг тул сонор сэрэмжтэй байж байгаль орчноо хамгаалцгаая.
Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланг эндээс уншина уу.
📘 Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөл
👉 УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь сонгуулийн болон сонгуулийн бус үед сонгогчдын саналд хууль бусаар нөлөөлөх бүх хэлбэрийг хориглох, урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ.
Төсөлд:
🧾Сонгогчийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө, эд зүйл, үйлчилгээ, амлалт өгөх, санал болгох үйлдлийг “санал худалдан авалт” гэж тодорхойлж, хориглоно.
🗳️Зөвхөн сонгуулийн үеэр бус, сонгуулийн бус үед ч санал худалдан авах үйл ажиллагааг хориглоно.
⚖️ Санал худалдан авахад оролцсон этгээдэд хариуцлага хүлээлгэж, ийм үйлдэл нь тогтоогдвол сонгогдсон этгээдийн бүрэн эрхийг дуусгавар болгох үндэслэл болно.
📌Эцсийн дүндээ шударга ёсыг бэхжүүлэхэд дан ганц хууль батлаад зогсохгүй түүний хэрэгжилтийг хангах, хяналтын тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал. Хяналт үгүй бол хэрэгжилт үгүй.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр