💡Эрх баригч МАН-ынхан хэдэн өдөр талцаж, хэлэлцсэний эцэст холимог хуурга шиг Засгийн газар бүрдүүллээ. Хаврын улс төрийн гал ийнхүү намжиж, хонь бүрэн чоно цатгалан гэдгээр тэд тал талдаа сэтгэл хангалуун үлдэж байна. Гэхдээ тэдний талцал маргаан дундаас ил болсон олон хэрэг замхрах ёсгүй. Хэрсүү байцгаая.

🤬 Холимог хуургын засаг

😩Эрх баригч МАН-ын албан тушаал, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн иргэдийг үнэндээ залхаав. Тэдний дотоод хагарал, хэн нь албан тушаалд очих эсэх нь энгийн иргэдэд үнэндээ сонин биш.🤷‍♂️ Гагцхүү ажлаа хийхийг, ард иргэдэд илүү дарамт учруулахгүй байхыг л тэд хүссэн. Гэвч Н.Учралын танхимыг харсан хэний ч болов урам хугарахуйц байв.

♟️Хэвлэлээр гэмт хэрэгтэн хэмээн ээлжлэн зарлалцсан талууд нэг танхимд хамтран ажиллах болов. Харин хоёр хуваагдсан эрх баригчдыг шахаж, нэг танхимд тохой нийлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн нь Ардчилсан намынхан байв. МАН-ыг эвлэрүүлэх нь сөрөг хүчний ажил бололтой. Ийнхүү Ч.Номин, С.Амарсайхан нар жил тойролгүй засагт эргэн ирэв. Засгийн газрын бүтцийг “сахил хүртээд шал дордов” гэж хэлж болно.

⚖️Харин энэ дунд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ардчилсан намынхнаа манлайлан Монголын парламентын түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлэв. АН-ын бүлэг парламентын дарга намын гишүүнээс татгалзах ёстой гэсэн шаардлагыг тавьсан бөгөөд УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтыг томилохдоо намын гишүүнээсээ татгалзана гэсэн ам өчгийг нь авч чадав.

🚫Парламентын дарга намын дарга, намын гишүүн байх нь парламентын хяналт, тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй гэх үндэслэлээр АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг огцрохыг шаардсан. 📢Үүний үр дүнд Ерөнхий сайд Г.Занданшатар огцорч, түүний оронд Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсон.

🏗️Ийнхүү улс төрийн тохироо нь бүрдсэн Улсын их хурал тав дахь өдрийн үдээс хойш УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгож, араас нь Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний эвсэл болон ХҮН намтай хамтарсан Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ танилцуулан баталгаажуулав. 🍲Засгийн газрын бүрэлдэхүүн “холимог хуурга” болж, сөргөлдөгч талуудын шантааж, тохирооны уулзварт тогтсон ч гэлээ, энэ эв нэгдлийг урт удаан үргэлжилнэ гэх найдвар хомс байна.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

🏛️Улс төр

  • 👤Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. (Засгийн газар)

  • 🪑Сандагийн Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо. (UBn)

  • ⚖️УИХ-ын дарга намын харьяаллаас татгалзах хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжлээ. (Өрөг)

🏙️ Нийслэл

  • 🚫Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан цахим өргөдөлд 37’000 иргэн нэгдээд байна. (UIH.mn)

  • 💧”Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөнөөс бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгууллаа. (gogo)

  • 🏭Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр бонд гаргалаа. (news)

  • 🛣️“Нэгдүгээр тойрог зам”-ын олон улсын тендерийг нээлээ. (eguur)

📊 Бодлого

  • 📜Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. (Parliament)

  • 💰Гаалийн албан татварын хувь хэмжээ тогтоох эрхийг Засгийн газарт олгоно. (UIH.mn)

  • ✈️ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив. (Isee)

📢 Нийслэлийн Засаг даргын тамгын газраас UIH.mn талбарын “Нийтийн өргөдөл” цэсэд байршуулсан “Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөл”-ийг хуулийн байгууллагад шалгуулна гэж мэдээлсэн нь үндэслэлгүй тул бид дараах мэдэгдлийг гаргаж байна.

UIH.mn талбар нь мэдээллийн ил тод байдлыг хангаж, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой хараат бус талбар бөгөөд 2026 оны 3-р сарын 31-ний “Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөл”-ийг иргэний санаачилгаар нийтэлсэн болно. Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг шаардаж Ерөнхий сайд Н.Учрал болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаягласан тус цахим өргөдөлд одоогоор 37’000 гаруй хүн нэгдээд байна.

Монгол Улсын иргэд өөрсдийн үзэл бодол, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх юм. Гэтэл НЗДТГ-аас өчигдөр “UIH.mn сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг албан бус, хуулийн байгууллагад шалгуулна” гэх ижил гарчиг, тексттэй мэдээллийг zarig.mn , focus.mn, zuv.mn, ulsturch.mn, livetv.mn зэрэг сайт, пэйжүүдээр зохион байгуулалттай түгээж буй нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж, хуулийн байгууллагаар далайлгасан шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Мөн Монгол улсад иргэд үзэл санааны эв нэгдэл, эсэргүүцлээ илэрхийлэхдээ хаанаас ч зөвшөөрөл авах, албажуулах шаардлагагүй бөгөөд UIH.mn талбарыг хууль бус гэх мэдээлэл нь ор үндэсгүй. Change.org зэрэг иргэдийн үзэл санааны эв нэгдлийг илэрхийлдэг цахим талбарын адил чөлөөтэй, хил хязгааргүй ажилладаг, хараат бус талбар юм.

Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг боомилж, хуулийн байгууллагаар далайлгасан уг үйлдлийг хүний эрхийн зөрчил болохыг тогтоолгохоор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандаж буйг үүгээр мэдэгдье.

Дарангуй, түрэмгий хандлагыг эсэргүүцэж улам олуулаа өргөдөлд нэгдэхийг уриалж байна.

Нээлттэй ертөнцийн хаалттай өнцөг: Filter Bubble

📱Facebook, YouTube, Instagram платформуудын алгоритм таны үзсэн, таалагдсан пост бүрийг ажиглаж, удалгүй түүнтэй төстэй агуулгуудыг дараалан санал болгодог. Харин дэлхийн бүхий л зүйлстэй холбогдож байна гэсэн бодол тань танд л зориулагдсан савангийн хөөс дотор л өрнөж байдаг. Дэлхийн бөмбөрцөг биш, алганаас жижигхэн савангийн хөөс. Үүнийг бид filter bubble гэж нэрлэдэг.

🫧Энэ хөөс анзаарагдахгүйгээр үүсэж, бид өөрсдөө сонгож байгаа мэт боловч алгоритм өмнөөс маань мэдээллийг шүүж эхэлдэг. Үүний үр дүнд бидний харж буй бодит байдал өөр өөр болж, нэг нь нийгэм сайжирч байна гэж харж байхад нөгөө нь доройтож байна гэж харж болно. Ингэснээр бид нэг нийгэмд амьдарч байгаа ч өөр өөр “дэлхий”-д амьдарч байгаа мэт болдог.

🧠Энэ нь нийгмийн харилцаа, улс төрийн үзэл бодол, нийгмийн ойлголтод хүртэл нөлөөлж эхэлдэг. Хүмүүс өөрөөсөө өөр бодолтой хүмүүстэй бага уулзаж, улмаар өөр үзэл бодлыг ойлгох чадвар буурч эхэлдэг. Ингэснээр нийгмийн хуваагдал нэмэгдэж, “бид” ба “тэд” гэсэн ялгарал илүү тодордог. Энэ нь өмнөх дугаарт дурдсан улс төрийн манипуляцыг иргэдэд үйлдэхэд илүү л амар болгож байна гэсэн үг.

🎭Хамгийн хоржоонтой нь бид энэ бүхний дунд өөрсдийгөө илүү мэдээлэлтэй болсон гэж боддог ч үнэндээ бидний харж буй мэдээлэл улам нарийсаж, нэг өнцөгт төвлөрсөөр байдаг. Тэгвэл бид энэ савангийн хөөснөөс гарч чадах уу?

Filter bubble-ээс гарахын тулд:

Алгоритмыг “хуурах” - Өөр үзэл бодолтой хүмүүс, хуудсуудыг дагаж шинэ өнцгүүдийг харах

Эх сурвалжаа өргөжүүлэх - Нэг платформд найдахгүй, өөр өөр эх сурвалжаас унших

Оффлайн ярилцах -  Бодитоор хүмүүсийн өөр үзэл бодлыг сонсох

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу 

🙈МАН иргэдийнхээ эсрэг жагсав

🏙️Хотын дарга иргэдийнхээ эсрэг жагсаал зохион байгуулав. 🗣️Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын гишүүдээ дагуулаад Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг улс орны хөгжлийг гацаасан террорист бүлэглэлүүдийн гар хөл хэмээн нэг нэгээр нь зарлан дуудаж, олны өмнө буруутгав. ⚠️Хүний нэр төрд халдана гэдэг угтаа “чулуу шидэх”-ээс ч дор зүйл. 🧱Тэртусмаа хотын дарга хийж буй ажлыг нь шүүмжилсэн иргэдийг доромжилж, нийслэлийн МАН-ын хорооны дэргэд хотын хөгжлийг гацаасан иргэдийн эсрэг тэмцдэг штаб байгуулна гэж ярьсан нь хууль бус бөгөөд хэтэрхий ичгэвтэр хэрэг. 😳

📣Түүнчлэн, Х.Нямбаатар нь ийнхүү хууль зөрчин жагсаал, цуглаан зохион байгуулаад зогсохгүй тус жагсаал, цуглааныхаа үеэр бусад иргэдийг доромжлох, тэдний талаар худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж байгаагаас гадна бусдыг хүч хэрэглэхийг уриалж, мөн эмх замбараагүй байдалд уриалаад зогсохгүй иргэний хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг нийтэд зарлаж байгаа нь ёс зүйн төдийгүй хуулийн ноцтой зөрчил болох талаар gogo.mn тусгай нийтлэл гаргажээ. 

🚨Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар албан тушаалаа ашиглан, төрийн байгууллагын хүн хүч, төсөв, нөөц ашиглан жагсаалыг хууль зөрчин зохион байгуулсан. 🏢Ямартай ч төрийн байгууллагын ажил намын үйл ажиллагаанаас ангид байх ёстой ч хотын иргэдийн төлөө ажиллах ёстой Х.Нямбаатар намын гишүүдээ дагуулаад иргэдийнхээ эсрэг жагслаа. 🔍Том зургаар нь харвал эрх баригч МАН-ын гишүүд өөрсдийг нь сонгосон иргэдийнхээ эсрэг жагссан гэсэн үг. 👉Та нар энэ улсыг удирд гээд эрхийг нь өгчхөөд байхад өөдөөс нь жагсаад байдаг. Хэрэв хотын дарга нь иргэдийнхээ эсрэг жагсаал зохион байгуулсан бол Монголоос өөр ямар ч газар энэ нь түүнийг огцруулах хангалттай шалтгаан болно. Ичиг ичиг.🙈

📊“National Opinion” нийгэм, улс төрийн барометр олон нийтийн санал бодлыг сар бүр хэмжинэ

Энэ удаагийн дугаарт бид “National Opinion” нийгэм, улс төрийн барометр судалгааг онцолж байна.  “National Opinion” судалгаа нь улс төр, нийгмийн хүрээнд өрнөж буй үйл явдал, тулгамдсан асуудлуудад олон нийт ямар байр суурьтай байгааг тогтмол, системтэйгээр хэмжих зорилготой сар бүрийн тогтмол судалгаа юм. 

🔎 Судалгааны тухай

  • Энэхүү судалгааны хүрээнд Улаанбаатар хотын 7 дүүрэг болон орон нутгийн 9 аймгийг хамруулан үндэсний хэмжээний мэдээлэл цуглуулалтыг биечлэн цуглуулсан. 

  • Судалгаанд олон үе шатат, давхраат түүвэрлэлт (Multistage Stratified Sampling)-ийн аргыг ашиглаж нийт 1000 иргэдээс судалгаа авч авч чанарын шаардлага хангасан 912 респондентын мэдээлэлд шинжилгээ хийжээ. 

  • Судалгаагаар олон нийтийн санал бодлыг үндэсний түвшинд төлөөлөхүйц байдлаар хэмжсэн бөгөөд нийгэм, улс төрийн чиг хандлагыг тогтмол ажиглах боломжтой юм.

2026 оны 3 дугаар сарын “National Opinion” судалгааны зарим үр дүнг танилцуулж байна.

Судалгааны бусад үр дүнгүүд болон албан ёсны тайлантай танилцахыг хүсвэл эндээс мэдээлэл авна уу.

📘“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”

👉УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын санаачилсан энэхүү хуулийн төсөл нь сонгуулийн зохион байгуулалт, сонгогчийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд өөрчлөлт оруулахаар зорьжээ.

Төсөлд:

  • 🗳️Сонгуулийн өдөр саналаа өгөх боломжгүй иргэн урьдчилан санал өгөх боломжтой болно

  • 🌍Гадаадад байгаа иргэдийн санал авах зохицуулалтыг уян хатан болгоно

  • 🖥️Сонгуулийн автоматжуулсан системийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд анхаарна

  • 📢 Сонгогчдод мэдээлэл, боловсрол олгох үйл ажиллагааг нэмэгдүүлнэ

👉Өөрөөр хэлбэл, сонгуулийн системийг бүхэлд нь өөрчлөхөөс илүүтэй, сонгогчдын оролцоог нэмэгдүүлж, зохион байгуулалтыг сайжруулахад чиглэжээ. Сонгогчийн оролцоог нэмэгдүүлэх боломжуудыг нээж байгаа ч сонгуулийн итгэлцэл, өрсөлдөөний чанарт нөлөөлөх суурь асуудлууд энэ удаад хөндөгдөөгүй хэвээр байна.

🔗Хуулийн төсөлтэй танилцах бол энд, санал өгөх бол энд дарна уу.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр

Keep reading