⚖️Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Ёс зүйн асуудлаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь ардчилсан парламентын дархлааг устгах аюултай тухай хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлсэн долоо хоног өнгөрлөө. 🗣️Ардчилал байгаа учраас парламентын гишүүдээсээ эхлээд бүгд Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хууль батлагдвал ямар эрсдэл гарч болохыг нээлттэй хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. 🚫Харин ардчилал үгүй бол бид үгээ хэлэх ч эрхгүй болно. Ийм учраас Ардчилсан зарчим, үнэт зүйлээ хамгаалж, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрд талархъя.

Ерөнхийлөгчийн “шунал”

🎖️Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч тухайн улс орныг гадаад, дотоодын үйл ажиллагаанд төлөөлж, парламентын гаргасан хуулийг ёсчлон батлах, бэлгэдлийн утгаар төрийн ёслол, дипломат үйл ажиллагаанд оролцох зэрэг цөөн тооны хязгаарлагдмал эрх дархтай байдаг. ⚖️Харин Монгол Улсад Ерөнхийлөгчийн эрх мэдэл парламентын тогтолцоот улсуудаас илүү бөгөөд хуульд хориг тавих, зэвсэгт хүчнийг командлах, шүүгчийг томилж, зарим хууль хүчний байгууллагын томилгоонд оролцож байна. Иймээс ч зарим судлаачид Монголыг холимог шинжтэй парламентын тогтолцоотой гэж үздэг.

⚠️Гэтэл ийм өөх ч биш, булчирхай ч биш хоёр талт эрх мэдлийн хуваарилалт нь өнөөдрийг хүртэл улс төрийн тогтворгүй байдалд нөлөөлж ирсэн. Одоо бүр ардчилсан парламентын засаглалын дархлааг сулруулж, төрийн эрх мэдэл нэг хүний эсвэл нэг намын хараат байдалд шилжих аюултай нөхцөл байдал руу түлхэх эрсдэл бодитоор тохиолдох боллоо. 👤Тэр тусмаа, хуулийн дагуу намаасаа татгалзах ёстой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх баригч МАН-аар дамжуулан Засгийн газар, УИХ-ын даргын томилгоонд хүртэл нөлөө үзүүлж, улс төрд ил болон далд хэлбэрээр идэвхтэй оролцож буй нь хэн бүхний нүдэнд ил байна.

📌Яг өнөөдөр олны анхаарлын төвд буй Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах буюу УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ард түмнээс сонгогдсон парламентын гишүүнийг ёс зүйн асуудлаар болон жагсаалтын гишүүдийг намынх нь шийдвэрээр эгүүлэн татах заалт оруулсан нь шүүмжлэл дагуулж байна. ❗❗❗Хэрэв энэ хууль батлагдвал гишүүдийг ёс зүйгээр нь шалтаглан буцааж татдаг эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл эхэлнэ. Хэн нэгэнд таалагдахгүй үг, үйлдэл гаргавал шууд буцаан татагдах үндэслэл болно. Улс төрийн зорилгоор УИХ-ы гишүүнийг өдөөн хатгаж ёс зүйгүй үйлдлээр нь шалтаглан буцаан татах эрсдэлтэй. 📉Харин жагсаалтын гишүүд намынхаа заавраар хөдөлж, хэлсэн бүхнийг нь ягштал дагах хэрэгтэй болно. Үгүй бол намын шийдвэрээр эгүүлэн татагдана.

➡️ Энэ бүхэн нь эцэстээ эрх мэдлийн төлөөх тасралтгүй тэмцлийг бий болгож, төрийн эрх барих дээд байгууллага парламентыг тогтворгүй байдал руу хөтөлнө. ❓Тэгвэл хэн хожих вэ? 😨Энэ бүхний ард алдаа гаргах эрхгүй, айдаст автсан төрийн түшээдтэй парламентын засаглалын нэр хүнд улам унаж, Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл, нэр нөлөө тэр хэрээр өсөх нь тодорхой. 🚨Замбараагүй байдал газар авахын хэрээр Монгол Улс нэг намын хараат байдалд эсвэл нэг хүний дарангуйлалд шилжиж, ардчилсан парламентаа устгах аюул ойртоно гэсэн үг.

🚫Ийм учраас ардчиллын “аюул“ болж буй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, цаашид улс төрийн тогтворгүй байдал руу хөтөлдөг хууль эрх зүйн тээг, саадаа арилгах зайлшгүй шаардлага парламентын өмнө бий болжээ. 🛑Хамгийн эхний алхам бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй буцаах. Үүнийг хийж чадахгүй бол ардчиллын дархлаагаа алдах аюултай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “нэг хүний тогтолцоог дэмжихгүй, парламентын тогтолцоог дэмждэг“, миний итгэл үнэмшил гэж удаа дараа мэдэгдэж байсан. Бид ерөнхийлөгчдөө итгэхийг хүсэж байна. Гэвч түүнд итгэх итгэлийг түүний өөрийнх нь энэ мэт үйлдлүүд үгүйсгэсээр байна. ⁉️

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

Улс төр

  • 📅Ардчилсан намын бүлгийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийн санал хураалтыг энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл хойшлууллаа. (Өрөг)

  • 👥Ардчилсан нам ХVIII их хурлаа зохион байгуулж, үндэсний бодлогын хорооны 378 гишүүн болон улс төрийн зөвлөлийн гишүүдээ сонголоо. Харин намын дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг нэг сарын хугацаатай буюу Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулав. (Ардчилсан нам)

  • 🛑Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо. (News)

  • 📊Татварын хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо (UIH.mn)

  • 💰Өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. (gogo)

Бодлого

  • 📉Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа.

  • 📑Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө.

  • 🏗️Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

  • 🌨️Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

УИХ-ын гишүүнийг огт эргүүлэн татаж болдоггүй, дархлагдсан хүмүүс гэвэл худал. Өнгөрсөн хугацаанд Д.Бямбасүрэн, У.Хүрэлсүх, Д.Гантулга, Д.Сумъяабазар, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар гэсэн зургаан хүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байсан. 📌Харин ерөнхий прокурорын саналаар 16 хүнийг түдгэлзүүлэх санал оруулж ирснийг УИХ хэлэлцээд 10 хүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун, Н.Номтойбаяр, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг түдгэлзүүлсэн байдаг. ⚖️Энэ гишүүдийн хувьд гэмт хэрэгт холбогдсон эсвэл шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

  1. 🧍‍♂️Д.Энхбаатар: 1998 онд “Казино”-гийн гэх авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс ял шийтгэгдсэн. Иймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

  2. 🧍‍♂️Д.Баттулга: 1998 онд “Казино”-гийн хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүхийн шийдвэр гарсны дараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн.

  3. 🧍‍♂️С.Батчулуун: Мөн “Казино”-гийн гэх авлигын хэрэгт холбогдож, 1998 онд ял авсан тул УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн.

  4. 🧍‍♂️Н.Номтойбаяр: Албан тушаалын хэрэгт буруутгагдаж, 2020 онд шүүхээс ял авсан тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн.

  5. 🧍‍♂️Т.Аюурсайхан: Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шүүхээс 2024 онд ял авсан тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн.

  6. 🧍‍♂️Д.Бат-Эрдэнэ: Нүүрсний хулгай хэрэгт холбогдсон тул 2023 онд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн.

34 гишүүн ирцээрээ эгүүлэн татагдах “болзол” хангажээ.
📍Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төсөлд УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ. 📉Өнгөрсөн намрын чуулганы ирцээс харахад 34 гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг босгыг давж чадалгүй бүдэрч байна. Чөлөөтэй, тасалсан тохиолдлыг хасаад чуулганд өөрийн биеэр ирж оролцсон тоогоор тооцоход дараах гишүүд сүүл мушгиж байна. ➡️

Ирцийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

🟡Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн ёс зүйн асуудал маргаан дагуулж буй энэ өдрүүдэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд чуулганы танхимд хандлага, ёс зүйн хувьд зохимжгүй үг, үйлдэл гаргаж буй нь шүүмжлэл дагуулж байна. 📌Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэвлэлд ярилцлага өгөх үедээ “Ерөнхийлөгч хоёр шалтгаанаар энэ хуулийг санаачилсан. Нэгт ард иргэд олонхоороо сонгодог учраас ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч парламентад хяналт тавих бүрэн эрхтэй” гэж мэдээлснийг нягтлахад худал мэдээлэл байна.

Үндсэн хуулийн зарчмаар Ерөнхийлөгч нь парламентын дээрх хяналтын байгууллага биш. Тодруулбал, Ерөнхийлөгч нь хуульд хориг тавих, санаачлах, зарим албан тушаалтныг томилох эрхтэй ч УИХ-ын үйл ажиллагаанд “шууд хяналт тавих” эрх байхгүй. УИХ бол ард түмнээс сонгогдсон тусдаа, бие даасан байгууллага тул Ерөнхийлөгч УИХ-д хяналт тавих эрхтэй гэдэг нь худал мэдээлэл юм.

Алгоритмаас илүү аюултай зүйл бол таны өөрийн сонголт: Интернэт дэх Echo Chamber

Өмнөх дугаартаа бид алгоритм биднийг хэрхэн Filter Bubble-д түгждэгийг үзсэн. Тэгвэл энэ удаа технологиос ч илүү аюултай, бидний өөрсдийн бүтээдэг Echo Chamber буюу "Цуурайтдаг өрөө"-ний тухай ярилцъя.

Ялгаа нь юу вэ?

  • Filter Bubble (Алгоритм): Фэйсбүүк, ТикТок таны лайк дээр үндэслэн танд таалагдах мэдээллийг "нууцаар" шүүж өгдөг. Энэ бол технологийн хаалт.

  • Echo Chamber (Таны сонголт): Та өөрөө өөртэйгөө санал нийлэхгүй хүмүүсийг "unfollow" хийж, зөвхөн өөрийнхөө зөв гэдгийг батлах мэдээллийг хайх үйлдэл. Энэ бол сэтгэл зүйн хаалт.

Интернэт биднийг яаж өөрчлөв?

Бодит амьдрал дээр бид өөр үзэлтэй хамаатан, хамт олныхоо яриаг сонсохоос өөр аргагүй байдаг. Харин сошиал медиа бидэнд "таагүй бүхнийг ганц товчлуураар алга болгочих" супер хүчийг өгсөн. Үр дүнд нь таны ертөнцөд зөвхөн таны л дуу хоолой цуурайтаж, шүүмжлэлт сэтгэлгээ үгүй болж, нийгмийн талцал гүнзгийрдэг.

Хамгийн сонирхолтой нь алгоритм биш, бид өөрсдөө энэ орчныг улам бататгадаг. Алгоритм Filter Bubble-ийг үүсгэдэг бол бидний сонголт Echo Chamber-ийг бий болгож, хоёулаа нийлээд мэдээллийн хаалттай ертөнцийг бүрдүүлдэг.

Тиймээс Echo Chamber-оос гарах хамгийн энгийн алхам бол өөр үзэл бодолтой хүмүүсийг дагах, өөр төрлийн эх сурвалж унших, мөн “Миний буруу байж магадгүй шүү” гэж бодож сурах юм. Дараагийн удаа таны үзэл бодолтой санал нийлэхгүй пост харагдвал шууд unfollow хийхийн оронд нэг удаа уншаад үзээрэй. Магадгүй таны ертөнц арай илүү өргөн болох ч юм билүү.

📊“National Opinion” нийгэм, улс төрийн барометр олон нийтийн санал бодлыг сар бүр хэмжинэ

Энэ удаагийн дугаарт бид “National Opinion” нийгэм, улс төрийн барометр судалгааг онцолж байна.  “National Opinion” судалгаа нь улс төр, нийгмийн хүрээнд өрнөж буй үйл явдал, тулгамдсан асуудлуудад олон нийт ямар байр суурьтай байгааг тогтмол, системтэйгээр хэмжих зорилготой сар бүрийн тогтмол судалгаа юм. 

🔎 Судалгааны тухай

  • Энэхүү судалгааны хүрээнд Улаанбаатар хотын 7 дүүрэг болон орон нутгийн 9 аймгийг хамруулсан 1000 түүвэртэй, үндэсний хэмжээний судалгаа юм.  

  • Судалгаагаар нь олон нийтийн санал бодлыг үндэсний түвшинд төлөөлөхүйц байдлаар хэмжсэн бөгөөд нийгэм, улс төрийн чиг хандлагыг тогтмол ажиглах боломжтой юм.

📑Судалгааны үр дүн

Энэхүү дугаарт бид 2026 оны 3 дугаар сарын “National Opinion” судалгааны зарим үр дүнг танилцуулж байна.

Судалгааны бусад үр дүнгүүд болон албан ёсны тайлантай танилцахыг хүсвэл эндээс мэдээлэл авна уу 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөлтэй холбогдуулан засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд хамтарсан мэдэгдэл гаргаж, уг хуулийн төслийг хэлэлцэхгүйгээр хууль санаачлагчид буцаахыг нийт гишүүдэд уриалжээ.

📘 Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”

👉 Энэхүү хуулийн төслөөр хахууль өгсөн этгээдийн хариуцлагатай холбоотой одоогийн зохицуулалтыг өөрчилж, авлигын гэмт хэргийг илрүүлэхэд чиглэсэн өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Төсөлд:

  • ⚖️ Хахууль өгсөн этгээд өөрийн үйлдлээ нэг сарын дотор сайн дураараа илчилбэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө

  • 🚫 Харин урьдчилан төлөвлөж, санаатайгаар хахууль өгсөн бол чөлөөлөхгүй

👉 Өөрөөр хэлбэл, авлига өгсөн хүн өөрөө илчилдэг механизмыг идэвхжүүлж,
авлигын хэргийг илрүүлэхийг хялбарчлах чиглэлд өөрчлөлт хийж байна.

Авлигыг илрүүлэхийн тулд хахууль өгсөн хүнийг “хамтрагч” болгох энэ шийдэл нь илрүүлэлтийг нэмэх боломжтой ч нөгөө талдаа хариуцлагын ойлголтыг өөрөөр хэмжих шинэ нөхцөл бий болгож байна.

🔗 Хуулийн төсөлтэй танилцах бол энд, санал өгөх бол энд дарна уу.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр

Keep reading