📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Улсын их хурлын гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ил тодоор харуулсан долоо хоног өнгөрлөө. Ардчилсан парламентынхаа дархлааны эсрэг санал өгсөн 57 гишүүн улс төрийн ашиг сонирхол юунаас ч илүү хүчтэй гэдгийг харуулав.Парламент дахь өөрсдийн төлөөллөөс парламентаа хамгаалахаар тэмцэнэ гэдэг мөн ч шоглоомтой хэрэг шүү.🤔 Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.

Өнөөдрийн дугаар олон мянган шинэ хэрэглэгчдэд хүрч байгааг дуулгахад таатай байна. UIH.mn талбарын нийтийн өргөдөлд нэгдсэн шинэхэн хэрэглэгчид манай “Newsletter” -т тавтай морилно уу. Бид та бүхэнд чанартай мэдээллийг тоймлон хүргэж, хараат бус, нийтийн эрх ашгийн төлөөх медиа байхыг үргэлж хичээх болно. 🤩

“Дагаар орсон” гишүүд

⚖️Ёс зүйн асуудлаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь ардчилсан парламентын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, засаглалын тогтворгүй байдалд хүргэнэ гэдгийг долоо хоногийн турш ярьж хэлэлцсэн ч эцэст нь УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэхийг дэмжлээ. ❗Үзэл бодол, зарчим, байр суурь гэхээс илүү УИХ-ын гишүүдийн ашиг сонирхол, хэн нэгэнд ая тал засаж, аялдан дагалдсан туйлбаргүй байдал нь ийм үр дүнд хүргэв.

УИХ-ын даргын зүтгэл

📌Ардчилсан парламентыг цээжээрээ хамгаалах ёстой шинэхэн УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгчийн хуулийг дэмжих ёстой гэсэн байр суурь илэрхийлж, өөрөө ч дэмжсэн санал өгөв. Анх УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд эрс шүүмжилж, хуулийн төслийг  хэлэлцэхгүй байж мэдэх уур амьсгал нэгэнт бүрдсэн. 🕒Энэ үед УИХ-ын дарга санан хураалтыг маргааш нь буюу тав дахь өдрийн өглөө хийнэ гэж зарлав. ⏳Харин тав дахь өдөр нь АН-ын бүлэг ажлын нэг өдрийн завсарлага авснаар асуудал долоо хоногоор сунжирсан. Энэ нь Ерөнхийлөгчид хуулийн төслөө босгох боломжийг олгов.

Засгийн газрын гишүүд Ерөнхийлөгчийн талд

Санал хураалтад 101 гишүүн оролцсоноос 57 хүн дэмжсэн. ХҮН намын Б.Найдалаа, Үндэсний эвслийн тэргүүн, Шадар сайд Н.Номтойбаяраас бусад хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүд бүгд Ерөнхийлөгчийн хуулийг дэмжсэн байна. ⚠️Энэ нь шинэ Засгийн газар бүрдэхэд эрх баригч намд Ерөнхийлөгчийн нөлөө хэр байсныг илтгэнэ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар нэгдсэн хуралдааныг шалтгаангүй тасалсан байна. Мөн ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд томилолтоор явсан байв.✈️

АН-ын хоёр одтой шийдвэр

🟦Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй гэх шийдвэр гаргасан. Ингэхдээ гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болох эрх нь нээлттэй гэх хэлбэр буюу хоёр одтой шийдвэр гаргалаа гэж мэдээлсэн. Гэтэл яг үнэндээ АН-ын олонх нь хуулийг төслийг дэмжсэн нь анхаарал татаж байна. Хуралдаанд оролцсон 33 гишүүнийх нь 19 нь дэмжиж, 14 нь татгалзжээ. Үүнээс харахад бүлгийн шийдвэр нь АН доторх олонхын шийдвэр биш, харин бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй цөөнхийн хүсэл байсан бололтой. ⭐Хоёр одоор халхавчилсан, хоёр талд тал алдахгүй шийдвэр гэдэг нь энэ аж. Дайран дээр нь давс гэгчээр Иргэний Зориг Ногоон намын хагарал мөн адил шийдвэрт нөлөөлөв. ИЗНН-ын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Нарантуяа нар хуулийн төслийг дэмжихээс татгалзсан бол нөгөө талд өөрийгөө намын даргаар өргөмжлөөд амжсан УИХ-ын гишүүн Р.Батболд, С.Замира нар дэмжив. Ойрхон гарсан санал хураалтын дүнд хоёр хүний санал үнэ цэнтэй байх нь гарцаагүй.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

Улс төр

  • 🚀Хотын дарга Х.Нямбаатарыг огруулахыг шаардсан өргөдөлд 40’000 хүн нэгдлээ (uih.mn)

  • ⚖️Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. (gogo)

  • 🗣Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголд хэн ч хаан болохгүй, хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэхгүй” гэж мэдэгдэв. (president.mn)

  • 👥УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноолоо. (ergelt)

  • 🟦С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. (Ikon)

  • 🚨Д.Тогтохсүрэнгийн хэргийг шалгах явцад хахуулийн 250 сая төгрөг хураан авчээ. (АТГ)

Бодлого

  • 📌Найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй гэж Засгийн газраас мэдээллээ. (Засгийн газар)

  • 🔒Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. (News)

  • 💰АМНАТ-ийн орон нутагт үлдэх хувийг 1,5-2 дахин нэмэгдүүлнэ. (Eagle)

  • 🏢ИТХ-ын төлөөлөгчдийн “50 хувь” нь төрийн захиргааны албан хаагч байж болох гэснийг “30 хувь” гэж бууруулах саналын томьёоллыг дэмжиж шийдвэрлэлээ. (UIH.mn)

“Хотула” апликэйшн хууль зөрчиж байна

🏙 Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хагас кокс болон хийн түлш борлуулах зорилготой “Хотула” апликэйшнээр дамжуулан ногоон оноо өгнө гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. ⚖️Гэвч энэ нь иргэдийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй тул Хүний эрхийн үндэсний комиссоос шалгалтын ажиллагаа явуулж, дараах дүгнэлтийг гаргасан байна.

  1. Хувийн мэдээллийн хязгаарыг давсан. Үндсэн зорилгоосоо хэт өргөн хүрээтэй хувийн мэдээлэл цуглуулсан.

  2. Гуравдагч этгээдэд дамжуулна. Иргэдийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дахин зөвшөөрөлгүй дамжуулах боломжийг олгосон.

  3. Мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй. Аюулгүй байдлыг хангахад чиглэсэн техник, аюулгүй байдлын хамгаалалт, үнэлгээ зэрэг нотлох баримт ирүүлээгүй.

  1. Байршлын мэдээлэл бүртгэсэн. Иргэдийн амьдралын хэв маяг, зан үйлийн мэдээллийг бүртгэн хууль зөрчсөн.

  2. Ногоон онооны” эрсдэлийг тооцоолоогүй. Ногоон оноог нийгмийн онооны систем болгон өргөжүүлж, иргэдийг ялгаварлан гадуурхах, тэгш бус байдлыг бий болгох эрсдэлээс хэрхэн хамгаалах нь тодорхойгүй.

📭Шалгалтын үеэр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ХЭҮК-т бүрэн дүүрэн хариу ирүүлээгүй, сонсох ажиллагаанд оролцоогүй. Иймээс хүний эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, эрсдэлээс бүрэн урьдчилан сэргийлсэн болохыг ХЭҮК-т нотлох хүртэл Хотула апликэйшнийг хаах 30 хоногийн хугацаатай шаардлагыг Хотын даргад хүргүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

📢 УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хууль тогтоох ажиллагаанд Улсын их хурлын гишүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байна. Хууль санаачлагч Х.Баасанжаргалтай хийсэн ярилцлагын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

📌 Монгол Улсын их хурлын тухай хуульд дараах заалтуудыг нэмэхээр тусгажээ.

  • 🔍38.4 - УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын талаарх доорх мэдээллийг Улсын Их Хурлын цахим хуудаст нээлттэй байршуулна:

  • 🔍38.4.1 - УИХ-ын гишүүний Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасны дагуу гаргасан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг;

  • 🔍38.4.2 - Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.10, 10.11-т заасны дагуу гишүүний гаргасан мэдэгдэл.

🎯Ерөнхийлөгч ямар бүрэн эрхтэй вэ?

➡️ Монгол Улс ардчилсан, парламентын засаглалтай улс бөгөөд төрийн эрх мэдлийн төв нь Монгол Улсын Их Хурал юм. Харин Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн бөгөөд “ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэж Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон. Энэ нь ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын шууд удирдагч биш, харин бэлгэдлийн болон тодорхой хязгаарлагдмал эрх бүхий институц гэсэн үг.

🎯Тэгвэл Ерөнхийлөгч юу хийж чадах вэ?

➡️Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд дараах үндсэн бүрэн эрхүүдийг заасан:

  • Хууль санаачлах, Батлагдсан хуульд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хориг тавих, Зарим албан тушаалтныг томилох, Цэргийн дээд цол олгох, төрийн одон медаль гардуулах, Уучлал үзүүлэх, Монгол Улсыг гадаад харилцаанд төлөөлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх

➡️ Эдгээр нь бодит эрх мэдэл мөн боловч ихэнх нь “хамтын шийдвэр” (жишээ нь УИХ-аар батлуулах, зөвшилцөх) шаарддаг.

🎯 Гол “онцлог” нь юу вэ?

➡️ Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй ч энэ нь хязгаарлагдмал. УИХ-ын тухай хууль-ийн 36.3-т зааснаар Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн 33.4-ийг баримталж, өөртөө нэмэлт эрх мэдэл бий болгох зорилготой хууль санаачлахыг хориглодог.

➡️ Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хууль санаачлагч боловч эрх мэдлээ тэлэх субъект биш

🎯 Ерөнхийлөгч бол “шийдвэр гаргагч төв” биш, харин тэнцвэржүүлэгч, бэлгэдэл, тодорхой нөхцөлд нөлөөлөгч институц юм. Ерөнхийлөгч төр болоод ард түмэндээ шударга ёс, эв нэгдлийг үлгэрлэж, тэнцвэрийг сахиулж ард түмнийхээ итгэл хүндлэлийг өргөх нь түүний Монгол үндэстний өмнө хүлээсэн дээд үүрэг.

➡️ Иймд Ерөнхийлөгчийн жинхэнэ нөлөө нь өргөн эрх мэдэлд бус, харин Үндсэн хуулийн хүрээнд институц хоорондын тэнцвэрийг хадгалах, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд оршдог.

Эрчим хүчний салбарын ажилчдын цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал олон нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл 2025 онд Удирдлагын академийн судалгааны баг “Цахилгаан эрчим хүчний үнийн шийдвэрт оролцогч талуудын эрх мэдэл, нөлөөллийн шинжилгээ”-г хийжээ. 

🚨Цахилгааны үнэ яагаад “улс төрийн” сэдэв болов?

2024 онд цахилгааны тарифыг өртөгт нь ойртуулах шийдвэр гарсан ч энэ нь иргэдийн эсэргүүцэл, гомдлыг өдөөж Засгийн газрын түвшинд маргаан дагуулсан. Хууль ёсоор хараат бус байх ёстой зохицуулагчийн шийдвэр улс төрийн нөлөөнд автдаг байдал ил тод болов.

  • 🔥2024 онд нийт хэрэглээний 62.9%-ийг  ДЦС-IV дангаараа нийлүүлж байна.

  • 🪫Мөн онд манай улс 11.6 тэрбум кВт.ц цахилгаан хэрэглэсний дөрөвний нэгийг импортоор авчээ.

  • 💸Импортын төлбөр 197.8 сая ам.долларт хүрсэн байна.

✏️Бодит өртөг vs хэрэглэгчийн төлбөр

Цахилгааны бодит өртөг 280₮/кВт.ц байхад айл өрхүүд олон жил 140₮ орчим төлсөөр ирсэн. Үүний үр дүнд:

  • Холбогдох салбарууд жил бүр 355 тэрбум төгрөгийн алдагдалтай

  • Хуримтлагдсан өр 357 тэрбум төгрөг давжээ

📝Шинэ шаталсан тариф:

  1. Эхний 150 кВт.ц - 175₮

  2. 150–300 кВт.ц - 256₮

  3. 300-аас дээш - 285₮  Ийнхүү тариф 30–50% өссөнөөр айл өрхүүдийн 92.5%, ААН-үүдийн 96.2% нь санхүүгийн дарамт мэдэрч байгаагаа илэрхийлжээ.

📝Эрчим хүчний тарифыг албан ёсоор “Эрчим хүчний зохицуулах хороо” шийдэх ёстой ч бодит байдал дээр цахилгааны үнэ ямар байхад улс төрчид, Засгийн газрын байр суурь, олон нийтийн эсэргүүцэл шийдвэрт хүчтэй нөлөөлдөг байна. Тиймээс эрчим хүчний хараат бус зохицуулалт сул байна.

Судалгааны бусад үр дүнгүүд болон албан ёсны тайлантай танилцахыг хүсвэл эндээс мэдээлэл авна уу.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:

👉 Энэ хуулийн төслөөр төрийн өмчит үйлдвэрийн газрын эрх зүйн хэлбэрийг өөрчилж, компанийн хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ. Тухайлбал,

  • 🏭“төрийн өмчит үйлдвэрийн газар” гэснийг “төрийн өмчит компани” гэж өөрчилнө

  • ⏱️Төрийн өмчит үйлдвэрийн газрыг 45 хоногийн дотор компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ

  • 🏛️Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг 60 хоногийн дотор компани, эсхүл хуульд заасан бусад хэлбэрээр өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах асуудлыг тухайн шатны ИТХ шийдвэрлэнэ

  • 1991 оны “Засгийн газарт эрх олгох тухай” хуулийг хүчингүй болгож, төр дур мэдэн бүрэн эрхт төлөөлөгч томилох практикийг зогсооно

Төрийн өмчит байгууллагын хэлбэрийг өөрчлөх нь засаглалыг сайжруулах нэг алхам боловч бодит өөрчлөлт нь компанийн хэлбэрээс илүү удирдлагын хараат бус байдал, хариуцлагын тогтолцоонд хэрхэн хэрэгжихээс шалтгаална.

🔗Хуулийн төсөлтэй танилцах бол энд, санал өгөх бол энд дарна уу.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр

Keep reading