📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Яг долоо хоногийн өмнө Туулын хурдны замын төслийг үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдэгдсэн. Харин хоёр хоногийн дараа Ерөнхий сайд нь Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал зогсоохоор шийдвэрлэв. 🏗Танхимын сайд, Ерөнхий сайд хоёр хоорондоо хоёр хоногийн зайтай эсрэг шийдвэр гаргасан нь Туулын хурдны замын асуудал улс төрийн хайчинд орсныг илтгэнэ. Цаашид Туулын хурдны замын асуудал эрх баригчдын улс төрийн тэмцлийн бас нэгэн сэдэв болох нь ээ.
Туул тулааны тайз уу?
Ерөнхий сайд Н.Учрал Туулын хурдны замын төслийг зогсоолоо. ⚖️Хууль хяналтын байгууллага шалгаж дуустал зогсооно гэсэн түүний мэдэгдэл гэнэтийн байв. Өмнө нь энэ тухай огт байр суурь илэрхийлээгүй байсан Ерөнхий сайд гэнэт ийм шийдвэр гаргасан нь удаан хугацаанд энэ төслийг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан Хатан туулаа аваръя хөдөлгөөнийхөнд ялалтын мэдээ байв. 🏙Харин Хотын дарга Х.Нямбаатарт бол эсрэгээрээ. Түүний хувьд Ерөнхий сайд төслийг зогсоосон албан ёсны тогтоолоо гаргах ёстой. Туулын хурдны замыг зогсоосон хүмүүсээс алданги, хохирол нэхэмжлэх үе шат ирэх байх гэж хариу мэдэгдэл хийв. ❗Ер нь бол зүгээр өнгөрөөхгүй гэдгээ илэрхийлсэн гэхэд болно.
💧Ямартай ч Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын хурдны замын төсөл зогслоо. 🔥Гэхдээ энэ замын төсөлтэй холбоотой улс төржилт дөнгөж эхэлж байна. Эрх баригч МАН-ын дотоод хагарал, тэмцэл нь одоо энэ төсөл дээр өрнөх нь тодорхой боллоо. 🧩Урьд өмнө нь байгаагүй их эрх дархтай хотын дарга Х.Нямбаатар, шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал нарын тэмцэлд Туулын хурдны замын төсөл тулааны тайзын үүрэг гүйцэтгэнэ. 📊Ер нь энэ төслийн хувь заяа хаашаа эргэхээс МАН-ын дотоод хагарал яаж дуусахыг харж болох биз ээ.

💰Одоогоор төслийн урьдчилгаанд өгсөн 500 тэрбум төгрөгийн асуудал анхаарал татаж байна. Энэ мөнгийг тодорхой ажлын даалгавар гүйцэтгээгүй байхад, банкны баталгаагүй, даатгалын бичгээр шилжүүлсэн гэж УИХ-ын гишүүд шүүмжилж эхэлсэн. 🏙Харин хотын дарга гэрээнийхээ дагуу компанийн банкны баталгаа болон олон улсын давхар даатгалын дагуу шилжүүлсэн гэж мэдэгдээд байна.
🔍Энэ мэтээр Туулын хурдны замын санхүүжилт, тендерт шалгарсан компаниуд, тэдний ашиг сонирхлын зөрчил, нийслэлийн удирдлагуудын асуудал гээд энэ хаврын улс төржилт, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль, дараа нь болох УИХ-ын сонгууль гээд үеийн үед яригдах, сөхөгдөх бие биенээ буруутгах, шүүмжлэх бас нэгэн дуусдаггүй сэдэвтэй болох нь ээ. 🔥

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
🏛Улс төр
📰Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Казахстан улсад айлчиллаа. (UIH.mn)
🌹Ардчилсан намынхан С.Зориг агсны мэндэлсэн өдөр хөшөөнд нь цэцэг өргөлөө. (gogo)
🏗Даваа гарагт БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдын замын төслийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв. (Өрөг)
⚖️Ардчилсан намын бүлгээс “Туулын хурдны зам” төслийн ажлыг бүрмөсөн зогсоож, байгаль орчин, эдийн засгаа тууштай хамгаалахыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардав. (News)
⛔Лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замыг зогсоох шийдвэр гаргалаа. (MNB)
🔥Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн гэрийг ЭЦА-наас нэгжиж байна. (Ubn)
📊Бодлого
⛽ОХУ түлш, шатахууны үнэ өсөхгүй, тогтвортой нийлүүлэхээр болсон гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэв. (UBn)
📜БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. (Parliament)
🕊Амьгүй донорын ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин их оршуулгын тэтгэмж олгоно. (Оройн тойм)
👩🏫Багш нарын нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо. (Засгийн газар)

Та хараат бус хэвлэлийг санхүүжүүлж, тогтмол бага дүнгээр хандив өгөх боломжтой юу?

📢Туулын хурдны замын төсөл зогсохтой зэрэгцэн хотын дарга Х.Нямбаатарын охины нохойн тансаг хоол болон хотын даргын орлогч Т.Даваадалай, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нар нийслэлээс тендер авсан гэх асуудал олны анхаарлын төвд орлоо.

🐶Хотын дарга Х.Нямбаатарын охин Н.Мишээлийн нохой улс дамжин аялж, үнэтэй хоол иддэг гэх мэдээлэл цахим орчинд тарлаа. Тодруулбал, Гэнсэй нэртэй нохой нь стэйк идэж, пиво уунгаа байн байн аялж буй бичлэг, зураг гарч ирсэн нь иргэдийн эгдүүцлийг төрүүлж байна. ⚖️ Харин хотын дарга Х.Нямбаатар одоо үр хүүхдүүдийг минь оролдож байна. Миний охин хар нялхаасаа нохой тэжээсэн. Гадаад руу онгоцоор нисдэг гэсэн байна. Тэнд өөрөө сурдаг болохоор машин тэрэг хөлслөөд явсан байх. Миний охин одоохондоо жаахан эрүүл мэндийн асуудалтай байгаа гэж хариу мэдэгдэв.
🏢Хотын даргын орлогч Т.Даваадалайгийн хөрөнгө орлогын мэдүүлэгт Анка урбан инженеринг энд дизайн ХХК бүртгэлтэй байна. Харин тус компани нь 2025 оны 12-р сард Авангард уран дизайн энд инженеринг болж нэр нь өөрчлөгдсөн бөгөөд дүү Т.Мөнхдалайгийнхаа удирдаж буй Улаанбаатар метро төслийн тендерт оролцож байна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдав. 📊Анка урбан инженеринг энд дизайн ХХК-ийг анх 2021 онд Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяа үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад одоо хасагдсан байна. Мөн Б.Анхтуяагийн ажилладаг БНХАУ-ын “ШУА-ийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” нь НЗДТГ-аас зарласан "Шинэ тойрог зам" төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах тендер авсан гэх мэдээлэл гарлаа. ❗Энэ тухай Хотын орлогч дарга Т.Даваадалай “Миний эхнэр улсаас 20 тэрбумын тендер аваагүй. Нэр хүндээ сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандана” гэж мэдэгдээд байна.
🏗НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар өөрийн хувь эзэмшдэг “Професионалстрой” ХХК-иараа дамжуулан “Сэлбэ дэд төв“-ийн орон сууцны цогцолбор хорооллын 197 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт шалгарчээ. Авлигатай тэмцэх газраас түүний гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна. Хотын даргын ойрын хүн гэж яригддаг Б.Сэргэлэнбаатар нь өмнө нь Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо НИТХ-ын төлөөлөгч болсон нэгэн. 🚨Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгч хүн иргэдийн дуу хоолой болж ажиллахын оронд өөрөө тендер аваад сууж байгаа нь тэд улаан цагаандаа гарсны шинж ээ. Аяа бас ичиг ичиг.

У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн 32 жилийн өмнөх ярилцлагыг хүлээн авна уу. (Үнэн сонин 1994.06.07 №39)
Уламжлалгүй шинэчлэл ирээдүйгүй
УИХ дахь МАХН-ын бүлгийн улс төрийн ажилтан У.ХҮРЭЛСҮХ:
1989 онд ЦНДС-ийн улс төрийн ангийг төгссөн. 26 настай. Улс төр судлаач мэргэжилтэй. Одоо МУИС-ийн хуулийн ангид суралцахын зэрэгцээ ажиллаж байна.

МАХН ардын хувьсгалын ялалтыг бататгаж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж чадсан, монгол орноо дэлхийн дэвшил хөгжилд зохих өндөрлөгт хүргэсэн гавьяатай нам. Энэ намын гишүүнд элсэж, удирдах аппаратад нь ажиллаж байгаадаа бахархаж явдаг. Намын залуу ажилтан надад ахмад туршлагатай нөхөд тухайлбал Чагнаадорж, Дашням зэрэг хүн ахын ёсоор, багшийн сэтгэлээр тусалж дэмжиж байдагт нь би их баярладаг. Ахмад үеийн туршлага сургамжаас суралцахгүйгээр урагшаа алхахад хэцүү.
Ер нь уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй нь мэдээж. Хэрвээ байдаг гэвэл ирээдүй үе өнөө үеийг үгүйсгэх нь гарцаагүй. Энэ бол дэвшил биш ухралт, эмгэнэлт явдал мөн. Зарим хүн МАХН-ыг хөгшин нам гэж ярьдаг нь худлаа. Нам өдрөөс өдөрт залуужиж, эрүүл саруул болж байна. Баримт нь гэвэл манай намд 1990, 1992 оны үед хоёр удаа өөрөө цэвэрших үйл явц явагдлаа. Намд наалдагчид хоёр нүүртнүүд өөрсдөө намаас гарч одов. Жинхэнэ намаа гэсэн сэтгэл зүрхтэй гишүүд нь үлдэж нам эрүүлжив. Ярилцлагын үргэлжлэлийг эндээс үзнэ үү.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хуулийн этгээдийг шалгах, таслан сэргийлэх арга хэмжээ авах үйл явцыг тодорхой болгох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад байна. ➡️ 💰Аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж шалгах нь цаг хугацаа болон эдийн засгийн асар их хохирол дагуулдаг. Энэ тухай хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Энхүвшинтэй ярилцсаныг эндээс үзнэ үү.

📢Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, таслан сэргийлэх арга хэмжээ авснаар дараах сөрөг үр дагаврууд гарч байна.
🏭 Үйлдвэрлэл, үйлчилгээ тасалдах, орлого олох эх үүсвэр бүрэн хаагдах;
🍎 Түргэн муудах бүтээгдэхүүн чанараа алдах, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах;
👷 Ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, тэдний өрхийн орлогод сөрөг нөлөө
үзүүлэх;💸 Хуулиар хүлээсэн татвар, шимтгэлээ төлж, үүргээ биелүүлэх боломжгүй болох:
🏦 Зээлийн эргэн төлөлт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа доголдож,
санхүүгийн нэр хүнд буурах:
🏛️ Улсын Их Хурлын үйл ажиллагааны долоо хоног ямар байдаг вэ?
Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь зөвхөн зурагтаар гардаг нэгдсэн хуралдаанаар хязгаарлагддаггүй. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Даваагаас Баасан гараг хүртэлх хугацаанд хууль тогтоох үйл ажиллагаа дараах дарааллаар өрнөдөг.
📅 Долоо хоногийн хуваарь

⏰ Хуралдааны цагийн стандарт
Хуульд зааснаар хуралдаан эхлэх, дуусах цагийг чанд мөрддөг:
Эхлэх цаг: 10:00
Завсарлага: 13:00 - 14:00
Дуусах цаг: 18:00 (Шаардлагатай бол гишүүдийн олонхын саналаар цагийг сунгаж болно).
🔍 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хаанаас харах вэ?
Иргэд хууль тогтоох үйл ажиллагааг шууд хянах, тухайн өдөр аль Байнгын хороо хуралдах болон нэгдсэн хуралдаанаар ямар хууль хэлэлцэхийг мэдэх бүрэн боломжтой.
parliament.mn цахим хуудасны "Улсын Их Хурлын Үйл Ажиллагаа" цэсээр дамжуулан харах боломжтой.
Хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс долоо хоног бүрийн Баасан гарагт урьдчилан баталдаг.
Энэхүү хуваарь нь чуулганы нээлттэй байх хугацаанд (хавар, намар) мөрдөгддөг бөгөөд шаардлагатай тохиолдолд Ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг.

Хамгийн “муу” ирцтэй сонгууль - Орон нутгийн сонгууль
Олон жилийн дата болон судалгааны дүнгээс харахад бүх түвшний сонгуулийн ирц буурсан бөгөөд орон нутгийн сонгуулийн ирц УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиас тогтмол бага байсаар иржээ. Яагаад?
🔹 Мэдлэг, мэдээллийн дутмаг байдал
Сонгогчид ОНС-ийн ач холбогдол, орон нутгийн засаглалын бүтэц, үүргийн талаар ойлголт сул байна. Үүний улмаас ОНС-ийг “ач холбогдол багатай” гэж үзэх хандлага ажиглагддаг.
🔹 Сонгуулийн давтамж ба сонгогч залхах үзэгдэл
Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулийн дараахан дахин санал өгөх шаардлага үүсдэг нь иргэдийн идэвхийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл манай сонгогчид гурав дараалсан сонгуульд санал өгөхөөс залхдаг.
🔹 Сурталчилгаа бага, олон нийтийн анхаарал сул
СЕХ, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд ихэвчлэн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрдөг нь ОНС-ийн сонгогчийн оролцоонд нөлөөлдөг.
🔹 Хамгийн гол бэрхшээл шилжилт хөдөлгөөн
2022 оны судалгаагаар ОНС-д оролцоогүй иргэдийн 30% нь шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалж санал өгч чадаагүй гэж хариулсан. Намрын хичээл сургууль, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй давхацдаг байна.

Судалгааны эмхэтгэлтэй танилцах бол энд дарна уу
“Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”
Энэ хуулийн төслөөр банкны салбарт гадаадын оролцоог нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг өөрчлөх, банкны засаглалтай холбоотой зарим зохицуулалтыг шинэчлэхээр тусгажээ.
Төсөлд:
🏦Гадаадын банк Монголд салбар, төлөөлөгчийн газар байгуулах, цаашлаад охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжийг нээнэ
🏣Банкны хувьцаа эзэмшлийн дээд хязгаарын өөрчилж системийн нөлөө бүхийн банканд 34 хувь, бусад банканд 51 хувь хүртэл эзэмших боломж олгоно.
📊Олон улсын санхүүгийн байгууллагуудыг хувьцаа эзэмшлийн зарим хязгаарлалтаас чөлөөлж, банкны салбарт институтийн хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлнэ
⭕Монгол банк гадаадын банк, түүний салбарын хөрөнгө, эрсдэл, засаглалд шаардлага тавих хяналт шалгалт хийх, зөвшөөрөл хүчингүй болгох нөхцөлийг тодорхой болгоно
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн өөрчлөлт нь банкны өмчлөлийн бүтцэд тавьсан хязгаарлалтыг сулруулж, гадаадын банк, хөрөнгө оруулагчдыг оруулах орчныг нээж байна.
Банкны салбарт гадаадын оролцоог нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг өөрчлөх энэ шийдэл нь хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ салбарын бүтцийг илүү төвлөрсөн хэлбэр рүү шилжүүлэх эрсдэлийг давхар дагуулж байна.
Хуулийн саналаа өгөх бол энд дарна уу. ☺️
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр
