📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. ➡️Ардчилсан нам гэдэг улс төрийн машиныг шинэчлэн тосолсон, эд ангиуд нь солигдсон, хол замд илүү ачаалал даах чадвартай боллоо гэж Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдэгдэв. 🔴10 жил нэг намын царай харсан Монголчуудад хүчтэй улс төрийн нам, ардчилсан намын өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй нь үнэн. Энэ хүлээлтийг даана гэдэг... ⁉️
♾️Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя♾️
UIH.mn улс төр, нийгмийн товхимлыг долоо хоног бүр 91,000 хүн тогтмол хүлээн авч байна. Биднийг дэмжиж, уншиж буй танд баярлалаа. Бид чанартай мэдээлэл хүргэхийн тулд улам бүр хичээх болно.
С.Баярцогт хаа хүрэх вэ?
📌Монголын улс төрийн намуудад манлайлагч, лидер улстөрч үгүйлэгдэж буй энэ үед Сангажавын Баярцогт гэж хуучин мөртлөө шинэ улстөрч эргэн ирсэн нь Ардчилсан намынхан төдийгүй олон хүнд эргэлзээ болон итгэл найдвар төрүүлж байна. 🧭1990 онд 24 насандаа Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож, Монголын улс төрд хөл тавьсан С.Баярцогт 2016 он хүртэл УИХ, ЗГ-ын түвшинд өндөр, дээд албан тушаал хашсан Ардчилсан намын толгой улстөрчдийн нэг. ⚖️Гэтэл 2016 оноос хойш Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож, хоригдож, олон жил шалгуулсны эцэст цагаадсан. 🔄Ингээд 2023 оноос дахин улс төрд орж ирэхээр удаа дараа оролдлого хийсний эцэст, өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.
🔥Түүнийг хамгийн их эсэргүүцсэн хүн бол нэгэн цагт мөр зэрэгцэн нэг нам, нэг Засгийн газар, нэг парламентад ажиллаж явсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга байлаа. Х.Баттулга болон түүний МоАХ фракцын гишүүд С.Баярцогт эргээд ирвэл бүх зүйл сүйрлээ гэх нь холгүй байсан ч эцэст нь эвээ олж чадлаа. 🤝 Энэ тухай С.Баярцогт намын дотоод сонгуулийн үеэр “Баттулга бид хоёрыг хүмүүс хоорондоо их муу гэж боддог ч тийм биш. Үргэлж хамтраад явах санал тавьдаг. Ярьсан тавьсан санал дотор нь тодорхой нөхцөлүүд байдаг учраас тэрийг нь шууд хүлээж авах бололцоогүй байсан. Түүнээс болж ч зөрчилтэй харагддаг. Одоо тэр шаардлагуудынх нь талаар ярилцаад хоёр талаасаа буулт хийгээд хамтраад явах бололцоотой” гэж хэлсэн. ❓

🔚Эцэст нь түүний хэлснээр бүгд эвээ олж Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт, дэд даргаар УИХ-ын гишүүн асан Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга болон Ч.Өнөрбаяр нарыг сонголоо. 🚗
Ийнхүү АН-ын дарга О.Цогтгэрэлийн хэлснээр Ардчилсан намын улс төрийн машин нэгэн зорилгын төлөө хамтдаа хөдлөх боломжтой болов. 🛣️Гэхдээ энэ эв нэгдлээ урт хугацаанд хадгалж, С.Баярцогтын манлайлал дор нэгдэж чадах уу гэдэг асуулт хүн бүрийн аманд байна.
⚠️Харин замын дундаас тэд дахин эвдэрвэл тэдэнд итгэх иргэдийн итгэл шувуу мэт үргэн одно. 🧩Ямартай ч МоАХ фракцаас Л.Мөнхбаясгалан дэд дарга болсон. 📍С.Баярцогтын хэлснээр Х.Баттулгын нөхцөл, шаардлагууд ямар байхаас Ардчилсан намын эв түнжин хамаарах нь тодорхой. 🗳️Сонгууль хүртэл энэ чигээрээ явбал ялалтад хүрч мэднэ. Харин эрх мэдэлд хүрвэл юу л болох бол доо. 🎯С.Баярцогт өөрт олдсон сүүлчийн боломжоо хэрхэн ашиглах нь намын дотоод эв нэгдлээ хэрхэн хангаж чадахаас хамаарна.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
Улс төр
💯Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо. (Ikon)
🚨 Эпштэйнтэй холбоотой асуудлаар сонсгол зохион байгуулна. (UBn)
❓Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. (UIH.mn)
🔴 УИХ Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. (Eguur)
Бодлого
💸Баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо. (News)
📈Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ. (Засгийн газар)
💰Монгол Улсын хөгжлийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. (Parliament)

Эпштэйний сонсгол
⚠️Монгол ардын нам доторх экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талыг тууштай баримтлагч гишүүд Жеффри Эпштэйний асуудлаар Монголд нээлттэй сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан нь гайхшируулав. 📂Жеффри Эпштэйн нь насанд хүрээгүй охидыг хүчирхийлж, бэлгийн мөлжлөгт оруулдаг сүлжээ ажиллуулж байсан нь илчлэгдэж, 2019 онд хоригдож байхдаа амиа хорлосон. 🌐Гэхдээ түүний хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон бусад улс орны удирдагчид, улс төрийн өндөр албан тушаалтнуудтай ойр харилцаатай байсан нь анхаарал татдаг. 📝Иймээс түүнийг нас барснаас хойш Эпштэйний файлууд нэрээр их хэмжээний баримтуудыг цувралаар нээлттэй болгосоор байна. Энэ дунд Эпштэйн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Х.Баттулга нартай харилцсан, мэдээлэл солилцож байсан нь тодорхой болов. ❓

Зургийн эх сурвалж: Newsroom мэдээллийн сайт
🏛️Ийм учраас МАН-ын зарим гишүүн энэ асуудлыг сайтар шалгаж, сонсгол хүртэл зохион байгуулах хэрэгтэй гэж мэдэгдэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Эпштэйнийг авснаас нь гаргаж ирээд сонсгол хийх юм байлгүй” гэсэн нь оргүй үг биш. 🤔Үнэндээ үр дүн гарч, ямар нэгэн зүйл баталж, нотолж чадах нь юу л бол доо. 🎭Өмнө нь МАН-ынхан хэд хэдэн удаа сонсгол зохион байгуулсан ч үр дүн гарсан нь ховор.
🗣️Гэтэл одоо Эпштэйний асуудлаар сонсгол хийгээд ямар үр дүнд хүрэх вэ? Улс төрийн зорилгоор хэн нэгнийг буруутгаж, харлуулах зорилготой л болов уу. Өөрсдийнхөө нүдний өмнөх авлигын хэргийг шалгаж чадахгүй байж алсын АНУ-д өөд болсон Эпштэйний хэргийг шалгана гэдэг ч юу л бол доо. Ээ ичиг ичиг. 🙈

👀УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар Жагсаалтын гишүүнийг намын саналаар эгүүлэн татах хууль санаачилсан нь анхаарал татаж байна. 🗣️УИХ-д дөрвөн суудалтай тус намын гишүүд хоёр хоёроороо хуваагдан тамга, тэмдгээ булаацалдаж эхэлсэн. 🎯Гэтэл одоо намын саналаар жагсаалтын гишүүнийг татах буюу Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан нь намын даргад санаархагч УИХ-ын гишүүн Р.Батболдыг эгүүлэн татах зорилготой нэг хүнд зориулсан хууль юм биш биз. Энэ тухай хууль санаачлагч Б.Батбаатар гишүүнтэй манай сэтгүүлч Г.Батзаяа ярилцсаныг эндээс үзнэ үү.


🩺УИХ-ын нэгдсэн чуулганаар Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачилсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
📄Хуулийн төслийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

🧠 “Necropolitics” буюу төр хэнийг хамгаалж, хэнийг орхидог вэ?
Яагаад зарим хүмүүсийн амь нас илүү “хамгаалагддаг”, харин зарим нь байнгын эрсдэл дунд үлддэг вэ❓
Камерун гаралтай философич Achille Mbembe энэ асуултыг 2003 онд “Necropolitics” хэмээх ойлголтоор тайлбарласан байдаг. Монголчилбол “үхлийн улс төр” гэж орчуулж болох ч энэ нь зөвхөн дайн, цаазаар авах ял, хүчирхийллийн тухай ойлголт биш юм.
Харин эрх мэдэл хэнийг хамгаалж, хэнийг эрсдэл дунд үлдээж байгааг тайлбарлах оролдлого юм. ⚖️
Мбембе Францын философич Michel Foucault-ийн “био эрх мэдэл” (biopower) гэх ойлголтыг үргэлжлүүлэн хөгжүүлсэн. Фуко төр засаг хүн амын амьдралыг хэрхэн удирдаж, зохицуулдаг талаар ярьсан бол Мбембе үүнээс нэг алхам цаашилж:
“Эрх мэдэл хэнийг амьд үлдээж, хэнийг эрсдэлд үлдээж байна вэ?”
гэсэн асуулт тавьсан юм.
🌍Түүний үзсэнээр эрх мэдэл зөвхөн хууль, цагдаа, армиар илэрдэггүй. Заримдаа эдийн засгийн тогтолцоо, хилийн бодлого, эрүүл мэндийн хүртээмж, нийгмийн ялгаагаар дамжин хүмүүсийн амьдрах боломжид нөлөөлдөг.
🇲🇳Монголын нөхцөлд ч ийм асуултыг тавьж болно. Жишээлбэл, агаарын бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн ялгаа зэрэг асуудлууд нийгмийн бүх бүлэгт ижил нөлөө үзүүлдэггүй. Зарим хүмүүс илүү хамгаалагдсан орчинд амьдарч байхад, нөгөө хэсэг нь илүү өндөр эрсдэл дунд амьдарсаар байдаг. Necropolitics нь ийм ялгааг зөвхөн “хувь хүний асуудал” биш, харин бүтэц, бодлогын өнцгөөс харахыг санал болгодог.

🏥Жишээлбэл, COVID-19 цар тахлын үед ч вакцин, эмнэлгийн тусламж авах боломж улс орон, нийгмийн бүлгүүдийн хооронд эрс ялгаатай байв. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн хүнд нөлөөг ихэвчлэн хамгийн бага бохирдол үүсгэсэн, эмзэг улс орнууд үүрч байна.
Эдгээрийг Мбембе “хэнийг хамгаалж, хэнийг орхиж байна вэ?” гэсэн өнцгөөс тайлбарлахыг оролдсон. 🆘
Necropolitics-ийн нэг чухал санаа нь хүмүүсийг зөвхөн бие махбодын аюулд оруулах тухай биш, харин нийгмийн хамгаалалт, боломж, оролцооноос аажмаар тусгаарлах тухай ойлголт юм.
🚧Өнөөдөр энэ ойлголтыг хүний эрх, хил хамгаалалт, ядуурал, эрүүл мэндийн бодлого, уур амьсгалын шударга ёс зэрэг олон салбарт ашиглаж байна.
Necropolitics нь бүх асуудалд хариулт өгдөг онол биш. Гэхдээ нэг чухал асуултыг бидэнд үлдээдэг:
Нийгэм, төрийн бодлого бодитоор хэнийг хамгаалж, хэнийг илүү эмзэг байдалд үлдээж байна вэ?
🧠Энэ асуулт нь орчин үеийн улс төр, хүний эрх, нийгмийн шударга ёсны талаар илүү гүнзгий бодоход хүргэдэг.

Хэвлэлийн эрх чөлөө: Монголд юу болж байна вэ?
Энэ удаагийн судалгаагаар Монголын Залуучуудын эвсэл ТББ-аас нийтэлсэн “Улс орнуудын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний зохицуулалт, бодлогын харьцуулсан судалгаа”-г онцолж байна.
Судалгаагаар Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах үүднээс дотоодын хууль тогтоомжийг шинжилж, олон улстай харьцуулсан үнэлгээ хийхийг зорин Норвегийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний зохицуулалт, бодлогын чиг хандлагыг харьцуулан авч үзжээ.
⚖️ Хууль эрх зүйн орчин
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зохицуулж буй 1998 оны хууль нь хэт ерөнхий, орчин үеийн нөхцөлд нийцэхгүй болсон. Үүн дээр нэмэгдэн “худал мэдээлэл тараах” эрүүгийн заалт нь сэтгүүлчдийг хамгаалахаас илүүтэй шалгах, дарамтлах хэрэгсэл болж, айдас болон өөрийн цензурыг бий болгож байна.
⚠️ Шинэ хууль: боломж ба эрсдэл
Шинэчилсэн хуулийн төсөлд цензур хориглох, редакцын хараат бус байдлыг хамгаалах зэрэг эерэг заалтууд орсон ч “ёс суртахуун”, “үндэсний эв нэгдэл” гэх тодорхойгүй ойлголтууд нь мэдээллийг дур зоргоор хязгаарлах эрсдэл дагуулж байна. Мөн эрүүгийн хариуцлагыг давхардуулах боломж хэвээр байна.
🌍 Олон улсын чиг хандлага
Олон улс оронд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахдаа эрүүгийн шийтгэлээс татгалзаж, маргааныг иргэний журмаар шийдвэрлэх, салбарын өөрийн зохицуулалтыг дэмжих чиг хандлага давамгайлж байна. Энэ нь айдасгүй, чанартай сэтгүүл зүйг дэмждэг.
Судалгааны тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.
📘“Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төсөлд саналаа өгцгөөе.
Энэ хуулийн төслөөр 16 нас хүрээгүй хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглалтыг зохицуулах, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, цахим дарамт болон эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ.
Төсөлд:
🚫16 нас хүрээгүй хүүхдэд “насны хязгаартай” нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглоно.
🪪Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч хэрэглэгчийн насыг баталгаажуулах технологи ашиглах бөгөөд иргэний үнэмлэх болон бусад баримтаар нас шалгах боломжтой байна.
🔐Нас баталгаажуулах зорилгоор цуглуулсан мэдээллийг нэн даруй устгах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулах, худалдахыг хориглоно.
📱Бусад этгээд өөрийн бүртгэлтэй хаягийг 16 нас хүрээгүй хүүхдэд ашиглуулахыг хориглоно.
⚖️Харилцаа холбооны зохицуулах хороо шаардлага биелүүлээгүй нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах арга хэмжээ авч болохоор тусгажээ.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн өөрчлөлт нь хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтыг чангатгахын зэрэгцээ нийгмийн сүлжээ ашиглах насны хязгаар, платформын хяналт, хэрэглэгчийн мэдээлэл хамгаалалтын асуудлыг илүү өргөн хүрээнд хөндөж байна.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хязгаарлах, нас баталгаажуулах энэ зохицуулалт нь хүүхэд хамгааллын механизмыг бэхжүүлэх боломжтой ч нөгөө талдаа цахим орчны эрх чөлөө, хэрэгжилтийн бодит боломж, хувийн мэдээллийн хамгаалалтын талаар хэлэлцүүлэг дагуулах магадлалтай байна.❗
Хуулийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу. ☺️
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр