📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. 🗳️ Энэ удаагийн дугаартаа бид улс төрийн намын хөгжил, намын санхүүжилт 💰 болон ил тод байдлыг хангахын ач холбогдол, мөн улс төрийн намын тухай хуультай холбоотой мэдээллүүдийг хүргэж байна.
🏛️ Ардчилсан нийгэмд иргэд улс төрийн намаар дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлдэг учраас намуудыг бэхжүүлэх 💡 тухай асуудал нь зөвхөн улс төрийн хүрээний бус, нийт иргэдийн 🤝 нийтлэг эрх ашиг болдог.
🏃♂️Мөн энэ долоо хоногийн сүүлээр нийслэлийн 50 мянган иргэн нийтийн марафонд оролцож, эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөнд бусдыгаа уриалан дуудлаа. 💪Эрүүл чийрэг залуус минь яг энэ эрчээрээ улс төр, нийгмийн үйл явдалд идэвх оролцоотой байж чадвал Монгол Улсын хөгжил бидний гарт байна. Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя. 🌱
Намуудыг хайрлах шалтгаан : Засаглалыг сайжруулъя гэвэл намуудаа сайжруулна
🏛️ Улс төрийн намууд бодлогын институц байх ёстой. 👥 Залуучууд, шинэ гишүүд нь мөнгө, танил талаар бус бодлого, оролцоо, шударга өрсөлдөөнөөр шат шатандаа өсөж гарч ирдэг тогтолцоо байж гэмээнэ нам дотроо ардчилалтай болно. ⚖️ Ийм учраас Үндсэн хуульд улс төрийн намуудын ил тод байдал, дотоод ардчиллыг тусгайлан хуульчилсан.
📜 Шинэчлэл: 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч намуудыг илүү нээлттэй, хариуцлагатай болгох олон шинэ зохицуулалтуудыг оруулсан. Тухайлбал:
📌 Намын санхүүгийн тайланг нийтэд ил болгох
📌 Хандив, орлогын мэдээллийг цахимаар байршуулах
📌 Намын харьяа байгууллагын санхүүг хамтад нь тайлагнах
📌 Дотоод сонгуулийг ил тод зохион байгуулах
📌 Гишүүдийн оролцоог хангах
📌 Намын үйл ажиллагааны тайланг нийтлэх
📌 Намын удирдлага, бүтэц, мэдээллийг нээлттэй болгох
🔍 Дагавар байгууллагуудыг нь ч шалгана: Түүнчлэн намын харьяа байгууллагыг тусгайлан тодорхойлж, намтай холбоотой байгууллагуудын санхүүжилт, үйл ажиллагааг ил тод болгох зохицуулалт оруулсан нь улс төрийн санхүүжилтийн далд тогтолцоог хумих чухал алхам болсон.
💸 2023 оны шинэчилсэн найруулгаар улс төрийн намуудын санхүүжилтийн тогтолцоог нарийвчлан тусгасан. Улс төрийн намд төрөөс санхүүжилт олгож буй нь намуудыг бизнесийн бүлэглэл, далд санхүүжилтээс хамааралтай бүтэц биш, илүү ил тод, бодлогын чадамжтай, дотоод ардчилалтай институц болгох зорилготой.
🗳️Намууд төрөөс санхүүжилт авахын тулд УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 1%-иас доошгүй санал авч, санхүүгийн ил тод байдал, тайлагналын шаардлага хангасан байх ёстой. Сонгуулийн ерөнхий хорооны хяналтын ажиллагааны нэгтгэсэн тайланд дурдсанаар МАН, АН, Монголын ногоон нам, ИЗНН, Монголын үндэсний ардчилсан нам, ХҮН, Шинэ нам зэрэг намууд төрөөс санхүүжилт авчээ.

📊Төрөөс улс төрийн намуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түүний зарцуулалтын тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж, нэгтгэн тайлагнадаг бөгөөд төрийн аудитын байгууллага аудит хийж, дүгнэлт гаргадаг. Өөрөөр хэлбэл, төрөөс санхүүжилт өгч буй нь зөвхөн мөнгө олгох асуудал биш, харин ил тод байдал, тайлагнал, хариуцлагын тогтолцоог давхар бий болгож буй хэрэг юм.
⚠️Өнгөрсөн намрын чуулганаар УИХ-ын зарим гишүүд Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Нээлттэй Нийгэм Форумын гаргасан шүүмжид дурдсанаар энэхүү төсөл нь 2023 оны шинэчлэлээр бий болсон ахиц дэвшлийг сулруулж, улс төрийн санхүүжилтийн хяналтыг бууруулах эрсдэлтэй гэж үзжээ.
🤝Мөн Цогц Хөгжлийн Үндэсний Төв Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (IRI)-тэй хамтран намуудын үзэл баримтлал, бодлогын ялгааг илүү тодорхой болгож, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах институцийн чадамжийг бэхжүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлж байна.
🧭Эцэст нь, ямар ч тохиолдолд иргэд улс төрийн намаар дамжуулж эрх мэдлээ хэрэгжүүлдэг тул намын институцчилал ,намуудыг сайжруулах тухай асуудал нь бид бүхний нийтлэг эрх ашиг гэдгийг дахин сануулъя.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
🏛️Улс төр, нийгэм
🗣️Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрлээ. (MNB)
🔵 Ардчилсан нам Засгийн газарт орохгүй. (АН)
🚨Улсын их хурлын Тусгай хяналтын дэд хорооны даргаар С.Лүндэгийг сонголоо.(gogo)
📑Нийслэлийн 24 мега төслийг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.(Ikon)
🔍Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн нээлттэй сонсгол болно. (UIH.mn)
🏃♂️ Улаанбаатар марафонд 46 мянга гаруй хүн оролцлоо.(Graph)
📊Бодлого
🥩Засгийн газар нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх тогтоол баталлаа. (News)
🚆Богдхан төмөр зам төслийн маш нууц тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа. (Засгийн газар)
📜Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. (Parliament)

Намууд хэр их хөрөнгөтэй вэ?
СЕХ “Тунгаахуй” өгөгдлийн урлан хамтран “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” цахим үзэсгэлэнг 2025 онд гаргасан. Уг үзэсгэлэнгийн тоо баримтуудтай танилцацгаая.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намаас 28 нь Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 9 нам тайлан ирүүлээгүй байна.

Улс төрийн намуудын орлого, орлогын эх үүсвэр, зардал, хандив, сонгуулийн санхүүжилт зэрэг мэдээлэлтэй энд дарж танилцаарай.

Жич: Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-ийн улс төрийн санхүүжилтийн мэдээллийн санд дурдсанаар, дэлхийн 181 улсаас 143 улсад улс төрийн намууд санхүүгээ тогтмол тайлагнах хууль эрх зүйн зохицуулалттай. Үүнээс 116 улсад тайлагнасан мэдээллийг олон нийтэд нээлттэй байхаар зохицуулжээ.

“Лүндэн ба Лүндэг”

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Лүндэгийг сонголоо. 📌Лүндэг нь 2006 оноос эхлэн УИХ-ын гишүүний туслах, МАН-ын ажлын алба, Шадар сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон шинэ гишүүн. 🧩Товчоор хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үеэс нь зөвлөхөөр нь ажиллаж, улс төрийн өндөр албан тушаалд хүрэх замаа зассан нэгэн.
🔍Харин одоо УИХ-аас тагнуул, гүйцэтгэх ажиллагаа, төрийн нууц, тусгай хамгаалалт зэрэг салбарт хяналт тавьдаг дэд хорооны дарга болон дэвшиж байна.❓Өөрөөр хэлбэл, хариуцан ажиллах чиглэлдээ ямар ч туршлагагүй, анх удаа сонгогдсон гишүүнийг тус дэд хорооны даргаар сонгож байгаа нь томоохон шүүмжлэл дагуулж байна.
Уг нь тусгай хяналтын дэд хороонд иргэдийн итгэлийг хүлээж, хамгийн олон сонгогдсон гишүүд орж тэдэн дундаа туршлага, тулхтай нь дэд хороог ахалдаг байсан цаг саяхан. 📉Гэтэл Улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдааны ирцээрээ сүүл мушгидаг, Ерөнхийлөгчийг сүүлдэж улс төрд орж ирсэн хэмээн яригддаг хүн энэ чухал албыг хаших болжээ. 🚨
🛑Магадгүй УИХ-ын хяналтын тогтолцоо, дархлаа алдагдаж, бүгд нэг талдаа гарчихвал нэг нам, нэг хүн лүндэнгээр бүхнийг удирдах бодит аюул нүүрлэж мэдэх юм. Парламент ингэж сулрах гэж…ичиг ичиг.😶
Улс төрийн намууд бодлого, шийдвэрээрээ өрсөлдөхөөсөө илүү мөнгө тараах, иргэдийн саналыг худалдаж авах зэрэг аргуудыг хэрэглэж өрсөлдөж ирсний жишээ болгон энэхүү ярилцлагыг оруулж байна.

Зууны мэдээ сонин (2006.09.01, №210)

Г.Лувсанжамц: Үрсэн мөнгөөрөө төсвийн гүйцэтгэлийг хэмжиж байгаа нь буруу.
📌Хууль санаачлагч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцыг урьж, төсвийг хэрхэн оновчтой зарцуулж, үр дүнг нь бодитоор хэмжих тухай ярилцлаа.


УИХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль баталлаа. Энэ хууль нь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд хамаарах бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээр дээрх хоёр төслийг хугацаандаа ашиглалтад орох боломж бүрдэнэ гэж үзэж байна.
📄Хуулийн төслийн дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
⚡Хуулийн гол заалтууд
З дугаар зүйл. Гадаад зээлийн ашиглалтын зардал
📌З.1. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээ энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн тухайн жилийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болох бөгөөд нэмэгдсэн дүн нь дээрх хязгаарт
хамаарахгүй.
📌З.2. Тухайн жилийн төсвийн тухай хуулиар баталсан гадаад зээл, тусламжаас санхүүжүүлэх зардал энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
УИХ-д өргөн баригдсан энэхүү хуулийн төслийг хаврын хурдан морины уралдааныг хуульчлан зохион байгуулах зохицуулалт бий болгох зорилгоор У.Отгонбаяр тэргүүтэй 8 эрэгтэй гишүүн санаачилжээ.
Төслийн хүрээнд:
Хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болох;
Уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны орчимд Засгийн газрын тогтоосон хугацаанд явуулах;
14 ба түүнээс дээш насны хүн морь унах;
Дулаан хамгаалалтын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл ашиглах;
Даатгал, гэрээ, эмнэлэг, аюулгүй байдлын шаардлага хангах;
Азарга, их нас, соёолон насны морьдыг 16–19 км замд уралдуулах;
зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Гол маргаан дагуулж буй асуудал
Төслийн хамгийн анхаарал татаж буй хэсэг нь хаврын улиралд хурдан морины уралдааныг дахин зөвшөөрөх гэж буй явдал юм. Өмнө нь хүүхдийн эрх, эрүүл мэнд, осол гэмтлийн эрсдэлийн улмаас өвөл, хаврын уралдаанд хязгаарлалт тогтоогоод байсан юм.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, Г.Төгөлдөр