📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Харин бид хүүхдийнхээ эрхийг хамгаалж чадаж байна уу гэдгийг өнгөрсөн долоо хоногт уурхайн өрөмдлөгийн цооногт унаж нас барсан гурван настай охины хэрэг тод томруун харууллаа. Томчууд бидний хариуцлагагүйн балгийг хүүхдүүд нь амь насаараа төлдөг байдал цаашид бүү давтагдаасай. Бүх шатанд хариуцлагатай байх ёстой гэх сүржин мэдэгдэл хийж буй улс төрчид өөрсдөө энэ бүхэнд хариуцлага хүлээх ёстой. Бас өөрчлөх үүрэгтэй. Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.
Өнөөдөр манай товхимлын 20 дахь дугаар танд хүрч байна. 20 долоо хоногийн турш хамтдаа байсан уншигчдадаа баярлалаа. Уг товхимлыг тантай хамт долоо хоног бүр 90’000 хүн уншиж байна.
Оюутолгойн зураглал - 🐫 Ногдол ашиг хэзээ авах вэ?
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан, Оюутолгой ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Солонгоо, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нар Оюутолгой хэлэлцээр, зээлийн хүү, ногдол ашиг авах хугацаа зэрэг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ мэдээлэлд тулгуурлан Оюутолгойд юу болсныг товчоор тайлбарлая.
🇲🇳Нэг тонн зэсийн үнийг өнөөдрийн ханш 13 мянган доллар байна гэж үзвэл Монгол Улс 2033 он гэхэд эхний ногдол ашгаа хүртэж магадгүй гэсэн урьдчилсан тооцоо бий. 📈Гэтэл нөгөө талд Оюутолгойн олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, ирэх жилээс эхлэн жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэж эхэлнэ. 🌍Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд эхний гуравт орж, зэсийн үнийг тодорхойлох том тоглогч болох нь тодорхой байна. 💵2030 он гэхэд нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдсэнээр үнэ улам өсөх магадлалтай.
❓Тэгвэл бид яагаад ногдол ашиг хүртэж чадахгүй байна вэ?
💰Монголчууд “Рио Тинто”-гийн талтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Монголын тал 34 хувийн хувьцааг эзэмшиж, хөрөнгө оруулагч тал 66 хувийг эзэмшихээр тохиролцсон байдаг. Энэ нь Монголчууд шууд л 34 хувийн ашгаа хүртээд зүгээр сууна гэсэн үг биш. Хувьцаа эзэмшигчийн хувьд эхлээд 34 хувийн зардлаа гаргана гэсэн үг. Гэвч бидэнд мөнгө байгаагүй учраас бүх зардлаа хөрөнгө оруулагч талаас зээлсэн. Ингээд хөрөнгө оруулагч бүх зардлаа хариуцаж, Оюутолгойг ашиглалтад оруулсан учраас одоо ашгаа хүртэж байна.💵
2025 онд 4,9 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан.
2026 онд 7,5 тэрбум ам.доллар
2027-2030 онд 8-10 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллана гэсэн тооцоо гарч байна.
📉Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, АМНАТ, менементийн төлбөр зэрэг зардлыг нь хасаж тооцоход жилд 4 тэрбум орчим ам.долларын ашиг олж байна. Энэ ашгаараа уурхайг ашиглалтад оруулахад гаргасан зардлаа нөхөхөөс гадна, гадны банкуудаас авсан зээлээ дарж эхэлсэн. Энэ дунд Монгол Улсын зээл ч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын талд ногдох ашгийг энэ бүх зээлийг дарж дууссаны дараа өгч эхэлнэ.

Монгол ардын үлгэрт тэмээ эврээ хүлээж алсыг ширтдэг гэдэг. Оюутолгойн лого нь ногдол ашгаа хүлээж буй Монголчуудыг бэлгэдсэн байж магадгүй…анхнаасаа л 🤔😅
📊Одоогоор Оюутолгой ХК төслийн санхүүжилт 3,792 сая ам.доллар, спонсорын давуу эрхтэй зээл 1,614 сая ам.доллар, урьдчилаа төлбөрийн гэрээ 1,624 сая ам.доллар , хувьцаа эзэмшигчдийн зээл 12,541 сая ам долларын зээл нийт 20 тэрбум ам долларын өр төлөхөөр байна. Хувьцаа эзэмшигчдийн зээл нь Монгол Улсад шууд хамаарна. Энэ зээлийн хүү /хүүгээс хүү давхар тооцдог/ нэмэгдсээр өдөрт 13-15 тэрбум төгрөг хуримтлагддаг бөгөөд жилд 1,4 тэрбум доллароор нэмэгдэж байна.
📌Ийм учраас анх 6 тэрбум ам.доллар байсан зээл хоёр дахин нэмэгдэж, 12,5 тэрбум ам.доллар болсон. 2037 он гэхэд 25,1 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Энэ бол Монголчуудын ногдол ашиг авах хугацааг хойшлуулж буй хамгийн гол шалтгаан. ⚠️
🎯Ийм учраас Оюутолгойтой хэлэлцээр хийж буй Засгийн газар үүн дээр анхаарч, зээлийн хүүг бууруулахад онцгой анхаарах шаардлагатай. Саяхан Засгийн газар менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар болсон гэж зарласан. Менежментийн төлбөр нь үйл ажиллагааны зардал болон тонох төхөөрөмжийн зардлын 6 хувь нь байдаг. 💰Энэ нь ойролцоогоор 150 сая ам.доллар болно. Үүний 50 хувь 70-75 сая ам.доллар болох бөгөөд Монголчуудын 2033 оноос ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж чадахгүй, бага хэмжээний үнийн дүн гэдгийг онцолж байна. ⚠️Иймээс Засгийн газар өнөөдрийн жижиг ашигт хуурталгүйгээр ногдол ашиг хүртэх хугацаагаа наашлуулахын тулд, зээлийн хүүг бууруулж, ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулахад гол анхаарлаа хандуулах шаардлагатай. 🐫🐫🐫

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
🏛️Улс төр, нийгэм
⭕Улаанбаатар хотын засаг даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо. (Оройн тойм)
⚖️Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин томилох боломжтой боллоо. (Graph)
🔵АН Ерөнхий шүүгчийг улираан томилох боломж олгосон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. (АН)
⚫Цооногт унасан гурван настай охины цогцсыг гаргаж авлаа. (Eguur)
⚠️Ерөнхий сайд Н.Учрал уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай хүүхэд унасан нь санамсаргүй тохиолдол огт биш гэж мэдэгдэв. (UIH.mn)
📊Бодлого
⚡Цахилгаан машин цэнэглэх 500 орчим ногоон өртөө барина. (gogo)
🏭“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгалаа. (Засгийн газар)
👨👩👧👦Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа. (Parliament)

Эрдэс баялгийн салбарын 2026 оны 1-4 дүгээр сарын статистик мэдээллээс хүргэж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2026 оны эхний 4 сарын байдлаар 10,206.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,238.8 (13.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,917.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 734.1 (33.6%) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнээс уул уурхай олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого хамгийн өндөр байна.

Гэвч оны эхний 4 сарын байдлаар орлого өссөн дүнтэй ч өндөр зарлагын улмаас улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг ҮСХ зарласан. Монгол улсын 2026 оны эхний 4 сарын гадаад худалдааны статистик болон аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бусад тоо мэдээллийг эндээс харна уу.

“Тусгай санал”
👨⚖️Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг… зөвхөн нэг удаа томилно” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэж хүчингүй болголоо. Тодруулж хэлбэл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хэдэн ч удаа сонгогдох боломжтой болж байна. Иймээс Ерөнхий шүүгчээр ажиллах хугацаа нь дуусаж буй Д.Ганзориг улираан томилогдох магадлалтай болжээ. Зарим эх сурвалж түүнийг улираан томилохын тулд цэц дээр албаар ийм маргаан гаргаж, улс төрийн зорилготой шийдвэр гаргасан гэж шүүмжилж байна. Үнэхээр ийм бол шүүхийн хараат бус байдал илүү эмзэг болсон байх эрсдэлтэй. Хамгийн гол нь цэцийн гаргасан шийдвэр хууль зүйн хувьд үндэслэл муутай гэдгийг энэ шийдвэртэй санал нийлэхгүй тусгай санал гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайханы тайлбараас харж болно.

Зургийн эх сурвалж: Graph.mn
ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан тусгай саналдаа: Үндсэн хуулиар “зөвхөн нэг удаа сонгох” эсхүл “нэг удаа улируулан сонгох” зэргээр зарим зарим албан тушаалтанд тавьсантай адил хязгаарлалтыг үгчлэн тусгаагүй гэх үндэслэлээр хориглож болохгүй гэж ойлгох нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн тус зохицуулалтыг түүхчлэх, зорилгоор нь, эсхүл системчлэх аль ч аргаар тайлбарласан Ерөнхий шүүгчийн улираан буюу дахин томилохыг хориглох утгыг илэрхийлж байна. Иймээс маргаан бүхийн заалтаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр улираан томилохыг хориглож түүний хараат бус байдлыг баталгаажуулахад чиглэсэн байх тул Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зөрчсөн гэсэн байна. Түүний энэ саналыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар дэмжсэн юм.
Муу муухай зүйл заавал мангасаас төрөн гардаг уу?
Ханна Арендтын "The Banality of Evil" буюу "Муу муухай зүйлийн эгэл байдал" гэх энэ концепц бол нийгэм, улс төрийн философийн хамгийн хүчтэй, нүд нээсэн сэдвүүдийн нэг юм.
Бид ихэвчлэн түүхэн дэх аймшигт үйл явдал, харгислалыг ямар нэгэн эрүүл бус, галзуу, үзэн ядалтаар дүүрсэн "мангасууд" үйлддэг гэж төсөөлдөг. Тэгвэл философич Ханна Арендт 1961 онд Нацист Германы өндөр албан тушаалтан Адольф Эйхманы шүүх хурлыг сурвалжлахдаа дараах цочирдом дүгнэлтэд хүрсэн байдаг.
Тэрээр Эйхманыг ажиглаад ямар нэгэн гаж донтон, эсвэл чөтгөр биш, харин зүгээр л тушаал биелүүлдэг, хууль дүрмийг ягштал баримталдаг, маш "эгэл жирийн" нэгэн байхыг олж харжээ. Эндээс л "Муу муухай зүйлийн эгэл байдал" (The Banality of Evil) хэмээх ойлголт анх урган гарчээ.
Үзэл санааны гол цөм:
Шүүмжлэлт сэтгэлгээг унтраах: Хүн өөрийн үйлдэлд ёс зүйн үнэлэлт дүгнэлт өгөхөө больж, системд сохроор итгэн, "Би зүгээр л ажлаа хийж байна", "Дээрээс өгсөн тушаал" гэж өөрийгөө зөвтгөх үед хамгийн аймшигт муу муухай зүйл хийх үндэс болдог.
Хариуцлагаас зугтах механизм: Системд бүрэн уусаж, өөрийн гэсэн "би"-гээ гээснээр хүн хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ухамсарлах чадваргүй болдог.

Энэхүү онол нь зөвхөн дайн дажин, түүхээр хязгаарлагдахгүй бөгөөд өнөөгийн хүнд сурталт бюрократ системд "дүрэм журам" даган бусдыг хохироож буй жирийн ажилтнууд, сошиал медиад үнэн худлыг тунгаалгүй олон нийтийг сохроор даган дайрч буй үйлдлүүдээс ч тодорхой харагддаг.
Муу муухай зүйл заавал том үзэл суртал, үзэн ядалтаас бус, ердөө л бидний "бодохоос татгалзсан" орон зайд маш чимээгүйхэн, эгэл жирийн дүрээр үүрлэдэг байна. Аливаа дүрэм журам, хууль өөтэй байх нь элбэг тул бид ямар нэгэн үйлдлийг хийхдээ системийн дүрэм журам гэхээс илүү хүний ертөнцийн ёс зүйн талаас нь ямагт тунгааж байх хэрэгтэй болов уу.

📌Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.
👶Энэ хуулийн өмнөх зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь 1 ба түүнээс дээш настай байсан байх” зэрэг нөхцөл тавигдаж байсан нь хүний эрхийн зөрчил үүсгэж, хүүхдийг насаар нь ялгаварлах гадуурхах нөхцөл бүрдүүлснийг засах шаардлагатай гэж үзжээ. Иймээс хуульд дараах нэмэлт өөрчлөлтийг орууллаа.
1 дүгээр зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгээс “бага хүүхэд нь 1 нас хүрсэн” гэснийг, 3.2 дахь хэсгээс "бага хүүхэд нь 1 нас хүрэхэд", "байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас", "1 ба түүнээс дээш настай" гэснийг тус тус хассугай.
📉 Монгол Улсад жил бүр дунджаар 75,000–80,000 хүүхэд шинээр мэндэлдэг бөгөөд нийт төрөлтийн 3–4 орчим хувьд хүүхэд 1 нас хүрэхээс өмнө нас барж, мөн тооны ээжүүд эхийн алдар одон болон одонгийн урамшуулалд хамрагдаж чаддаггүй байна. 👩👧👦 Энэ нь ойролцоогоор жилд 2,500-3,000 эх хуулийн хязгаарлалтын улмаас тэгш эрх эдлэх боломжоо алдаж байна. ✅Хуулийн төсөл батлагдсанаар өмнө урамшуулал авч чадаагүй 27,000 гаруй эхийн хувьд дахин судлагдаж, урамшуулалд хамрагдах боломжтой боллоо.

Залуу судлаачдад зориулсан “Социологийн зуны сургууль-2026” зарлагдлаа.
☀️“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”, “Монгол Улсын Их Сургууль”, “Шинжлэх Ухааны Академи” хамтран жил бүр Социологийн зуны сургуулийг зохион байгуулдаг. Бүрэн тэтгэлэгтэй уг хөтөлбөрт хамрагдсанаар социологийн суурь ойлголттой болж, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлж, туршлага хуримтлуулах боломжтой. Мөн энэ жилийн зуны сургуулийг Өмнөговь аймагт зохион байгуулах гэнэ. Зуны сургуульд өргөдөл гаргах бол энд дарна уу.
Мөн хэрэгтэй хүнд нь хүргэж, түгээж өгөхийг танаас хүсье. 😃

🔐 Кибер сөрөн тэсвэрлэх тухай хууль
УИХ-ын гишүүн Ч.Анар нарын 4 гишүүний боловсруулж буй энэхүү хуулийн төсөл нь одоогийн Кибер аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж, кибер халдлагаас хамгаалах тогтолцоог илүү өргөн хүрээнд зохицуулах зорилготой.
📌Хуулийн төслийн гол зохицуулалтууд:
🛡️Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, тасралтгүй ажиллагааг хангах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлнэ.
🏢Онц чухал болон чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудыг эрсдэлд суурилан ангилж, ялгамжтай үүрэг хүлээлгэнэ.
📡Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх, бүртгэх, хариу арга хэмжээ авах нэгдсэн тогтолцоог бий болгоно.
📋Байгууллагууд кибер эрсдэлийн үнэлгээ, аудит тогтмол хийлгэж, тасралтгүй ажиллагаа болон нөхөн сэргээх төлөвлөгөөтэй байх үүрэгтэй болно.
⚠️Халдлага, зөрчлийг мэдээлээгүй, нуун дарагдуулсан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.
💬 Кибер халдлагын эрсдэл өсөн нэмэгдэж буй нь маргаангүй. Харин асуудал нь зохицуулалт дутсандаа байсан уу, эсвэл хэрэгжүүлэх чадавх дутсандаа байсан уу гэдэгт оршино. Шинэ хууль байгууллагуудад илүү олон үүрэг, шаардлага ногдуулж байгаа ч хүний нөөц, санхүүжилт, техникийн чадавхыг бодитоор нэмэгдүүлэхгүй бол кибер сөрөн тэсвэрлэх чадвар бус, зөвхөн тайлагнах үүрэг л нэмэгдэх эрсдэлтэй.
📣 Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, Г.Төгөлдөр, А.Номин-Эрдэнэ