📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Сүр дуулиан, хоосон хэлбэрдэлт бус ээлтэй эерэг дулаан зүйлс үгүйлэгдсэн долоо хоног өнгөрлөө. 🏍️Ерөнхийлөгч амралтын өдөр зам хааж, хотын төвөөрөө хамгаалалтын малгайгүйгээр мотоцикл унаж иргэдийг бухимдуулав. 🕯️Харамсалтай нь “Талын салхи” арга хэмжээтэй өдөр мотоциклын ослоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарав. Харин хуулийн байгууллагаас хэргийн тухай мэдээлэхдээ Ерөнхийлөгчийн цуваатай хамааралгүй гэх тайлбар зүүсэн нь бүр ч харамсалтай. Хариуцлагын зуд хаанаас эхтэй вэ?

🤝Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.

🎉UIH.mn цахим товхимлыг тантай хамт долоо хоног бүр 90’000 хүн уншиж байна.

Ухаарлын долоо хоног

Оюутнуудын ухаарлын долоо хоног дууслаа. 🤔Харин манай эрх баригчдын ухаарал дуусахгүй нь ээ. 🔄Нэг асуудал гарахаар чухам ухаарч, засаж сайжруулах тухай ярьдаг ч дараагийн бэрхшээл тулгарахад дахиад л ухаарна. Учир нь асуудлаа ул сууриар нь шийдэж чаддаггүй. 🚨Үргэлж гал унтраах байдлаар явж ирсний гор нь гарч байна.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын салбарын ухаарлын долоо хоног болов. 🕯️Эх үрсийн баярын өмнөхөн гурван настай охин өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан нь монголын нийгэмд цочроо өгөв. 📣Ингээд тэдний ухаарлын үе шат эхэлж, төрийн өндөр, дээд албан тушаалтнууд ээлж дараалан мэдэгдэл, мэдээлэл хийж эхлэв. 😮Эхлээд Ерөнхий сайд бүх шатанд сахилга, хариуцлагын "зуд" нүүрлэсэнд гайхширсан. 🚒Дараа нь Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжөө сайжруулахад анхаарч 38 хувиас 60 хувь хүртэл сайжруулсан… 💰Одоо Засгийн газраас 5.5 их наяд төгрөг гаргаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлээ 80 хувьд хүргэхээр болсон гэж мэдээллээ.

📊Улсын төсвөөс ОБЕГ-ын тоног төхөөрөмжид зориулж, 2020 онд 50 сая, 2021 онд 100 сая, 2022 онд 500 сая, 2023 онд төсөв гаргаагүй, 2024 онд 17 тэрбум, 2025 онд 16 тэрбум, 2026 онд 29 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.

📢Харин хамгийн сүүлд Шадар сайд Н.Номтойбаяр улс орон даяар “Хотулун гүнж” нэртэй хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар болсныг дуулгав. 🔍Ийнхүү өмнө нь хийгээгүй шалгалтаа заавал хэн нэгэн өөд болсны дараа түүний нэр усаар сүр дуулиантай зарлаж, үзлэг шалгалт зохион байгуулахаар боллоо. 🛡️Онцгой байдлын салбар бол иргэдийг аюул осолд орохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүрэгтэй. ⚠️Гэвч өнөөдөр хүүхэд амиа алдсан дараа бас нэгэн аюул эрсдэлийг анзаарч, ухаарч байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

🏛️Улс төр, нийгэм

  • ⚖️Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч Ц.Цогтыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо. (Eguur)

  • 🏍️Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Талын салхи” арга хэмжээнд оролцов. (Ikon)

  • 🐮Шүлхий өвчний халдвар авсан бүх малыг устгалд оруулна. (Оройн тойм)

  • 🎉УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлууллаа. (News)

  • 🛴АТГ мопед, скутер замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав. (UIH.mn)

📊Бодлого

  • ⛏️Бортээгийн ордыг Эрдэнэс тавантолгой ХК ашиглалтад оруулна. (Засгийн газар)

  • 🛵Насанд хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн скүүтер, мопед, суррон унана.(UBn)

  • 📜УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. (Itoim)

  • 📈УИХ Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжиж, төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.(gogo)

ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гамшиг судлалын төвөөс “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын сэтгэл ханамжийн судалгаа”-г 2023 онд хийжээ. 

Судалгаанд алба  хаагчийн  үйл ажиллагааны  удирдлага  зохион  байгуулалт, ажлын  сэтгэл  ханамжийг тодорхойлох  зорилгоор  нийт  195 алба  хаагчийг  хамруулсан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын сэтгэл ханамжийн судалгаа”-2023

Судалгаанд хамрагдсан алба хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, удирдах ажилтны ур чадвар, мэргэжлийн мэдлэг, ажлын байран дахь сургалт ажлын байрнаас гадуурх сургалт оролцоо. Мэргэжлийн ур чадвар, туршлага, дэмжлэг, ажлын орчин, ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамж зэрэг 12 багц бүхий 69 асуумжаар ажилтны сэтгэл Ханамжийн ерөнхий үзүүлэлтийг нэгтгэн гаргахад нийт оролцогчдын 17,4% нь ажилдаа сэтгэл ханамж муу үзүүлэлттэй 82,6% Сэтгэл ханамжтай үр дүн үзүүлсэн байна. 

Судалгааны бүтэн тайланг эндээс үзнэ үү. Мөн 2026 оны IV сарын байдлаар 1817 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.  Онгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, гамшиг, ослын статистик тоо баримттай энд дарж танилцаарай. 

Нэг эрийн тоглоом

Хууль батална гэдэг тоглоом биш. ⚖️Хэн нэгэн санаандаа орсон уран төсөөллөөрөө хууль санаачилж, үндэсний өв соёл, ёс уламжлалаа үгүйсгэнэ гэдэг эрсдэлтэй. 🏇Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

📣Тодруулбал, энэ хуулийн төсөлд Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна. Мөн дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно гэж заажээ. 🎯 Сонсоход сонирхолтой бас шинэлэг байж болох ч хууль болгож батлах шаардлага бий юу. Хэрэгтэй бол хувийн хэвшил санаачлаад зохион байгуулж болох зүйл гэж үзэх талууд олон байна.

Ийнхүү уг хуулийн төсөл нийгмийн өргөн хүрээний маргаан өдөөсөн тул Ардчилсан намаас санал гаргаж, хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлууллаа. Харин хууль санаачлагч О.Амгаланбаатар гишүүний хувьд монгол уламжлалын дагуу энэ наадмаа өөрөө хийж үзүүлнэ гэж мэдэгдээд байна. 📚Гэвч түүхч, судлаачдын хэлж буйгаар Монголчууд нэг хүний эрийн гурван наадам хийж байсан түүх байхгүй. 🎬Энэ нь зөвхөн уран сайхны кинонд л байдаг үзэгдэл гэдгийг хэлж байна. Ийм байтал тус хуулийн төслийг УИХ-ын 41 гишүүн дэмжиж, гарын үсгээ зураад амжсан нь тоглоомтой. 🙈Хууль батална гэдэг нэг эрийн тоглоом биш. Сайхан санаа бүрийг хууль болгох боломжгүй бас албагүй. 😶 Ичиг ичиг.

Баян ходоодны гишүүд

Хаврын чуулган эхэлснээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган 25 удаа хуралдахад гишүүдийн ирц дунджаар 81 хувьтай байна. Харин 126 гишүүнээс зургаан хүн ирцэндээ анхаарах шаардлагатай гэж нэгдсэн хуралдааны ирцийн хяналтын самбарт мэдээлжээ. Харамсалтай нь ирцээрээ сүүл мушгиж буй зургаан хүний гурав нь Монгол төрийн өндөр албан тушаалыг хашсан хүмүүс байх юм. 👤Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, одоогийн Ерөнхий сайд Н.Учрал нар хамгийн бага хувийн ирцтэй зургаан хүний тоонд багтаж байна. 🤔Тэд ирцээрээ сүүл мушгих биш бусдадаа үлгэрлэх ёстой улс төрчид, гэвч баян ходоодонд... 🙄

Шударга хуваарилалт ба хүйсийн цалингийн зөрүү

Нийгэм дэх шударга ёс нь нэг чухал хэмжүүр нь баялаг болон нөөцийн хуваарилалт юм. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд "Хуваарилалтын шударга ёс" (Distributive Justice) хэмээх онолоор тайлбарладаг бөгөөд энэ нь ижил төрлийн хөдөлмөр эрхэлж буй хүмүүс хүйсийн ялгаанаас үл хамааран ижил цалин хүртэх ёстой гэсэн зарчим юм.

Монгол Улс дахь нөхцөл байдал

Үндэсний статистикийн хорооны 1212.mn сайтад дурдсанаар, манай улсад 2025 оны 4-р улирлын байдлаар эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин 2,547,600 төгрөг, харин эрэгтэйчүүдийнх 3,170,300 төгрөг байна. Энэхүү тоон үзүүлэлт нь хүйсийн ялгаатай цалингийн зөрүү бодитоор оршин байгааг харуулж байна. Харин хуваарилалтын шударга ёсыг бодитоор хэрэгжүүлж буй улсын жишээ гэвэл Исланд улсыг дурдаж болно.

Исланд улс нь 2017 онд "Equal Pay Certification" буюу тэгш цалингийн гэрчилгээ хуулийг батлуулсан байдаг. Энэхүү хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагууд эрэгтэй, эмэгтэй ажилтнуудад ижил үнэ цэнтэй ажлын төлөө ижил цалин олгож байгаагаа баталгаажуулах ёстой бөгөөд байгууллагууд хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулж, тэгш цалингийн гэрчилгээ (Equal Pay Certification) авах үүрэгтэй. Ийнхүү нотолж чадахгүй бол торгууль ногдуулж болно. Энэ хууль нь ажилтан бус, харин ажил олгогч талд нотлох үүрэг хүлээлгэсэн гэдгээрээ дэлхийд анхдагч хууль гэж үзэгддэг. 

Хуваарилалтын шударга ёс нь нийгмийг эрүүлжүүлэх гол хүчин зүйл юм. Исланд улсын авч хэрэгжүүлсэн энэхүү бодлого нь шударга ёсыг зөвхөн уриалах бус, хууль эрх зүйн баталгаатай бүтэц болгон хувиргах нь ямар чухал болохыг бидэнд харуулж байна.

“БЭТ” түүх болов

🏛️УИХ-ын нэгдсэн чуулганар С.Цэнгүүн гишүүний санаачилсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг эцэслэн баталлаа.

📜1991 онд батлагдсан энэ хууль нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих үеийн эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн үйлдвэр, байгууллагын үйл ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилгоор гарсан онцгой арга хэмжээний шинжтэй зохицуулалт байсан. 🏭Гэвч 2019 оноос хойш тус хуулийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК зэрэг хэд хэдэн томоохон компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. ⚠️Ийнхүү БЭТ томилсноор тухайн компанийн шийдвэр гаргах эрхэд шууд халдаж, компанийн бие даасан байдлыг хязгаарлаж, улс төрийн оролцоо, ашиг сонирхлын зөрчлийг нэмэгдүүлэх эрсдэл дагуулсан. Товчоор хэлбэл, онцгой дэглэм тогтоох нэрээр хөдөлмөрийн болон компанийн хуулийг илт зөрчиж, тухайн компанийн төр бүрэн хяналтандаа авдаг буруу жишиг тогтсон гэж хэлж болно. ✍️Иймээс 1991 оны “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болсонд тооцох хуулийн төсөл санаачлан батлуулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар:

  • 🚀Хууль зүйн орчны давхардал, зөрчил арилж, төрийн оролцоо хуульд заасан хүрээгээр хязгаарлагдана.

  • 🚀Төрийн өмчит компанийн засаглал ил тод, хариуцлагатай болж, улс төрийн нөлөө, авлига, ашиг сонирхлын эрсдэл буурах нөхцөл бүрдэнэ.

  • 🚀 Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд зах зээлийн зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулах, ашгийн төлөө үр ашигтай менежмент хэрэгжүүлэх чадамж нэмэгдэх бөгөөд компанийн гүйцэтгэл, үр ашиг илүү тогтвортой хэмжээнд хүрэх боломжтой болно гэж үзэж байна.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгуультай холбоотойгоор хэвлэл мэдээллийн сувгуудаар болон олон нийтийн сүлжээнд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон сонгуульд нэр дэвшсэн болон дэвшээгүй нэр бүхий шүүгчдийн талаар бодит байдалд нийцээгүй, худал мэдээ, мэдээллүүд гарч олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул дараах тодруулга, мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж Улсын дээд шүүх үзлээ.

Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага бөгөөд Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо, өөрсдөө сонгох замаар хараат бус, бие даасан байдлаа хангаж, шүүгчдийн олонхын санал авсан шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилуулахаар санал болгож нэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлдэг, үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий шүүгчийг томилдог.

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ц.Цогтыг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсэн шийдвэр нь хүчин төгөлдөр бөгөөд эцсийнх.

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Энэхүү хуулийн төсөл нь баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг сэргээж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх зорилготой. Хуулийн төсөлд дурдсанаар 2022 онд шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш олон баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал тогтмол хуралдахгүй болж, иргэдийн оролцооны механизм доголдсон гэж үзжээ.

📌 Хуулийн төслийн гол зохицуулалтууд:

  • 👥Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг танхим, цахим болон хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломж бүрдүүлнэ.

  • 🗳️Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож, хурлын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах бүтэц бий болгоно.

  • 📱Цахимаар оролцох, цахим гарын үсгээр санал баталгаажуулах боломжийг хуульчилна.

  • 📊Хурлын ирцийн босгыг баг, хорооны хүн амын тоотой уялдуулан шинэчлэн тогтооно.

  • 💰Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зардлыг төсөвт тусгах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

💬 Сүүлийн жилүүдэд олон баг, хороонд Иргэдийн Нийтийн Хурал бодитоор ажиллахгүй болсон гэх шүүмжлэл гарч байсан. Харин энэ төсөл иргэдийн оролцоог сэргээж, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үү, эсвэл төсвөөс санхүүждэг боловч нөлөө багатай шинэ бүтэц бий болгох уу гэдэг нь анхаарал татаж байна.

📣 Хуулийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, Г.Төгөлдөр, А.Номин-Эрдэнэ

Keep reading