📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. 🔥Нэг л мэдэхэд “халуухан” хавар дуусаж, хаврын ээлжит чуулган хаах хугацаа ойртжээ. 🗣️Саяхан л “халуухан юм болно” хэмээн ярьж явсан улс төрчид таг чиг болжээ. ❓Ийм ч болохоор нөгөө яриад байсан хэргүүд чинь юу болсон бэ хэмээн иргэд бухимдаж байна. 📱Улстөрчид нийгмийн сүлжээнд бие биенээ хулгайч хэмээн дуудсаар, гэвч хэн ч хариуцлага хүлээгээгүй хэвээр л байна. Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.

🎉UIH.mn цахим товхимлыг тантай хамт долоо хоног бүр 90’000 хүн уншиж байна.

Эзэнгүй суудлын өртөг

📛Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн найман мандаттай тойргоос нэгээр сонгогдсон. Энэ бол сонгогчдын зүгээс түүнд үзүүлсэн том итгэл байв. 📜Тэгвэл олон нийт түүнд ямар эрх олгосон бэ?

Товчоор хэлбэл Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдийн төлөөлөл болж, хууль тогтоох үйл явцад идэвхтэй оролцох, баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянаж ажиллах үүрэг хүлээлгэсэн.

⁉️Гэтэл 2024 оны Намрын ээлжит чуулган 29 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Х.Баттулга 17 удаа тасалж, таван удаа чөлөөтэй, нэг удаа гадаад томилолттой байв.

📉Ингээд нийт дүнгээр нь харвал 2024 оны Намрын чуулганы нийт хуралдааны ердөө 21 хувьд нь оролцсон. 2025 онд мөн ялгаагүй. Хоёр удаагийн нэгдсэн чуулганыг 13 хувь, 22 хувь гэсэн ирцтэйгээр дуусгаж, төлөөллийн үүргээ хангалтгүй биелүүлснийг нээлттэй мэдээллээс харж болно. 📈Эцэст нь “Одоо хуралдаа сууна аа. Ээж байнга загнаад байгаа” 😓хэмээн хэвлэлд яриа өгснөөсөө хойш идэвх, оролцоо нь сайжирч 2026 оны хаврын чуулганд 52 хувийн ирцтэй оролцжээ.

📌Энэ бол нэг л жишээ. Уг нь УИХ-ын гишүүд ээж, аавынхаа үгийг сонсохоос гадна сонгосон тойргийнхоо иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, хууль батлан хэрэгжүүлэх замаар шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах ёстой. 👥Ийм учраас хуралдаа суудаггүй гишүүдийн ард нэг тойргийн иргэд төлөөлөлгүй үлдэж, тэдний гаргасан санал хүсэлт, асуудал бэрхшээл шийдэлгүй хоцордог. ⚠️Зөвхөн нэг тойргийн иргэдийн эрх ашиг гэж харах нь ч өрөөсгөл. Төрийн түшээ хүн нийт Монголчуудын өмнөөс шийдвэр гаргаж, улсын хөгжлийг урагшлуулахад манлайлан ажиллах ёстой. Гэтэл хариуцлагагүй гишүүдээс болж нэгдсэн чуулган болон байнгын хороодын ирц хүрэхгүй хойшилж, парламентын үйл ажиллагаа удааширдаг.

📉Мөн санал хураалт явуулахад гишүүдийн ирц хүрэхгүй, хойшлуулах тохиолдол ч их байна. 🔄Энэ бүх шийдвэрүүд хуримтлагдаж явсаар хуулийн төслүүдийг олноор нь нэгэн зэрэг хурдан хугацаанд хэлэлцэж, батлах тохиолдлууд гардаг нь сайны дохио биш. Парламент бол хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж хуулийн төслийг тал бүрээс нь сайтар хэлэлцсэний эцэст зөв шийдлийг нь хууль болгож батлах учиртай. 🚫Гэвч нэг гишүүний хариуцлагагүй байдал нь нийтийн асуудал болж, эцэстээ муу хууль батлагдах, парламент хууль батлах үндсэн ажлаа бүрэн дүүрэн хийж чадахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна…

… Эцэстээ энэ бүх асуудал зөвхөн ирцээр тогтохгүй, парламентын ардчилал бодитоор хэрэгжихэд тээг саад болж эхэлнэ гэсэн үг.🤔

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

🏛️Улс төр, нийгэм

  • Маш чухал: Сонгууль өгөхдөө мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигчийг дугуйлж болдоггүй зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ. (Цэц)

  • ⚖️АН-ын акц: Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагад хариу өгөөгүй учраас АН Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлнэ. (UBn)

  • ⛏️Хойшлуулав: Зэсийн АМНАТ-ийг бууруулах өөрчлөлтийг “Онтре”-ийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийтэл хөндөхгүй.(Eguur)

  • Хариуцлага: ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь хууль, журам зөрчсөн тул сахилгын шийтгэл оногдуулна. (Ikon)

  • 💢СЕХ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол боллоо. (Оройн тойм)

📊Бодлого

  • 🏭Зэс: Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагчаар “Эн Эф Си” компани шалгарлаа. (Засгийн газар)

  • ‼️Яаралтай горим: Засгийн газрын өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ. (Parliament)

  • 🛵Скүүтэрийн зохицуулалт: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. (UIH.mn)

  • 📊5%-ийн бодлого: Ардчилсан нам таван татварыг таван хувь болгох иж бүрэн бодлогын баримт бичгийг урьдчилсан байдлаар танилцууллаа. (Graph.mn)

Том төслүүдийн эрэмбэ

📊“National Opinion” сар бүрийн нийгэм, улс төрийн барометр судалгааны 5 дугаар сарын үр дүнгүүдээс хүргэж байна. 

“National Opinion” судалгаа нь улс төр, нийгмийн хүрээнд өрнөж буй үйл явдал, тулгамдсан асуудлуудад Монголчууд ямар байр суурьтай байгааг системтэйгээр хэмжих зорилготой сар бүрийн тогтмол судалгаа юм.

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө хүрээнд дээрх 14 мега төслийг зарласан. Иргэд эрчим хүч, түлш шатахуун, уран, газрын ховор элементийн төслүүдийг хамгийн сайн мэддэг. Харин хиймэл дагуул, гангийн цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг төслүүдийн талаар 60-аас дээш хувь нь огт мэдээлэлгүй гэжээ.

Иргэдийн хамгийн чухал ач холбогдолтой гэж үнэлсэн мега төслүүд нь эрчим хүч болон газрын тос боловсруулах төслүүд байна. Харин мэдээллийн түвшнээс үл хамааран уран олборлох, газрын ховор элемент зэрэг төслүүдийг дэмжээгүй эсрэг байр суурь илэрхийлжээ.

Монголд уран, газрын ховор элемент олборлохыг эсэргүүцдэг “талууд” хүссэндээ хүржээ…

Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад яг нэг жилийн хугацаа үлдээд байгаа энэ үед түүний санаачилсан хөтөлбөрүүдээс “Тэрбум мод үндэсний хөтөлбөр”-ийн талаар иргэд хамгийн сайн мэддэг, харин “Цагаан алт” хөтөлбөрийн талаар хамгийн бага мэдээлэлтэй байна.

Ерөнхийлөгчийн төслүүдийн хувьд иргэдийн мэдээллийн түвшин болон үнэлгээ шууд хамааралтай байгааг дээрх үр дүнгээс харж болно. Судалгааны бусад үр дүнгүүд болон албан ёсны тайлантай танилцахыг хүсвэл эндээс мэдээлэл авна уу. 

Хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ардчиллын амин сүнс нь гэж хэлж болно. ⚠️Гэтэл хэн нэгэн албан тушаалтан бичиг хийж өгөөд л хэвлэлийн байгууллагыг торгож, шийтгэнэ гэдэг байж боломгүй зүйл. 👤Тэр тусмаа хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтан ийм үйлдэл гаргасан нь харамсалтай. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт нийтийн албан тушаалтны зургийг нийтэлсэн Zuv.mn сайтыг Зөрчлийн хуулийн дагуу 20 сая төгрөгөөр торгосон.  📌Учир нь ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь нийтийн албан тушаалтны зураг нь “хувь хүний биометрик мэдээлэл”-д хамаарна гэх агуулгатай бичиг явуулсан нь тухайн сайтыг торгох үндэслэл болсон байна. 🗣️Иймээс Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон сэтгүүлчид хүчтэй шүүмжлэл өрнүүлж, УИХ-ын дарга С.Бямбацогт хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэж мэдэгдсэн. 🔍Эцэст нь ХЭҮК-оос ажлын хэсэг гарч шалгаад Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзоригт сахилгын шийтгэл оногдуулахаар болсон байна.

🚨Энэ бол хүний эрх болон хууль хүчний байгууллагын ажилтнуудын хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан нийгмийн тухай буруу хандлага, ойлголттой байгааг харуулсан нэг л тодорхой жишээ. Үүний цаана хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан нийгмийн тухай ойлголт мэдлэггүй, тамга тэмдэг атгасан дарга нар хэр олон байгаа бол. 😟Түгшүүртэй л байна шүү.

Махны улс төр

📢Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхээр хичээж байна. Даваа гарагт бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах тухай гэнэт ярьж эхэлсэн. ❓Гэхдээ үүнийг нь бүлгийн гишүүд бүгд дэмжсэн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. 🗣️Ерөнхий сайдын зүгээс энэ бол АН-ын хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа улс төржилт гэж тодорхойлсон. 📝Одоогоор АН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлэл алга байна. 🤝

📊Харин АН пүрэв гаргийн "4:11” мэдээллийн цагаараа таван татварыг таван хувь болгох бодлогоо танилцууллаа. 💰Тодруулбал, НӨАТ, гаалийн татвар, ХАОАТ зэрэг татваруудыг таван хувь болгох хуулийн төслийг батлуулснаар хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг болно гэж үзэж байна. 📌Уг нь УИХ-д 42 суудалтай АН-ынхан нэг санаа зорилготой байж, энэ мэт бодлогын чухал хуулийн төслүүдийг батлуулж чадвал, иргэдийн ахуй амьдрал, улс орны хөгжилд хэрэгтэй. Гэвч УИХ аль хэдийн татварын багц хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихсэн энэ үед АН хуулийн төсөл боловсруулах тухай дөнгөж ярьж буй нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх мэт үйлдэл болов.

🎯Сөрөг хүчин асуудлын араас гарч ирдэг биш, олон нийтийн дуу хоолой болж манлайлах шаардлага бий. 📣Хаваржин ярьсан махны үнэ, бордюрын тухай сөрөг хүчний гишүүд өнөөдөр гэнэт чангаар хашхирлаа ч нийгэм хүлээж авах нь юу л бол. Иргэд сөрөг хүчнээс илүү ухаалаг, итгэл төрүүлэх шийдлийг хүлээж байна!

Минимализмын туйлшрал ба Максимализмын хэлмэгдэл

"Цөөхөн зүйлээр их хангалуун амьдрах" тухай философи болох минимализм сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Гэвч үүний цаадах туйлын зорилго нь үнэхээр хүний сэтгэлийн амар амгалан руу чиглэдэг үү, эсвэл зах зээлийн бидэнд тулгасан дараагийн "бүтээгдэхүүн" үү?

Минимализмын үндсэн санаа нь хуучин цагийн буддизм, стоицизм зэрэг гүн ухаанаас эхтэй. Хүн эд хөрөнгө, гадаад хүчин зүйлээс хамааралгүй болох тусам дотоод сэтгэлийн эрх чөлөөг олдог гэж үздэг. Гэвч өнөөдөр минимализм өөрөө маш том "Брэнд" болон хувирчээ. Капиталист нийгэм юуг ч хамаагүй ашиг олох хэрэгсэл болгож чаддаг бөгөөд минимализмыг ч тойрч гараагүй бололтой.

1. Хоосон орон зайн "үнэтэй" чамирхал

Инстаграм, сошиал медиагаар дүүрэн цэвэрхэн амьдралын хэв маяг. Эдгээр нь ихэмсэг, тансаг, дээд зэрэглэлийн гэсэн утгыг илэрхийлэх болж минимализмын уг мөн чанар алдагдаж зах зээлийн шинж чанартай болоод байна. Соёлын шүүмжлэгч Кайл Чайка өөрийн "The Longing for Less: Living with Minimalism" номдоо орчин үеийн минимализм хэрхэн инстаграмд зориулагдсан үнэтэй брэнд гоо зүй болон хувирсныг маш хурцаар шүүмжилсэн байдаг.

Цулгуй, цэвэрхэн харагдахын тулд хүмүүс хуучин өнгөлөг зүйлсээ хаяж, зориуд "минималист дизайнтай" маш үнэтэй тавилга, хувцас, цахилгаан хэрэгслийг худалдаж авч байна. Тэгэхээр энэ нь худалдан авалтаа зогсоосон хэрэг үү, эсвэл зүгээр л өөр төрлийн худалдан авалт уу?

Суррон, скүүтэр, мопедын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?

📅УИХ-ын нэгдсэн чуулганаар П.Батчимэг нарын гишүүд өргөн мэдүүлсэн суррон, скүүтэр, мопедын замын хөдөлгөөнийг зохицуулах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ирэх сарын нэгнээс эхлэн хэрэгжих энэ хуулийн онцлох заалтуудаас хүргэе.

  • 🔞Монгол улсын нутаг дэвсгэрт цахилгаан дугуй, цахилгаан скүүтэрийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

  • 🏍️Мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

  • 🚲Замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна. ➡️Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд дараах замаар явж болно:

    • 🛣️Зорчих хэсгийн баруун гар талын зах буюу хөвөөгөөр болон нийтийн тээврийн эгнээгээр;

    • 🚶‍♂️Явган хүний замаар хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй явах ба явган зорчигчид саад, аюул учруулахгүйгээр зорчино.

  • 🏙️Аймаг, Нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн харьяа нутаг дэвсгэртээ захиргааны хэм хэмжээний акт гаргаж, хэрэгжилтэд хяналт тавина.

Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нарын санаачилсан энэхүү хуулийн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, бага насны хүүхэдтэй эцэг эх, хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэд төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг саадгүй авах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой.

📌 Хуулийн төслийн гол зохицуулалтууд:

  • 🏢Төрийн байгууллага, үйлчилгээний газрууд саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандартыг мөрдөж, шаардлагатай хөрөнгийг төсөвтөө тусган хэрэгжүүлнэ.

  • 🚌Нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хүртээмжтэй болгож, дуут болон дүрст мэдээлэл, брайл тэмдэглэгээ, туслах ажилтны дэмжлэгийг нэвтрүүлнэ.

  • 📚Сургуулиуд ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад зориулсан орчин, тоног төхөөрөмж, сурах бичиг, туслах технологийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

  • 🚨Гамшгийн үеийн зарлан мэдээллийг дохионы хэл, брайл, том бичвэр зэрэг олон хэлбэрээр хүргэх зохицуулалт тусгажээ.

  • ⚖️Тэргэнцрийн зам, налуувч, харааны бэрхшээлтэй иргэдийн зориулалтын байгууламжийг хааж саад учруулсан тохиолдолд торгууль ногдуулахаар тусгасан байна.

💬 Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна ахмад настан, бага насны хүүхэдтэй эцэг эх зэрэг олон зуун мянган хүн өдөр тутамдаа хүртээмжийн бэрхшээлтэй тулгарч байгааг хууль санаачлагчид онцолжээ.

📣Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцах бол энд, саналаа өгөх бол энд дарна уу.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, Г.Төгөлдөр, А.Номин-Эрдэнэ

Keep reading