📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. ⛏️Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймаг дахь Тавантолгойн бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, нээлтэд нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцлоо.
Саяхан л улстөрчдийн хэрүүлийн алим болоод байсан тус ордыг Монголчууд өөрсдөө ашиглана гэх шийдвэр гаргаж, Бортээгийн төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гардан хариуцаж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллана гэж мэдээлж байна.
Өөрсдөө хийж байгаа нь сайн хэрэг. ⚠️Гэхдээ төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулахгүй бол ямар ч баялаг хулгайн замаар орж мэдэх тогтолцоо нэгэнт үүссэн гэдгийг анхаарч, ил тод, ажиллахыг хүсье. 🔍Баялаг бол боломж. Харин сайн засаглал л тэр боломжийг нийт иргэдэд хүртээдэг.
Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.

🎉UIH.mn цахим товхимлыг тантай хамт долоо хоног бүр 90’000 хүн уншиж байна.

Ц.Цогтыг Ерөнхий шүүгчээр сонгосон шалтгаан

⚖️Монголын шүүх эрх мэдэл шинэ тэргүүнтэй боллоо. 👏 Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Энэхүү томилгоог хууль, шүүхийн салбарынхан төдийгүй түүнийг мэдэх олон хүн эергээр хүлээн авч байна.
🛡️ Шүүх эрх мэдэл бол ардчилсан төрийн эрх мэдлийн гурван тулгуурын нэг. Тиймээс түүний тэргүүн нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлээс хараат бусаар ажиллаж, иргэн бүрийн эрх, эрх чөлөөг шударга, хараат бус шүүхээр хамгаалуулах Үндсэн хуулийн үнэт зарчмыг баталгаажуулах онцгой үүрэгтэй.

👨‍⚖️ Ерөнхий шүүгч хууль баталдаггүй, төсөв захирдаггүй, улс төрийн шийдвэр гаргадаггүй. Харин шүүхийн бие даасан байдлыг хамгаалж, улс төр, бизнес болон аливаа эрх мэдлийн зүй бус нөлөөллөөс шүүхийг ангид байлгах, шүүгчдийг шударга, ёс зүйтэй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь түүний хамгийн чухал үүрэг юм. Энэ утгаараа Ерөнхий шүүгч нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсны бат бэх түшиц, хамгаалагч байх учиртай.

🤝 Энэ хариуцлагатай албыг нэр төртэйгөөр хэрэгжүүлж чадна гэсэн итгэл, хүлээлтийг Ц.Цогт шүүгч өөрийн замнал, ёс зүй, мэргэжлийн үйл ажиллагаагаараа хэдийнээ бий болгожээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий Шүүгч Ц.Цогт

📚Ц.Цогт нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежид Хууль зүйн ухааны магистрын зэрэг, 2017 онд Япон улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Түүний магистрын судалгааны ажил нь Монгол Улс дахь хуулийн тайлбар: Абстракт хандлагаас ангижрах нь гэсэн сэдэвтэй. Харин докторын судалгааны бүтээл нь Монгол Улс дахь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу шилжсэн үү? гэх сэдэвтэй. Энэ бүтээл нь Франц, Германаас үүдэлтэй Оросоор дамжин Монгол Улсад орж ирсэн захиргаадалтын хяналтын загвараас бид бүрэн салж чадсан эсэх тухай харьцуулсан судалгаа аж. Хэдийгээр манай улс Ардчилсан тогтолцоонд шилжиж, хууль эрх зүйн хувьд өөрчлөлт гарсан хэдий ч захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу бүрэн шилжсэн гэж шууд дүгнэх боломжгүй. 🏛️Зарим захиргаадалтын арга, хэлбэр нь одоог хүртэл байсаар байгаа гэдгийг Ерөнхий шүүгч Ц.Цогт өмнө нь хэлж байв.

👨‍⚖️Сонгинохайрхан дүүргийн шүүхээс ажлын гараагаа эхэлж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2004 оноос хойш Захиргааны хэргийн шүүгчээр 16 жил, Улсын дээд шүүхийн шүүгчээр зургаан жил ажилласан туршлагатай. Шүүхийн салбарт ажиллахын зэрэгцээ МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Хууль зүйн үндэсний хүрээлэнд багшилж, МУИС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор ажилладаг. 🌏Түүний хувьд Монголын шүүгчдийн холбооны Гадаад харилцааны дэд хороог ахлан ажиллаж, Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн байгууллага болоход бодлогын болон үйл ажиллагааны гол дэмжлэгийг үзүүлсэн. Хууль, шүүхийн салбарынхан түүнийг Монгол Улсад захиргааны эрх зүйн шүүх тогтолцоог бий болгох, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, захиргааны эрх зүйн төрөлжсөн нарийн мэргэшсэн сургалт, судалгаагаар дотооддоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, онол-практикийн туршлагатай хэмээн үнэлдэг аж. Ийнхүү шүүхийн салбарт эрдэм мэдлэг болон ажлын туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн Монгол Улсын Ерөнхий шүүгчээр томилогдсон нь Монгол улсад авлига, хээл хахууль газар авч, иргэдийн шүүхэд итгэх итгэл буурсан энэ л цаг үед нүдээ олсон томилгоо боллоо.

👨‍⚖️Шинэ Ерөнхий шүүгч ажлаа хүлээн авах үеэрээ “Шүүхийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, өөрчлөлтийг цаашид тууштай үргэлжлүүлж, холбогдох төрийн байгууллагуудтай хуульд заасан чиг үүрэг, журмын хүрээнд хамтран ажиллана. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хаших болно” хэмээн хэлсэн. ⚖️Хэлсэн үгэндээ эзэн байж, шударга ёсны талд бат зогсоно гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

🏛️Улс төр, нийгэм

  • ⚖️Ерөнхийлөгчийн зарлиг: Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. (gogo)

  • 🎙️Сонсгол: “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал’’ Ерөнхий хяналтын сонсгол боллоо. (Itoim)

  • ⚠️Ашиг сонирхол: УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр улаан цагаандаа гарч Тамхины татварын хуулийг гацааж байна гэж мэдээллээ. (Оройн тойм)

  • Томилгоо: УИХ-ын чуулганаар Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо. (Eguur)

  • Ажилт хаялт: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 30-наас эхлэн улс орон даяар ажил хаялт зохион байгуулах болсноо мэдэгдлээ.(UIH.mn)

  • Эрчим хүч: Сэргээгдэх эрчим хүчний төслийн шалгаруулалт, үнийн дуудлага худалдаа буюу анхны аукционыг энэ сарын 18-нд зохион байгууллаа. (МонЦаМэ)

📊Бодлого

  • Нээлт: Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ. (UBn)

  • Татан буулгав: “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав. (MNB)

  • 💰Чуулган: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. (Parliament)

  • 💢Цахим шилжилт: Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ. (Засгийн газар)

Энэ удаагийн дугаартаа Монгол Улсын Уур Амьсгал ба Хөгжлийн Тайлан (Country Climate and Development Report)-гийн онцлох үр дүнгүүдээс хүргэж байна. 

Дэлхийн банкнаас 2024 онд гаргасан энэхүү тайланд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон дэлхий даяар нүүрснээс татгалзах хандлагын давхар сорилттой тулгарч байгааг онцолж, уур амьсгалын тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ нүүрсний эдийн засгаас ангижрах яаралтай хэрэгцээг нотолжээ. Судалгааны онцлох үр дүнгүүд: 

  • 🏞️Байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдсэн

    Монгол улсад сүүлийн 80 жилд гамшгийн давтамж хоёр дахин өслөө. 2024 оны зуд дангаараа 9.4 сая мал хорогдуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 28.7%-аар буурав.

  • 🌳Хүлэмжийн хий: Нэг хүнд ноогдох ялгаруулалт өндөр

    Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтад Монгол хувь эзэлдэггүй ч нэг хүнд ноогдох хэмжээгээр дэлхийн хамгийн өндөр орнуудын нэгд ордог гэжээ.

  • ⛰️Нүүрснээс татгалзах 

    2040-өөд он гэхэд нүүрсний дэлхийн эрэлт буурна. Харин засгийн газар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 22.7%-аар бууруулах зорилт тавиад байна.

  • ⁉️Шинэ боломж уу, Эрсдэл үү?

    Нүүрснээс татгалзах нь зэс болон бусад ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлж, Монголд шинэ эдийн засгийн боломж нээж өгнө гэж тайланд дүгнэжээ.

₮29 их наядын мега төслийн “хавх”

Улаанбаатар хот маань мега төслийн “хавх”- нд орсныг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан Нийслэлийн төсвийн нээлттэй сонсголын үеэр албаныхны дэлгэсэн тоо баримтууд, шинжээчдийн дүгнэлтүүд бэлхнээ харууллаа. 📉Дэлхийн 2000-аад мега төслийг судалсан Данийн эдийн засагч Бент Фливбьергийн дүгнэлтээр 10 төслөөс 9 нь зардлаа хэт бага, үр өгөөжөө хэт өндөр тооцдог. Төсөл батлуулах үедээ сайхан харагддаг ч хэрэгжих үедээ өртөг өсөж, өгөөж буурдаг аж. Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа 19 мега төсөл яг энэ эрсдэлийг санагдуулав.⚠️

💰Эдгээр төслийн нийт өртөг нь 28.9 их наяд төгрөг. Монгол Улсын нэг жилийн төсөвтэй дүйнэ. Нийт төсвийн 70 гаруй хувийг эзэлж буй төслүүдэд хийсэн дүгнэлтээр төсөвт үзүүлэх ачаалал, зээлийн эргэн төлөлтийн шинжилгээ хийгээгүй, эдийн засгийн өгөөж өндөртэй гэж байгаа ч нэгдсэн аргачлалаар үнэлээгүй тул харьцуулах боломжгүй болжээ. Туулын хурдны замын төсөл үүний тод жишээ. ⚠️Ашиг тусыг нь дэлгэрэнгүй тооцсон атлаа байгаль орчин, нийгэм, бусад төслүүдтэй давхцах нөлөөллийг хангалттай тусгаагүй байна. Ийм нөхцөлд “эдийн засгийн өндөр өгөөжтэй” гэсэн дүгнэлт бодит байдал дээр хэрэгжих эсэх нь эргэлзээтэй.❓

🚨Бүр анхаарал татах зүйл нь ихэнх төслийн ТЭЗҮ бэлэн боловч хэрэгжилт бараг эхлээгүй байгаа явдал. Шинжээчдийн үзэж байгаагаар төслүүдийн бэлтгэл хангалтгүй байна. 💸Гэтэл нийт өртгийн 57 хувь нь гадаадын зээл, тусламж, бондын эх үүсвэрээр санхүүжихээр төлөвлөгджээ. Өөрөөр хэлбэл төслүүд хөдөлж эхлээгүй байхад өрийн тоолуур хэдийнээ эргэж эхэлсэн гэсэн үг…

Төрийн өмчийг шимэгчид

🚨Ерөнхий сайд Н.Учрал төрийн өмчит компаниудаас болж “үгээ хэлж, үсээ зулгааж” сууна. Шинэхэн Ерөнхий сайд саяхан л төрийн өмчит компаниудыг цэгцэлнэ хэмээн зарлаж, 14 компанийг татан буулгахаа мэдэгдсэн. 🔴Гэтэл өнгөрсөн долоо хоногт  “Үнэндээ төрийн өмчит компанид шинэчлэл хийе гэхээр улс төрөө дийлэхгүй юм билээ. Төрийн өмчит компаниудын захирлууд бүгд хамгаалалттай. 14 компанийн 67 тэрбумыг хэмнэсний дараа утасны дуудлага тасрахаа больсон. Бүтээмжийн менежерүүд нь бүгд ардаа улс төрийн хамгаалалтай” хэмээн үнэнийг хэлэв. 📍Үүнийг баталсан бас нэг баримт Нийслэлийн төсвийн ерөнхий хяналтын сонсголын үеэр тодорхой болов. Тодруулбал, НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга гишүүнээр ажиллаж байна. Бүр нэг төлөөлөгч хэд хэдэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газар ТУЗ-д гишүүнээр ажиллахаас гадна гүйцэтгэх удирдлагад нь ажиллах тохиолдол ч байгааг шинжээчид танилцуулав.

💰Нийслэлийн өмчит болон нийслэлийн оролцоотой компаниудын мэдээллээс харахад ТУЗ-ийн дарга, гишүүдэд 2024 он, 2025 он болон 2026 оны эхний таван сарын байдлаар нийтдээ дор хаяж 1.9 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон тухай graph.mn сайт мэдээлснийг эндээс харж болно. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын ихэнх нь ашиг, орлого олдоггүй. Алдагдалтай ажилладаг хэрнээ Төлөөлөн удирдах зөвлөлд нь үргэлж улс төрийн нөлөө бүхий хүмүүс ажиллаж, төсвийн мөнгийг төрийн өмчит нэртэй компаниуд салаа, мөчрөөрөө урсгаж суудаг нь энэ. Ингэхдээ НИТХ-ын төлөөлөгчид төсөв баталдаг. Гэтэл төсвийг нь баталж өгсөн байгууллагынхаа ТУЗ-д нь өөрсдөө сууж байдаг. Тэгээд эцэст нь өөрийнхөө баталсан төсвийн мөнгөнөөс өөртөө урамшуулал авдаг. Одоо тэгээд хэн нь хэнийг хянах вэ? 🔺Ичиг ичиг.

Эзэнгүй суудлын түүх: Оролцоог хязгаарлах нь шийдэл биш

📊УИХ-ын нэгдсэн чуулганы тавдугаар сарын ирцийн мэдээллийг тухайн өдөр санал хураалтад оролцсон гишүүдийн тоотой харьцуулахад дунджаар 13 гишүүний зөрүү гарч байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 13 гишүүн ирцээ бүртгүүлчхээд саналт хураалтад оролцохгүй байна гэсэн үг. УИХ-ын нээлттэй мэдээлэлд байршуулсан эцэслэн баталсан хуулийн санал хураалтад оролцсон гишүүдийн тоог тухайн өдрийн ирцтэй харьцуулан харуулсан болно.

Гэтэл саяхан өргөн барьсан  Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуралдааны дэг зөрчсөн үйлдэлд тухайн асуудал, эсхүл тухайн хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах гэж оруулжээ. Энэ нь гишүүдийн оролцоог нэмж, төлөөллийн үүргээ сайн биелүүлэхэд нь дэмжих биш, эсрэгээрээ гишүүдийн оролцох эрхийг шууд хязгаарлах Ардчилсан парламентын үйл ажиллагааны үндсэн зарчмын эсрэг заалт болсон нь харамсалтай.

Цэцэг бэлэглэх соёлын түүх: Уламжлал, утга учир ба нийгмийн өөрчлөлт

Цэцэг бэлэглэх нь цаг хугацаа, соёл иргэншил, газар зүйн байршлаас үл хамааран хүн төрөлхтний сэтгэл хөдлөл, нийгмийн харилцааг илэрхийлж ирсэн түгээмэл үйлдэл билээ. Эртний зан үйлээс эхлээд орчин үеийн соёл хүртэл цэцэг нь нийгмийн үнэт зүйлс, хэм хэмжээ, хүмүүс хоорондын харилцааны хөгжлийг тольдон харуулсаар ирсэн. Энэхүү нийтлэлээр цэцэг бэлэглэх соёлын үүсэл, соёл хоорондын ялгаа болон нийгэм судлалын үүднээс түүний хувьсан өөрчлөгдсөн ач холбогдлыг авч үзэх болно.

1. Эртний үндэс: Зан үйл ба бэлгэдэл

  • Үржил шимт нутаг ба эртний иргэншил

Эртний Месопотами болон Египетэд цэцэг нь шашны болон оршуулгын зан үйлийн салшгүй хэсэг байв. Тэд цэцгийг үржил шим, дахин төрөлт болон бурханлаг байдлын бэлгэдэл гэж үздэг байжээ.

Жишээ: Египетчүүд бадамлянхуа цэцгийг нас барагсдын булшинд хийдэг байсан нь тэднийг хойд насанд нь хөтөлнө гэх итгэл үнэмшилтэй холбоотой байв.

  • Классик Грек ба Ром

Эртний Грек, Ромд цэцэг нь домог зүй, зан үйл үйлдэхтэй нягт холбоотой байжээ. Грекчүүд хайр, гоо үзэсгэлэнгийн дарь эх Афродитад цэцэг өргөдөг байсан бол Ромчууд цэцэг бэлэглэх соёлыг илүү албажуулж, баяр ёслолд цэцгэн хэлхээ хэрэглэж, хүндэтгэл, хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болгон бие биедээ бэлэглэдэг байв.

Социологийн өнцгөөс: Эрт үед цэцэг бэлэглэх нь хамтын итгэл үнэмшил, нийгмийн шатлалыг бэхжүүлж, хүн, байгаль, бурхан тэнгэрийн холбоог тодотгож байв.

Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаахгүй

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хууль болон нэр бүхий гишүүдийн өргөн барьсан ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт татварын ачааллыг бууруулахад чиглэсэн бөгөөд 2027 оноос хэрэгжих онцлох заалтуудыг багцлан хүргэе.

  • ХХОАТ
    ₮792 мянга хүртэлх буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон цалингийн орлогыг орлогын албан татвараас бүрэн чөлөөллөө.
    ₮792 мянгаас ₮2 сая төгрөг хүртэлх орлогод 1%-аар татвар тооцох зохицуулалт 2028.01.01-ээс хэрэгжиж эхэлнэ.

  • ААНОАТ
    • Уул уурхайгаас бусад салбарын, ₮6-10 тэрбумын ашигтай ААН-үүдийн орлогын албан татварыг 15% болгов.
    • Татварын өртэй ААН-үүдийн дансны 70 хувийг үл маргах журмаар авч, 30 хувийг үлдээдэг болов.
    • Татварын хяналт шалгалтаар тогтоогдсон алдангийн хэмжээг үндсэн төлбөрийн 50%-аас хэтрэхгүй.
    • Татварын тайлан залруулах хугацааг 2 жилээр сунгах боломжтой

  • НӨАТ
    • Жилийн борлуулалтын орлого ₮50 сая болсноор НӨАТ төлөгч болдог байсныг ₮400 сая болгов.
    • НӨАТ төлөх хугацааг 2 сараар хойшлуулах боломжтой.

  • Бусад
    • Тусгай хамгаалалттай газрын бүс нутгаас бусад газар байршилтай өөрийн өмчлөлийн орон сууцыг зарж борлуулсны орлогоос суутгах 2 хувийн татварыг тэглэсэн.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: З.Цэлмэг, Г.Доржтүвдэн, Г.Төгөлдөр, А.Номин-Эрдэнэ

Keep reading