📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Хаврын чуулган хаалаа. Ерөнхий сайд болон УИХ-ын даргаа огцруулж, сүр дуулиантай эхэлсэн хаврын чуулган өнгөрсөн хугацаанд 79 удаа хуралджээ. Оройхон гараад ширүүхэн дайрав гэгчээр нийт 278 хууль тогтоомж, эцэслэн баталсан байна. Энэ дунд Ерөнхий сайдын санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөс эхлээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Гэр бүлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай, Татварын багц хууль, Нийгмийн даатгалын тухай зэрэг олон чухал хууль, тогтоомж багтсан гэж УИХ-ын дарга хаалтын үгэндээ онцоллоо.

Гэвч нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, хүүхэд залуусын тамхины хэрэглээ, хорт зуршлыг бууруулах зорилготой Тамхины хяналтын тухай хуулиа эцэслэн баталж чадсангүй. Чуулганы төгсгөл хэсэгт уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг яаралтай горимоор оруулж ирсэн ч буцаан татав. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж амжив. Оюутолгой болон Онтрэгийн хэлэлцээртэй холбоотой хэмээн сөрөг хүчний анхааруулж буй уг хуулийн төслийг ирэх Намрын чуулганы эхний өдөр эцэслэн батлахад бэлэн болсон гэсэн үг. Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.

🎉UIH.mn цахим товхимлыг тантай хамт долоо хоног бүр 90’000 хүн уншиж байна.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

🏛️Улс төр

  • 💢Чуулган: Хаврын ээлжит чуулган хаалаа. (Parliament)

  • Хэлэлцээр: Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн талтай хийсэн хэлэлцээр амжилттай боллоо. (gogo)

  • ⁉️Наадам: 1024 бөх барилдуулах нь Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчинө. (Itoim)

🚨Томилгоо:

  • СЕХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томиллоо. (UBn)

  • Монгол банк: Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов. (News)

  • Байнгын хороо: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонголоо. (Isee)

📊Бодлого

  • Хяналт: Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн өмчит компаниудын захирлуудын цалин дунджаар 53.1 хувиар бууруулна гэж мэдэгдэв. (UIH.mn)

  • 🧭Чуулган: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг эцэслэн батлав. (Parliament)

  • 🔴Ахиц: Нотариатын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ. (Засгийн газар)

Би ч гэсэн эх орондоо хайртай

Оюутолгойн хэлэлцээр олны анхаарлын төв байлаа. Хэлэлцээрийн сүүлийн өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Хэрвээ зээлийн хүүг бууруулж чадахгүй бол Оюутолгойн төслийг зогсооно” гэж мэдэгдсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн хэлэлцээрийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Хөшигний ард юу болсныг тодорхой хэлж мэдэхгүй ч, асуудал өндрөө авсан нь тодорхой байв. Удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн дараа зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд З.Мэндсайхан Ерөнхий сайдад хэлэлцээрийн үр дүнг танилцуулахаар гарч ирэхдээ сэтгүүлчдийн асуултад “Би ер нь эх орондоо хайртай” гэж хариулсан нь сонирхолтой.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээр амжилттай боллоо хэмээн “өргөн хүрээтэй” мэдэгдэв.


💼 Нэгдүгээрт. Менежментийн зардлыг 2.2 тэрбум америк доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн гэж мэдээлэв.

💸 Хоёрдугаарт. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгож, 2.6 хувиар бууруулжээ. Ингэснээр Оюутолгой баялгийн ашгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум америк доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадсан байна. Үр дүнд нь Монгол талын хүртэх өгөөж 2.5 тэрбум америк доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна гэж мэдээллээ.

Оюутолгойн төслийн санхүүжилтийн зээл 9 хувь, давуу эрхтэй спонсорын зээл 9 хувь, урьдчилгаа төлбөрийн гэрээ 8.7 хувь, эргэлтийн хөрөнгийн зээл 7.1 хувийн хүүтэй байдаг. Харин манайд хамаарах хувь нийлүүлэгчдийн зээл 10.4 хувийн хүүтэй байсныг ийнхүү 7.9 хувь болгож, 2.5 хувиар бууруулжээ.

Энэ хүү нь АНУ-ын бодлогын хүүнээс хамаарч өөрчлөгдөх боломжтой. Тодруулбал, бодлогын жишиг хүү дээр нэмэх нь дөрвөн хувийн хүүгээр тохирсон байна.

🗓️ Гуравдугаарт. Дээрх хоёр хэлэлцээрийн үр дүнд Монголчуудын ногдол ашиг хүртэх хугацаа 2039 оноос 2037 он болж хоёр жилээр урагшилсан. Гэсэн ч энэ жилээс эхлэн Оюутолгойн баялгаас ногдол ашиг хүртэж эхлэх тохиролцоог хийжээ. Энэ тухай Рио Тинтогийн талтай дахин хэлэлцэж, нарийн тохиролцохоор шийдвэрлэсэн байна.

🔄 Үүнээс гадна хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутамд нэг удаа хэлэлцэж бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутамд зээлийн хүүг эргэж харж, хэлэлцэхээр тохиролцлоо.

Монголчуудын 80 хувь үргэлжлүүлье гэж ээ…

2026.05-р сарын “National Opinion” нийгэм, улс төрийн барометр судалгаанд оролцогчдын 79.6 хувь нь Оюу толгой төслийг үргэлжлүүлэх нь зөв гэж үзжээ. Ингэхдээ 71.6 хувь нь гэрээг Монголчуудын талд ашигтайгаар өөрчлөх ёстой гэжээ. Ямартай ч Монголчууд Оюу толгойн төслийг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа нь сайн хэрэг.

📌 Үр дүн:

🤝 Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Монголын тал Оюутолгой нийт өгөөжийн 53 хувийг хүртэх ёстой. Одоогоор 35 хувьтай байна. Хэлэлцээрийн дагуу зээлийн хүү өөрчилснөөр 40.5 хувь хүрч байна.

💰 Тодруулбал, зээлийн хүү буурснаар бид өдөрт 13.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүнд төлдөг байсан нь 10.2 тэрбум төгрөг болж буурч байгаа аж. Цаашид зээлийн бүтцийг шинэчлэх зэргээр Монголын талд ногдох хувиа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж Засгийн газраас мэдээлж байна.

⛏️ Харин Оюу толгойн бүлэг ордын нэг Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлэн тохиролцож, УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгсөн гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ.

Энэ удаагийн дугаараар Mongolian Journal of Economic Review сэтгүүлд 2025 оны 5 дугаар сард хэвлэгдсэн "Гадаадын жуулчдын Монгол Улсад аялах эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ: Таталцлын загварын аргыг ашиглах нь" өгүүллийг онцолж байна. Судлаач Энхбат Амаржаргал, Тэгшжаргал Содномдаваа нар 2000-2023 оны “панел өгөгдөл”-д суурилан Таталцлын загвар (Gravity model)-ыг ашиглаж, гадаадын жуулчдын Монголд аялах эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ хийжээ. 

Судалгааны тайлангаас онцолбол:

✈️ 2023 онд Монголд ирсэн нийт гадаадын жуулчдын 82.4 хувийг ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Герман гэсэн 5 улс эзэлж байгаа бөгөөд эдгээрээс ОХУ, БНСУ хамгийн түрүүлж байна.

🌍 Аялагч орны нэг хүнд ногдох ДНБ 1 хувиар өсөхөд Монголд аялах гадаадын жуулчдын тоо 0.7 хувиар нэмэгддэг бол, харин улс хоорондын зай алслагдах тусам эрэлт 2.38 хувиар буурдаг байна.

🛂 Монгол Улстай хиллэдэг орнуудаас ирэх жуулчдын тоо статистикийн хувьд ач холбогдолтой, эергээр нэмэгддэг бөгөөд энэ нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг харуулжээ

🚻 Гайхмаар нь, Монголын ариун цэврийн байгууламжийн хүртээмж болон худалдан авах чадварын паретийн харьцаа зэрэг үзүүлэлт статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан бол, харин аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс өссөнөөр жуулчдын эрэлт эрс нэмэгддэг байна. (индекс 1 нэгжээр сайжрахад эрэлт 6-7 хувиар өснө).

🤼‍♂️ Монгол бөхийн гайхамшиг

Монгол түмний эрийн гурван наадмын манлай үндэсний бөхийн барилдаан нь дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн баялаг техниктэй спортын нэг юм.

🗿 Олон мянган жилийн түүхтэй

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл, Хөнжлийн ууланд байх хадны зурагт хоёр бөх барилдаж, тэднийг тойрон хүмүүс суугаад үзэж буйг дүрсэлсэн байдаг. Хүрлийн үед хамаарах энэхүү олдвор нь монголчууд хамгийн багаар бодоход 7000 жилийн өмнө бөхийн барилдаанаар наадан цэнгэж байсныг баталгаа гэж үздэг. Энэ нь монгол бөх хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн эртний спорт тоглоомуудын нэг болохыг харуулж байна.

Улсын заан Н.Жаргалбаярын хавирах мэх. 2018 оны Улсын баяр наадам.

🧠 Мэхний далай: 45-аас 666 хүртэл

Монгол бөхөд барилдаж буй хоёр бөх биеийн аль ч хэсэгт (гар, хөл, их бие) хүрч, атгаж бодог тул мэхийн хувилбар арвин баялаг байдаг. Судлаачид хамгийн анхны үндсэн 45 гол мэхийг бүртгэсэн байдаг ч тэдгээрийн нарийн ялгамжит хувилбаруудыг нэгтгэвэл 666 мэх байдаг гэсэн тооцоолол бий.

Бөх хүн уран, даацтай барилдахын тулд мэхнүүдийг дотор нь дараах байдлаар ангилан эзэмшдэг:

  • Дан мэх: Нэг хөдөлгөөнөөр шууд хийгдэх үндсэн мэх (жишээ нь: Хавирах, Суйлах, Хөмрөх).

  • Давхар мэх: Нэгэн зэрэг хоёр өөр техникийг хавсран хийх (жишээ нь: Гуядаж хавсрах).

  • Угсраа мэх: Эхний мэхээ дутуу хийж өрсөлдөгчөө хууран, дараагийн мэх рүү шилжин унагах урлаг.

  • Хариулт мэх: Өрсөлдөгчийнхөө хийсэн мэхийг өөрийнх нь хүчийг ашиглан сөрж хийх мэх.

Сонирхолтой баримт: Монгол бөхийн хамгийн хүнд бөгөөд уран мэхний нэгийг "Өмсөх" мэх гэдэг. Энэ нь өрсөлдөгчийнхөө эрч, хүчийг ашиглан өөрийн зоон дээгүүр давуулан шиддэг маш өндөр мэдрэмж, уян хатан чанар шаардсан уран мэх юм.

АМНАТ

⛏️ Ашигт малтмал, уул уурхайтай холбоотой хууль, тогтоолууд үргэлж ашиг сонирхол, улс төрийн талцал маргаан дагуулж ирсэн.

📅 2006.07.08 - Ашигт малтмалын тухай хууль: Наадмын өмнөхөн баталсан энэ хууль стратегийн ордын эрх зүйн үндэс бий болгосон. 🏛️ Гэхдээ төр 34–50 хүртэлх хувийг эзэмших зохицуулалт орсон нь анхаарал татдаг. Энэ хууль эрх зүйн орчин нь Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн орд газруудыг ашиглалтад оруулах чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг.

② 💰 2006 - Алт зэсэнд 68 хувийн гэнэтийн ашгийн татвар тогтоов: Батлагдсаны дараа хөрөнгө оруулалт огцом саарсан гэж үздэг. 📉 2009 онд хүчингүй болсон.

③ 🗺️ 2007 - Стратегийн ордын жагсаалт: Оюу Толгой, Таван Толгой, Цагаан суварга зэрэг ордуудын асуудлыг тусгай дэглэмд оруулсан.

⚖️ Харин энэ удаагийн Хаврын чуулганы сүүлийн долоо хоногт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гэвч энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс ажлын гурав хоногийн завсарлага хүссэн. ⏳ УИХ-ын дэд даргын зүгээс эцсийн хэлэлцүүлэг тул дахин өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг дурдаад нэг цагийн завсарлага өглөө.

🗳️ Ингээд ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, гишүүдийн олонх дэмжлээ. Нэгэнт хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тул намрын чуулганы эхэнд батлахад бэлэн болсон гэсэн үг.

⚠️ Гэтэл энэ хуулийн өөрчлөлтийг Оюутолгой болон Онтрэгийн хэлэлцээрт зориулж, батлах гэж байна гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд шүүмжилж байна.

⛏️ Хуулийн төслөөр зэсийн АМНАТ-ын хувь хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөжээ. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй энэ үед уул уурхайн салбарын татварын ачааллыг бууруулах нь зүйтэй эсэх талаар маргаан үргэлжилсээр байна.

🐺🌧️Чоно борооноор гэгчээр баяр наадмын үеэр гэнэт яаралтай горимоор ямар нэгэн хуулийн төсөл өргөн барьж, батлуулдаг буруу жишиг манай парламентад тогтоод удаж байна. 🏛️Хаврын чуулганы төгсгөлд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн нь үүний нэг жишээ боллоо.

⛏️Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын Ноён уулын дархан цаазат газрын хилийн бүстэй давхацсан хэсгийг олборлох зорилготой төсөл оруулж ирэв. 🏔️🌲

💰Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монгол банканд 4 тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой. 🏦 Хөрөнгө оруулагч төслийг төрийн 34 хувь, хувийн хэвшлийн 66 хувийн оролцоотой хэрэгжүүлэх, 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэнээс хойш найман сарын дотор олборлолтыг эхлүүлэх санал ирүүлсэн гэж мэдээлж байна.

⏳ Ийм учраас төслийг эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцолсон.

⚠️ Гэвч Монголын анхны төрт улс Хүннү гүрний түүх соёлын үнэт дурсгалыг тээсэн Дархан цаазат газрынхаа хил заагийг эвдэж, яаралтай горимоор хуулийн төсөл зүтгүүлэх ямар шалтгаан байна вэ? 🏔️⛏️

🤦‍♂️ Ичиг ичиг. 🙃

💰 Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Энэхүү хуулийн төсөл нь улсын төсвийн төлөвлөлтийг илүү ил тод, нотолгоонд суурилсан болгох зорилготой. Үүний хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үнэлгээ, оноо, эрэмбэд үндэслэн сонгох, үнэлээгүй төслийг төсөвт тусгахыг хориглох, төсвийн мэдээллийг илүү дэлгэрэнгүйгээр олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг тусгажээ.

📌 Гол өөрчлөлтүүд:

📊Улсын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нэгдсэн шалгуур, оноо, эрэмбэд үндэслэн сонгож, үнэлж, эрэмбэлээгүй төслийг төсөвт тусгахыг хориглоно.

🌐Төсөл, арга хэмжээний үнэлгээ, эрэмбэ, төсөвт өртөг, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг нээлттэй цахим хэлбэрээр нийтэлнэ.

💵Урсгал зардлыг байгууллага бүрээр нь нэгж өртөг, тоо хэмжээ, зориулалт, өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулсан дэлгэрэнгүй мэдээлэлтэйгээр танилцуулна.

🗣️Иргэдийн саналыг авч, тухайн санал хэрхэн шийдвэрлэгдсэнийг олон нийтэд тайлагнах үүргийг хуульчилна.

📖Иргэдэд ойлгомжтой "Иргэдийн төсөв" хэлбэрийн хялбаршуулсан төсвийн танилцуулгыг тогтмол боловсруулна.

💬Улсын төсөв бол татвар төлөгч бүрийн мөнгө. Тиймээс төсвийн төлөвлөлт илүү нотолгоонд суурилсан, ил тод, олон нийтийн оролцоотой байх нь зөвхөн төрийн бус иргэн бүрийн эрх ашигтай холбоотой асуудал юм.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: З.Цэлмэг, Г.Доржтүвдэн, Г.Төгөлдөр, А.Номин-Эрдэнэ