📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. 🟦Наадмын амралт дуусаж, ажил эхэлж буй шинэ долоо хоногийг бид УИХ-ын хаврын чуулганыг онцолсон тусгай дугаараар ийнхүү эхлүүлж байна.
Хаврын чуулган нээлтээ хийсэн даруйдаа Засгийн газраа огцруулж, улс орны аж амьдралаас илүүтэй улс төрийн ашиг хонжооны төлөө “ухаан”-аа уралдуулсан. 🔄Үр дүнд нь эрх баригч МАН-ын гуравдугаар ээлжнийхэн төрийн эрхэнд гарч, шинэ Засгийн газар, шинэ УИХ-ын даргатайгаар Хаврын чуулган жигдэрсэн.
🗣️Оройхон гараад ширүүхэн дайрав гэгчээр улс төрийн “бойкот”-оос болоод хуралдаж чадахгүй байсан УИХ-ын нэгдсэн хуралдаан хаврын чуулганы хугацаанд 35 удаа хуралджээ. 📊Энэ хугацаанд 278 хууль тогтоомж хэлэлцэн баталсан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 341 хууль тогтоомж баталсантай харьцуулахад өндөр үзүүлэлт болж байна. 🔍Тэгвэл бид энэ удаа Хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомж, ирц оролцоо болон “хамгийн” гэх тодотгол зүүсэн төрийн түшээдийг тусгай дугаартаа онцлон танилцуулах болно. Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.
🎉UIH.mn цахим товхимлыг тантай хамт долоо хоног бүр 90’000 хүн уншиж байна.

🏛️Хаврын чуулганыг эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган байсан гэж УИХ-ын дарга С.Бямбацогт онцолсон. Товчхондоо Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд бизнес эрхлэгчдийг төрийн элдэв дарамт шахалтаас чөлөөлж, эдийн засгийн таатай орчин бий болгоход УИХ анхаарлаа хандуулсан гэж хэлж болно. Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд:
💰Татварын багц хууль: Татварын шатлалыг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон цалингийн орлогыг татвараас чөлөөлж, 2 сая хүртэлх орлоготой иргэнээс нэг хувийн татвар авахаар хуульчлав.
📈 Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байхаар зохицуулж, зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчлөн төрийн зохицуулалтын давхардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах боломжийг бүрдүүлэхийг зорьсон.
🏢Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль: Үрэлгэн зардал, нүсэр бүтэцтэй төрийн өмчит компаниудыг цэгцлэх, менежментийг нь сайжруулах, төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг ужгирсан байдлыг хална.
🫀Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль: Эрхтэн шилжүүлэн суулгах болон донорын тухай хууль эрх зүйн орчныг тодорхой болгосноор олон мянган хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах боломж бүрдсэн гэж үзэж байна.
👨👩👧Гэр бүлийн тухай хууль: Тус хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлалгүйгээр дэмжих эрх зүйн орчин бүрдэв.
🌍Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэв.
👴Нийгмийн даатгалын ерөнхий хууль: Олон жил ажилласан нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоонд шилжиж, тэтгэврийн зөрүүг багасгана. Ирэх жилээс 435 мянган ахмад настанд 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр нэмж олгохоор болов.
Нээлттэй байх нь хангалттай юу?
🖥️Иргэддээ нээлттэй, ил тод боллоо гэх агуулга энэ удаагийн хаврын чуулганы гол онцлог байлаа. Тодруулбал, нэгдсэн чуулганы хуралдааны ирцийг олон нийт шууд буюу бодит цагийн горимоор харах боломжтой болсон нь нэг дэвшил байв. 🌐Мөн Parliament.mn цахим сайтыг шинэчилж, чуулган болон байнгын хорооны хуралдааны мэдээллийг ил тод байршуулахын зэрэгцээ И-Монголиа системд “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлсэн. 🗣️Ийм учраас хуралдаандаа суудаггүй гишүүдтэй ямар хариуцлага ярих нь иргэн таны мэдэлд очлоо. Энэ бол иргэндээ ээлтэй, нээлттэй парламентын сайн эхлэл гэж УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын чуулганыг хаах үеэрээ онцолсон. Мэдээж иргэдийн хувьд өөрийн төлөөлөл болгож сонгосон төрийн түшээгээ хөндлөнгөөс хянаж, ирц, оролцоог нь ил тодоор харна гэдэг сайн хэрэг. ❓Гэвч “ямар хариуцлага ярих нь иргэн таны мэдэлд очлоо” гэх нь арай хэтрүүлсэн үг болов уу! Учир нь ил тод байдлыг хангахад ахиц гарч байгаа ч энэ нь хуулийн дагуу угаас ил тод байх ёстой мэдээлэл юм.
Товчхондоо гайхамшигт амжилт биш, хийх ёстой л ажлаа оройтож хийж байгаа нь энэ.
Гишүүдийн ирц, хуралдааны товоо ил болгоод, үүнийгээ бахдам амжилт гэж зарлаж байгаа нь манай парламент хэчнээн хаалттай, хоцрогдсон байгаагийн нотолгоо.
⚠️Хуралдаандаа суудаггүй, ирц оролцоо муутай, тэр ч бүү хэл ил цагаан ёс зүйн зөрчил гаргадаг гишүүдтэй ямар хариуцлага тооцохыг сонгосон иргэд нь бүү хэл, төрийн эрх барих дээд байгууллага парламент нь өөрөө шийдлээ олж чадсангүй. 📝Ес зүйн дэд хороо зэрэг парламентын дотоод механизм үр дүнтэй ажиллаж чадахгүй байна.
Ийм шалтгаанаар парламентын үйл ажиллагаанд оролцох ёсгүй инстиутуцүүд ёс зүйн зохицуулалт хийх оролдлого гаргах болов. Энэ нь өнөөгийн парламентын хариуцлагагүй байдал нь парламентын бие даасан байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг тодорхой харуулж байна.
Хаврын чуулганы хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох хуулийн төсөл санаачилсан нь шүүмжлэл дагуулсан тул батлагдаж чадаагүй царцсан. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын их хурлын тухай болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ёс зүйн зөрчил гаргасан гишүүдэд хариуцлага тооцох төсөл өргөн барьсан ч батлагдаагүй байна. 🗳️Ийм нөхцөлд иргэд төрийн түшээтэй шууд хариуцлага ярина гэдэг юу л бол. Харин бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа сонгох эсэхээ шийдэх л эрх одоохондоо байна.
💭Ил тод, нээлттэй байна гэдэг нь сайн хэрэг. Харин ил тод байлаа ч гэсэн хариуцлага ярьж чадахгүй энэ хэвээр байвал юу өөрчлөгдөх вэ?

126-д зориулсан 1 асуулт: Ирсэн нь хангалттай юу?
📊Парламентын гишүүний ажлыг хэмжих хамгийн энгийн үзүүлэлт бол ирц. Ирц бол төлөөллийн хариуцлагын хамгийн доод босго. 2026 оны УИХ-ын Хаврын чуулганаар гишүүд энэхүү хариуцлагын хамгийн энгийн бөгөөд шалгуур багатай үзүүлэлтээ хэр зэрэг биелүүлснийг манай редакц анализ хийж харав. 🔎Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент зөвхөн суудлын тоог өсгөөгүй. Төлөөлөл гэж юу болох, гишүүд хэний өмнө хэрхэн хариуцлага хүлээх вэ гэсэн хуучин асуултыг шинэ нөхцөлд тавьсан.
Жагсаалтын 48 гишүүнээс нэг нь ч чуулганаа таслаагүй

📈Ирцийн дата шинжилгээгээр 2026 оны хаврын чуулганы дундаж ирц өмнөх 3 чуулганы дунджаас нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна. Задалж харвал, жагсаалтын гишүүдийн ирц дунджаар 90.4 хувь, тойргоос сонгогдсон гишүүдийнх 87.3 хувь байв. ℹ️Энд “албан ёсны ирц” гэдэгт танхимд сууснаас гадна орон нутаг болон гадаадад албан томилолтоор ажилласан тохиолдлыг оруулсан. Харин чөлөө, таслалтыг ирцэд тооцоогүй.

🏷️Намын харьяаллаар харвал ирцийн үзүүлэлтэд бараг ялгаа байхгүй байна. ✅Жагсаалтаар сонгогдсон 48 гишүүнээс нэг нь ч чуулганы нэгдсэн хуралдаан таслаагүй. 📍Харин тойргоос сонгогдсон 78 гишүүний 10 нь давхардсан тоогоор нийт 37 удаа тасалжээ. 📉УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, А.Ганбаатар, Т.Аубакир, Х.Баттулга, Ж.Батсуурь, Л.Оюун-Эрдэнэ нарын төрийн өндөр албан тушаал давхар хашиж байсан зарим хүн таслалтаараа тэргүүлжээ.

Хууль гишүүдийг цагтаа суухыг шаарддаг
Парламентын хуралдаан бол олонх ба цөөнх байр сууриа илэрхийлэх, хууль санаачлагч үндэслэлээ хамгаалах, гишүүд асуулт асуух, засвар санал болгох, олон нийт хэн ямар байр суурьтай байдгийг хардаг ардчилсан талбар. 📖УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.1-д гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцно. 7.2-т гишүүн хуралдаан эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн байхыг шууд шаарджээ. ⏰Иймээс хоцролт бол жижиг техникийн асуудал биш.
📊Манай шинжилгээгээр жагсаалтын гишүүдийн ирц өндөр байсан ч хоцролтын хувь 17.1, тойргийн гишүүдийнх 15.2 хувь байв. Жагсаалтын гишүүд хурал таслаагүй байж болох ч цаг баримтлалын хувьд тойргийн гишүүдээс илүү сайн байсангүй. 🚨Жагсаалтын гишүүдийн 25 хувь нь нийт 35 чуулганы 1/3-д хоцорсон нь өндөр үзүүлэлт юм.

🖐️Чуулганы дэгийн тухай хуульд гишүүн ирцдээ хурууны хээгээр идэвхэждэг цахим систем ашиглан бүртгүүлэхээр заасан. Хуралдаан даргалагч ирсэн гишүүн, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гишүүн ба түүний үндэслэл, тасалсан гишүүнийг дарааллаар нь танилцуулах ёстой. Мөн хуралдааны тэмдэглэлд ирцийн тоо, хувь, ирээгүй гишүүний нэр болон томилолт, хоцролт, чөлөө, өвчин, таслалт зэрэг шалтгааныг тусгахаар хуульчилжээ. ❗Гэвч чуулганы хуралдааны тэмдэглэлтээс хоцролт, таслалтын шалтгааныг олж харах боломжгүй байна.
🔍Энэ бол ил тод байдлын чухал суурь. Мэдээлэл бүртгэгдэж байгаа ч жирийн сонгогч өөрийн гишүүний гүйцэтгэлийг тогтмол хянах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Ил тод байдал гэдэг мэдээллийг хаа нэгтээ байрлуулах бус, иргэн ойлгож, харьцуулж, дүгнэлт хийх боломжтой болгохыг хэлнэ. 💡Ингэж байж ирц “хэн ирсэн бэ?” гэсэн тооноос “хэн төлөөлөх ажлаа гүйцэтгэсэн бэ?” гэсэн хариуцлагын хэмжүүр болно.
🤝Ирцийн бүртгэл бол сонгогч ба төлөөлөгчийн хооронд байгуулсан ардчилсан гэрээний хэрэгжилтийг харах хамгийн энгийн шалгалт. 🎯Харин 126 гишүүн хуралдаа ирсэн нь хангалттай юу гэдэг асуултын жинхэнэ хариултыг ирцийн тоонд бус, тэд хэнийг, ямар байр суурьтайгаар, хэр үр дүнтэй төлөөлж байгаа вэ? Үүнийг иргэд бодитоор үнэлэхийн тулд парламентын ил тод байдал, мэдээллийн хүртээмж илүү нарийвчлалтай, ойлгомжтой, хянах боломжтой болох шаардлагатай байна.

Хамгийн “барьцгүй” гишүүн
🎭УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, Батлан хамгаалахын сайд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай, Н.Учралын Засгийн газрын Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг хамгийн барьцгүй гишүүнээр нэрлэж байна. Учир нь Хаврын чуулганы төгсгөлд Ж.Энхбаяр гишүүн “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” тогтоолын төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлсэн нь анхаарал татав. 🏞️Төвийн бүсээс төрийн түшээ болсон хашир улс төрч өөрийн тойрог Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын Ноён уулын дархан цаазат газрын хилийн бүстэй давхацсан хэсгийг олборлох зорилготой төсөл оруулж ирэв. ❓Засгийн газрын бодлого байсан уу эсвэл “барьцгүй“ гишүүний өөрийн хүсэл байсан уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч тун удалгүй хуулийн төслөө буцааж татаад таг чиг болсон.

🚬Мөн Хаврын чуулганаар Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцэх үеэр уг хуулийг санаачлагч О.Номинчимэг гишүүн: “Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч Тамхины татварын хуулийг гацааж байна. Өмнө нь янжуур тамхийг Евроазийн хэлэлцээрт оруулж, гаалийн татваргүй болгох ажлыг тэр гардан хийсэн. Одоо бүх тамхины татварыг багаар тогтоох тооцоолол, саналыг Сангийн яам руу өгөөд сууж байна” гэж 🗣️мэдэгдсэн. Харин энэ асуудалд Ж.Энхбаяр гишүүн ямар ч хариу тайлбар, мэдээлэл хийгээгүй. 🤐Иймээс түүнийг Хаврын чуулганы хамгийн “барьцгүй” гишүүнээр тодруулж байна.
“Хайч”-нд орсон гишүүн

🚬Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хаврын чуулганд хэлэлцсэн төслүүдээс хамгийн их хэл ам дагуулж, маргаан мэтгэлцээн өрнүүлсэн. Маргаан мэтгэлцээн гэхээс илүү янжуур тамхи болон цахилгаан тамхи импортлогчдын ашиг сонирхлын зөрчил нь парламентад тодрон гарсан гэж хэлж болно. 🩺Энэ хуулийг батлах нь нийгэмд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Эсрэгээрээ хүүхэд залуусын эрүүл мэнд, ирээдүйн амьдралд нь эерэг нөлөө үзүүлэх чухал хуулийн төсөл. ⛔Гэвч гишүүдийн удаа дараагийн эсэргүүцэл, талцал маргаанаас болж тамхины хяналтын тухай хуулийг баталж чадсангүй. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Уг нь бид энэ хаврын чуулганаар хуулиа баталж, хэрэгжилтийн бэлтгэл ажлаа хангаад явах ёстой байсан. Харамсалтай нь цаг хугацааны нөхцөл байдал болон эрх ашгийн хайчинд орсноос болж хойшиллоо” гэж мэдээлэв.
Хамгийн зүтгэлтэй гишүүд

126 дотроос хамгийн олон ажлын хэсэг ахалж ажилласан гишүүдээр Д.Энхтүвшин, Х.Баасанжаргал нар тодорчээ. Ажлын хэсэг ахална гэдэг ил харагдахгүй ч ажил ихтэй, товчхондоо “ажилдаа“ нэлээн “ажил хэрэгч” ханджээ гэсэн үг. Камерын өмнө “топ, поп” сэдвүүдээр яриад өнгөрөхөөс илүү ажлаа барьж аваад нугалж байгаа гишүүд парламентын ажлыг урагшлуулж байдаг. Тиймээс жагсаалтаар сонгогдсон дээрх 2 гишүүнд талархал илэрхийлэхэд буруудахгүй. Нийтийн эрх ашгийн төлөө үргэлжлүүлэн зоригтой, тууштай ажиллахыг хүсье.
Хамгийн их “хүлээсэн” гишүүн

⏳УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль бус хөрөнгө хураах буюу Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслөө өргөн бариад 500 хоног хүлээсэн ч хэлэлцүүлж чадсангүй. УИХ зарим хуулийн төслийг яаралтай горимоор оруулж ирээд ажлын таван өдрийн дотор хэлэлцээд баталдаг ч хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь ч шийдсэнгүй. 📢Хууль санаачлагч гишүүн О.Алтангэрэл “Энэ хавар гуйж царайчилсаар байгаад өнгөрөөлөө. Харин намар тийм юм байхгүй. Энэ хуулийг хэлэлцүүлж батлуулж чадахгүй бол хууль өргөн мэдүүлээд 500 хоносон би УИХ-ын гишүүн гэж байгаад яах вэ, бид УИХ гэж яваад ч яах вэ” хэмээн UBn сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Намрын чуулганы сорилт
📉Хаврын чуулганаар олон хууль, тогтоомж баталсан ч иргэдэд улс төрөө давж харагдсангүй. Нийгмээрээ сайхан амьдрахад ахиц дэвшил гаргасан, нүдэнд үзэгдэж, гарт баригдсан ямар шийдлийг их хурал гаргав?
Засгийн газрын хувьд инфляцаа барьж чадахгүй аргацааж явсаар энэ хаврыг өнгөрөөлөө. 💸Мах, төмс зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсангүй. ⛽Гэтэл наадмын амралтын үеэр бүгд хөдөө гадаа явсны араас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас “Оросын холбооны улсын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна” хэмээн мэдээлэв. 🚗Ингээд зарим газар шатахуун тасалдаж, “уламжлал ёсоор” баяр наадмын өдрүүдэд шатахуун түгээх станцуудын очер дараалал тасарсангүй.
Наадам ч яахав ингээд дууслаа. 🌾Харин намрын их ажил тун удахгүй эхлэх гэж байна. Бензин шатахууны үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нь тодорхой боллоо. 🎒Хичээл сургуулийн бэлтгэлээс эхлээд, намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл ажил гээд цааш үргэлжилнэ. Засгийн газар энэ бүх ажилдаа одооноос анхаарч, намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн шийдэх олон асуудал, сорилт биднийг хүлээж байна.
⚔️Дээрээс нь улстөр гэж бас нэг “том ажил” бий. Хаврын чуулганы үеэр АН-ынхан аль хэдийн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Эрх баригчдад энэ бас нэгэн сорилт болох нь гарцаагүй. Цаашилбал, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн их улс төр хүлээж байна.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: З.Цэлмэг, Г.Доржтүвдэн, Г.Төгөлдөр
