💡Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Тог тасалдсан хэвээр байгаа ч нийгмээрээ дасан зохицож, гарцгүй, шийдэлгүй шийтгэлийг мэдэрсэн 7 хоног байлаа. Бид долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө нийгэм, улс төрийн үйл явдлын хамгийн чухал сэдэв, тоймыг танд хүргэх тул урт ч гэсэн уншаад л байгаарай.
Өмнөх товхимол дахь давтан зөвшөөрлийн үр дүнд манай “Newsletter” 90,747 баталгаажсан хэрэглэгчтэй болсныг дуулгахад таатай байна. 🎉 Итгэж, хамт байгаад баярлалаа.
Дарангуйллын онооноос “Өөрсдийгөө хамгаал”
🟢Хотын удирдлагууд түгжрэл, агаар, орчны бохирдлыг арилгах зорилгоор нийслэлийн иргэн бүрд “Хотула” аппликэйшнээр дамжуулан ногоон оноо өгнө гэж мэдэгдсэн.
Тодруулж хэлбэл, таны хаана алхаж, ямар төрлийн унаанд сууж, хэнтэй хамт явааг чинь “Хотула” аппликэйшнээр дамжуулан хянах боломжтой болжээ. Тэгвэл бидний хувийн мэдээллийг ашиглах эрхийг “Хотула” аппликэйшн, хотын удирдлагуудад хэн олгов?
⭕Зорилгоосоо зөрсөн нь. Энэ аппликэйшний анхны зориулалт нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хагас кокс болон хийн түлш борлуулах нэгдсэн системийн үүрэг гүйцэтгэх ёстой байжээ. Гэвч чиг үүргийг нь иргэдийн алхаа, явсан чиглэлийг хянах болтол өргөжүүлж буйгаа хотын удирдлагууд зарласан.
⁉️Төр, хувийн хэвшлийн “Түншлэл эсвэл Хуйвалдаан”. Уг аппликэйшнийг хөгжүүлэгч “Дижитал инфосек" ХХК-г нээлттэй сонгон шалгаруулаагүй, шууд 1.2 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулжээ. Мөн уг Дижитал инфосек" ХХК-ийн 34 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" худалдан авсан байна. Уг компани нь нь сүүлийн үед IT салбарынхны шүүмжлэлд өртөх болсон “Ай си ти групп” компанийн охин компани ажээ.
❌Сонголтгүй албадлага. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 170’000 гаруй иргэн энэ аппликэйшнээр дамжуулан нүүрс худалдан авч байна. Дулаан өвөлжихийн тулд тэдэнд уг аппликэйшныг хэрэглэхээс өөр сонголт байхгүй. Үнэндээ сонголт олгоогүй гэвэл зохино.
📛Хил хязгаар. Харин “Хотула”-гийн албан ёсны сайтад “ХОТУЛА” бол харилцаа холбоо, төлбөр тооцоо, цахим худалдаа, нийслэлийн үйлчилгээ зэрэг хэрэглэгчийн өдөр тутмын чухал хэрэгцээг нэг дор багтаасан дижитал платформ гэж тодорхойлжээ. Үнэхээр юу л болоод байна даа гэдэг үг л тохирох байх. 🤯

🚨Мордохын хазгай - Зөвшөөрөлгүй эхлэл
⚖️ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд: генетик болон биометрик мэдээллийг улсын бүртгэл, хил хамгаалах байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шинжилгээний байгууллагаас гадна УИХ-ын гишүүдийн ирц бүртгэх, санал хураах эсвэл ажил олгогч ажилтнуудаа танин баталгаажуулах зорилгоор ашиглаж болно гэж тодорхой заасан. Харин “Хотула” платформ нь хүний биометрик мэдээллийг ашиглах эрх зүйн үндэс байхгүй. Эргээд олон сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэй гэдгийг Аюулгүй байдал судлаач, доктор Ж.Жамсрандорж анхааруулж байна.
📌Хотула аппликэйшнийг татаж, ашиглахад гурван шатлалтай.
Шатлал | Шаардлагатай мэдээлэл | Нээгдэх функцкууд |
Хамуга ID | Овог, нэр, имэйл эсвэл утасны дугаар | Сошиал медиа функцууд, Зарим мини-апп ашиглах |
ХУР, ДАН | ДАН баталгаажуулалт | Төрийн үйлчилгээ, Санал хүсэлт |
KYC | Цээж зураг, Иргэний үнэмлэхийн зураг | Төлбөр тооцоо, Ногоон онооны үйлчилгээ |
📌Хүний эрхийн өндөр эрсдэлтэй
⭕Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 болон 23 дахь заалтын дагуу хувийн мэдээллийг цуглуулж, ашиглахдаа Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөмж авах эсвэл үнэлгээ хийж ирүүлэх ёстой. Гэтэл Хотула аппликэйшнийг хийхдээ ХЭҮК-т мэдэгдээгүй. Иймээс Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа 1-р сарын 19-нд өөрийн бүрэн эрхийн дагуу мэдээлэл шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.
📌Хяналтгүй засаглал - Чимээгүй дарангуйлал
Одоогоор хэн ч биднийг энэ аппликэйшнийг хэрэглэ гэж албадаагүй. Гэвч албадлагаар хэрэглэж буй 170’000 хэрэглэгч хэдийн бий болжээ. Нийслэлээс хууль зөрчин байж, иргэдэд ногоон оноо олгох нь ямар зорилготой вэ? 📢 Түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэж мэдээлж байгаа ч иргэдийг оноогоор үнэлж, ялгаварлах нь дарангуйллын суурь болдог гэдгийг судлаачид анхааруулж байна. ‼️
🐦⬛Хар жагсаалт‼️
Ардчилсан бус тогтолцоотой улс орнуудад “нийгмийн оноо” хэрэглэдэг.
🫢Тухайлбал, БНХАУ-ын зарим хотод “Social credit system” нэрээр хэрэгждэг бөгөөд иргэдийн хууль зөрчсөн эсэхээс эхлээд өдөр тутмын зан үйлийг үнэлдэг байна.
❌Ингээд оноо муутай бол тодорхой үйлчилгээ авах, төрийн албан тушаалд томилогдох эрхийг нь хасна. Цаашилбал бүр нийтийн тээврээр үйлчлүүлэх, нийгмийн дэмжлэг авах эрхээ алддаг байна.
❌Төрөөс гарсан ямар ч шийдвэрийг нь ягштал дагаад амьдарвал сайн оноотой сайн иргэн болно. Харин муу оноотой бол хар жагсаалтад орох аюултай. Товчхондоо хүний эрхийг хуулиар биш “оноо”-гоор шийддэг болох эрсдэлтэй.
👁️Эцэст нь нийслэлийн албан тушаалтнууд хууль зөрчин, хил хязгаарыг давж, татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийг нь хянахаар “галзуурч“ байхад тэдэнд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах үүрэгтэй УИХ, Засгийн газар хаана явна вэ?

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
⚡ Харанхуй хот: IV цахилгаан станцын зуухнуудыг ээлж дараалан засах шаардлага гарсан тул цахилгааны хязгаарлалт үргэлжлэв. (УБЦТСүлжээ)
🏛️ Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд эрчим хүчний салбарт үүссэн хүндрэлийг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно гэж мэдэгдлээ. (Ikon)
📢 Ардчилсан намаас Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг эргүүлэн татахгүй бол үндэсний хэмжээний акц өрнүүлнэ гэж мэдээлэв. (gogo)
⚖️ УИХ-ын гишүүн Х.Булгантуяад хилийн хориг тавьж, УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах” хэрэгт яллагдагчаар татаад байна. (news)
🚨 Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд нэгжлэг хийж, саатууллаа. (Ubn)
🥛 “Сүүн дархлаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд 189’600 хүүхэд хамрагдана. Мөн хөтөлбөрийн хүрээнд нийслэл хот орчмын сүүний фермерүүдэд үнээ худалдаж авах нэн хөнгөлөлттэй зээл олгоно гэв. (НЗДТГ)
🤝 Иргэний нийгмийн өдөр: “Хөгжлийн төлөөх түншлэл: Төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлье" чуулган зохион байгууллаа. (UIH.mn)
Биометрик мэдээлэл гэж юу вэ?
🔷Биометрийн мэдээлэл гэдэг нь хүнийг бусдаас давтагдашгүй шинжээр нь таних боломжтой бие махбодын болон зан үйлийн өгөгдлийг хэлдэг. Үүнд хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүрний зураг, дуу хоолой, алхалтын хэв маяг, ДНХ зэрэг мэдээлэл хамаарна. Эдгээр нь тухайн хүний “дижитал төрх” гэж хэлж болохоор онцлогтой.
🧠Тус мэдээлэл нь хүнийг давтагдашгүй байдлаар таних боломж олгодог тул тухайн хүний нэр, регистрээс ч илүү хүчтэй “таних тэмдэг” болдог. Энэ утгаараа биометрийн мэдээлэл нь зөвхөн хувийн нууц бус, иргэний үндсэн эрх, эрх чөлөөтэй шууд холбогддог.

Биометрийн мэдээллийг буцааж авч болдоггүй
🤘Иргэн өөрийн биометрийн мэдээллээ нэгэнт өгсөн тохиолдолд түүнийг буцаан татах, солих боломж бараг байдаггүй. Энэ нь иргэний ирээдүйн аюулгүй байдал, эрх чөлөөнд урт хугацаанд нөлөөлнө.
Солих боломжгүй.
🍂Нууц үг, карт алдагдсан тохиолдолд солих боломжтой байдаг бол хурууны хээ, нүүрний зураг, нүдний бүтэц зэргийг солих боломжгүй. Нэг удаа алдагдвал тухайн хүний насан туршийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэнэ.
Хяналт ба эрх мэдлийн асуудал.
🟥Биометрийн мэдээлэл төвлөрөх тусам төр, байгууллагууд иргэдийг илүү нарийвчлалтай таних, хянах боломжтой болдог. Хэрэв хууль, хяналт сул байвал энэ нь хэт хяналт, иргэдийг айдастай байлгах, үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзах орчныг бий болгох эрсдэлтэй.
Ардчиллын чанарт нөлөөлдөг.
🔻Иргэн өөрийн мэдээлэл хэрхэн ашиглагдаж байгааг мэдэхгүй, хянах боломжгүй бол энэ иргэний эрхийг зөрчих, хянах зэргээр ардчиллын үндсэн шинжүүдийг ганхуулдаг.
⚠️ Хүний биометрийн мэдээлэл эмзэг гэдэг нь зөвхөн технологийн асуудал биш, харин эрх мэдэл, хариуцлага, ардчиллын чанарын асуудал юм. Иргэн бүр өөрийн биометрийн мэдээллийг чухалчилж, хамгаалж, хяналт тавьж чаддаг байх нь өөрийн аюулгүй байдлыг хангах, эрхээ хамгаалахад маш чухал нөлөөтэй.
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
🤦Аргална даа
🏭Энэ долоо хоногт хэвийн байдалдаа шилжчих болов уу гэж найдсан ч эрчим хүчний хязгаарлалт үргэлжилж, бид ч сүүлдээ дасах янзандаа орлоо. 🔥Дөрөвдүгээр цахилгаан станцын зуухнуудыг ээлж дараалан засаж сэлбэхгүй бол дэлбэрэлт гарч хотоороо хөлдөх аюултай. 🥶 Дээрээс нь Бөөрөлжүүт бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа тул цахилгааны хязгаарлалт үргэлжилж байна.🪫
Ингээд эцэст нь байгаа байдалдаа дасан зохицохоос өөр аргагүй болов. Аргална даа гэж Чойжилсүрэн сайд хэлсэн. Хэлсэндээ хүрч станцыг биш биднийг аргаллаа. Бид ч аргалууллаа.
🔴 Харин Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаанд эрчим хүчний салбарт үүссэн асуудлыг шийдэж, хэвийн байдалд нь оруулах үүрэг даалгавар өглөө. 10 жил үзээд бараагүй ажлыг 30 хоногт амжих уу? Б.Чойжилсүрэн сайд “Яг үнэндээ бүрэн шийдэхэд төвөгтэй. Хүссэн хүсээгүй 2027 оны наадмаас нааш Баянгийн цахилгаан станц ашиглалтад орохгүй. Олон нийтэд шударга хэлсэн нь дээр. Яаж ч гүрийгээд дийлэхгүй. Надад сайдын суудалдаа зууралдаад байх сонирхол алга байна. Өгөх ёстой бол өгнө” гэж мэдэгдэв.
☀️ 30 хоногийн дараа хаврын тэргүүн сар дундаа орно. Хүйтний эрч тэр хэрээр буурч, энэ хугацаанд станцуудынхаа засваруудыг хийчихвэл хэвийн байдалдаа шилжих нь тодорхой. 🙈🙉🙊 Аргална даа…

🟢УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.
🚫 1991 онд баталж нийгмийн шилжилтийн үеийг даван туулахад ашиглаж байсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг 2019 оноос дахин амилуулсан байдаг. Ингэхдээ төрийн өмчит компаниудад БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгч томилж, хяналт тогтоодог, ардчилсан улсад байж боломгүй буруу жишиг тогтоод удаж байна. Энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал болон олон улсын гэрээ конвенцыг шууд зөрчдөг. Хамгийн гол нь “БНМАУ” гэх тодотголтой энэ хууль үйлчилж байгаа тохиолдолд Компанийн тухай, Хөдөлмөрийн тухай зэрэг өнөөгийн бусад нийтлэг хуулиуд үйлчлэх боломжгүй болдог байна.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй UIH.mn сайтын сэтгүүлч Г.Батзаяагийн ярилцсан “Тэгш Өнцөг“ нэвтрүүлгийг эндээс үзнэ үү.
“БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийн эхний заалт:
🔴Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай.

“Авлигын төсөөллийн индекс (Corruption Perceptions Index, CPI) 2024 он
Transparency International байгууллага жил бүр боловсруулан нийтэлдэг уг индекс нь улс орнуудын төр, засаг дахь авлигын түвшинг үнэлэх зорилготой юм.
🚨Монгол Улс 3 жил дараалан 100 онооноос 33 оноо авлаа.
2024 онд Монгол Улс 33/100 оноо авснаар 180 улсын дунд 114-р байрт жагсаж, 3 жил яг нэг байрандаа гацчихаад байна. Гацаж гацаж байгаад уруудсан гашуун түүх ч бидэнд байна.

📉 Дунджаас доогуур
Дэлхийн дундаж оноо 43 байгаа бол Ази-Номхон далайн бүс нутгийн дундаж бас 44 орчим. Харин манай улс эдгээр дундаж түвшнээс доош нь татсаар л байна.
🐷 Яагаад “дахиад л гахай” гэдэг шиг 3 жил дараалан 33 оноо авчихсан бэ гэж үү… Индексийн оноо бага байгаа нэг шалтгаан нь төрийн байгууллага дахь авлига, төсвийн хууль бус зарцуулалт, албан тушаалаа урвуулан ашигласны улмаас олон нийтийн төрд итгэх итгэл буурсантай холбоотой гэж дүгнэжээ.
😕Томоохон бодлогын реформ байхгүй.
Сүүлийн жилүүдэд ЗГ авлигатай тэмцэх чиглэлээр бодлогын олон арга хэмжээг амны уншлага болтол сурталчилсан. Тухайлбал 2023-2024 оныг авлигатай тэмцэх жилээр зарлаж, 5ш ажиллагаа (Шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шилэн ажиллагаа) ард иргэдийн дунд сүржин нэрээрээ түгсэн ч CPI-ийн үнэлгээнд тэдгээрийн бодит нөлөө тодорхой харагдсангүй.
🟢Сайн тал
Сайн тал нь юу вэ, гэвэл бид хаана яваагаа харж, бусадтай харьцуулж чиг баримжаа авах индекс байгаа нь өөрөө сайн тал. Мөн Монголчууд бид авлигыг хүлээн зөвшөөрчихгүй, шүүмжилсээр байгаа нь ч сайн тал билээ. Гагцхүү бид улс төрийн тунхаг бус бодит өөрчлөлтийг шаардаж, нийтээрээ сайжрах л хэрэгтэй байна.
CPI-ийн бүрэн тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.

👏 “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай” Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ өнгөрсөн намрын чуулганаар соёрхон батлав.
Энэхүү хэлэлцээрээр:
🟢 Монгол, Казахстан улсад ажилласан даатгалын хугацааг харилцан хүлээн зөвшөөрч тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ.
🟢Нэг улсад ажилласан хүн нөгөө улсад амьдарч байгаа тохиолдолд тэтгэврээ оршин суугаа газартаа шилжүүлэн авах зохицуулалттай.
🟢Тэтгэврийн төрөл, хэмжээ, олгох нөхцөл нь тухайн иргэн тэтгэвэр тогтоолгож буй улсын хууль тогтоомжийн дагуу шийдэгдэнэ.
🟡 Өөрөөр хэлбэл, хил “дамнан” ажилласан иргэдийн хөдөлмөрийн жил “алдагдах” бус, тэтгэвэрт бүрэн тооцогдох эрх зүйн үндэс бүрдэж байна.
⚖️Хоёр улсын хуулийн завсар “хэний ч биш он жилүүд” болж замхардаг байсан хөдөлмөр эцэст нь эзэнтэй болох нь ээ.
“Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг 2025 оны 12-р сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьжээ.
📌 Хуулийн төсөлд дараах гол өөрчлөлтүүдийг тусгасан байна. Үүнд:
Тусгай зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт зэрэг давхардсан ойлголтуудыг цэгцэлж, заавал зөвшөөрөлтэй, мэдэгдлээр хийх, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагааг ялган тогтоох.
Эрсдэл багатай зарим үйл ажиллагааг урьдчилан зөвшөөрөл авахгүйгээр, төрд мэдэгдэл өгөөд эхлүүлэх зохицуулалтыг шинээр бий болгох.
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах журмыг захиргааны акт бус, хуулиар тодорхой болгож, албан тушаалтны үзэмжийг хязгаарлах.
Зөвшөөрөл, мэдэгдлийг боломжит бүх тохиолдолд цахимаар авах эрх зүйн үндсийг бэхжүүлэх.
❓ Эцэст нь энэ хуулиар төр өөрийн эрх мэдлээ “хасаж” чадах уу, эсвэл хуучин хүнд суртал, үзэмжийн тогтолцоог өөр нэрээр хадгалж үлдэх үү гэдгийг шийдэхэд та бидний оролцоо хамгийн чухал гэдгийг сануулъя.
🔗 Хуулийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, Ж.Батболд, Г.Төгөлдөр
Дизайнер: Г.Төгөлдөр
