💡Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн зээлээр таваас дээш орон сууцтай болсон 12 мянган иргэн байгаа гэж мэдэгдэж хүүхэд, нохой шуугиулсан 7 хоног өнгөрлөө. Гэвч эцэстээ энэ нь эргэлзээтэй мэдээлэл болж таарав. Бид долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө нийгэм, улс төрийн үйл явдлын хамгийн чухал сэдэв, үйл явдлыг тоймлон хүргэх болно.

Манай “Newsletter” 90,800 баталгаажсан хэрэглэгчид нэгэн зэрэг хүрч буйг дуулгахад таатай байна. 🎉 Шинэ 7 хоногоо чанартай мэдээллээр эхлүүлцгээе 🤩

Багш нарыг хуурсан баримтууд

❤️‍🔥Багш нар ажил хаялт зарлаж, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоогоор дамжуулан удаа дараа хэлэлцээ хийсний үр дүнд 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс 58’159 багш цалингаа 50 хувиар буюу 742’000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр тохирсон.

Гэвч бодит байдал дээр багш нарын цалин 50 хувиар нэмэгдсэнгүй. Гар дээр авч буй цалин нь тухайн багшаас хамаарч 0-20 хувиар л нэмэгдсэн тооцоо гарч байна.

🔄 Засгийн газраас багш нарынхаа үндсэн цалинг хэлэлцээрийн дагуу 50 хувиар нэмсэн ч багш нартаа гараа сунгасан шиг сунгаж, цалинг нь өгсөн шиг өгч чадсангүй. Нэмсэн 50 хувиа буцааж бууруулах олон янзын арга сүвэгчилж, буцаад багш нарынхаа халаас руу “гараа шургуулав”.

💔Тэгвэл Засгийн газар багш нарыг хэрхэн хуурсан баримтуудыг бодит баримт, тооцоололд тулгуурлан танилцуулъя.

🚨Баримт 1: Тооцооллоор зальдав

 📌Багш нарын хувьд үндсэн цалин нэмэгдсэн тул дагаад нэмэгдэл хөлс, урамшуулал нь өснө гэж ойлгов. Нэмэгдлийг тооцож олгохдоо тухайн ажилтны үндсэн цалингаас тооцож олгох хууль ёсны зарчимтай. 🧮 Гэтэл Засгийн газар нэмэгдэл хөлсийг тооцохдоо “Албан тушаал”-ын цалингаас биш өмнөх хүчингүй болгох ёстой 2024 оны цалингийн “доод хэмжээ”-нээс тооцохоор шийдвэрлэсэн байна. Ингээд багш нарын зарим нэмэгдэл хөлс өссөнгүй.

🚨Баримт 2: Нэмэгдэл хөлс хасав

 📌Багш нарын цалин үндсэн + нэмэгдэл хөлс + урамшуулал гэсэн гурван хэсгээс бүрддэг. Нэмэгдэл хөлснөөс хоол унаа болон ур чадварын мөнгө хасагдсан байна. 📈 Шинээр ажилд орсон багш нарын хувьд нэмэгдэл хөлс, урамшуулал бага авдаг учраас гар дээр авдаг цалин 15-25 хувиар нэмэгдсэн байна. 📉 Гэтэл олон жил ажилласан, нэмэгдэл хөлс, урамшуулал их авдаг багш нарын гар дээр авдаг цалин 10 хүрэхгүй хувиар нэмэгдэж, зарим багшийн цалин буурсан тохиолдол ч гарч байна.

Бодит жишээ: Нийт 17 жил багшилсан нийслэлийн ...дугаар сургуулийн багш Б-ийн цалин хэрхэн өөрчлөгдсөнийг  харцгаая.  📅 2025 оны 12-р сард авсан цалинг өнөөдрийн авсантай нь харьцуулахад 92’000 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, үндсэн цалингийн нэмэгдэл 742’000 төгрөгөөс элдэв нэмэлт урамшуулал, шимтгэл суутгал нь хасагдсаар багшийн гарт 100 мянга хүрэхгүй төгрөг очсон.

❓Үүнийг 50 хувиар нэмэгдсэн гэх үү?

🚨Баримт 3: Төсөв нь дутуу

 💰Багш нарын цалингийн сан 2,6 их наяд төгрөгийг 2026 онд 618,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 3.3 их наяд болгосон. Гэтэл зарим сургуульд багш нарынхаа цалинг бүрэн өгч чадах төсөв ирээгүй байна. 🏫 Тодруулбал, хүүхдийн тоо цөөн, хоёроос дээш хичээлийн байртай, төрөлжсөн сургалттай болон ялгаатай хэрэгцээтэй суралцагчтай сургууль, цэцэрлэгүүдийн төсөв хүрэлцээгүй тул багш нарынхаа цалинг дутуу өгсөн тохиолдол гарчээ. 

Залилангийн засаг

⚖️ Иймээс Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо багш, эмч нарын цалинг нэмэх тухай Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцэд хандаж байна.

🛡️ Эцэст нь: Засгийн газар нь ингэж залилангийн шинжтэй ажиллаж байхад иргэд бид хэнд итгэх вэ? Хэрэв Засгийн газар яаралтай алдаагаа залруулахгүй бол энэ хавар дахиад ажил хаялт болж магадгүй байна. Хүүхдүүдийнхээ боловсролыг хохироохгүй юм сан. Дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

  • 📢Ардчилсан намаас багш, эмч нарын цалингийн асуудлыг шийдэж чадаагүй Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ. (News)

  • ⚡Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ. Тус станцыг хуучнаар ТЭЦ-II станцын үнсэн сангийн талбайд барих бөгөөд 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. (UBn)

  • 🚛Засгийн газрын шийдвэр: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов. (Mongolia.gov.mn)

  • ⚖️ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш, эмч нарын цалинг нэмэх тухай Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандлаа. (UIH.mn)

  • 🦌 Халиун буга сүлбүүлж үхсэн Нүхтийн амны хашааны газар ашиглагч “Эй Жи Жи Эс” компанийг Зөрчлийн тухай хууль болон экологийн үнэлгээний дагуу нийт 55,4 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаж, газар ашиглалтын зөвшөөрлийг нь хэсэгчлэн цуцаллаа. (Ikon)

  • 🏠 Ипотекийн зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй иргэн байна гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бичсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Монголбанкны өгсөн мэдээллээр ипотекийн зээлийг 1558 хүн хоёр удаа, 24 хүн гурван удаа, хоёр хүн дөрвөн удаа давхардуулан авсан байна” гэж танилцуулав. (Цахиур)

  • 👩‍👧“Монгол ээжүүд” ТББ-аас хүүхдүүдэд Улаанбурханы товлолт вакцин хийхийг эсэргүүцэж “Ээжээ намайг авраач” хэвлэлийн хурал зохион байгуулав. (Зууны мэдээ)

Вакцин хортой юу? Бид хоцрогдолтой юу?

🧒👧Өнгөрсөн оны 3-р сараас хойш Монгол Улсад улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 14 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. 🦠 Халдварын ихэнх нь 10-15 насны хүүхдүүдийн дунд тархсан тул энэ насны хүүхэд нэг бүрийг вакцинд хамрагдсан эсэхийг нягталж, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу 300 гаруй мянган хүүхдэд “Улаанууд” вакцины нэмэлт тун 💉 тарьж эхлээд байна.

Гэтэл сүүлийн үед вакцин эсэргүүцэх хүмүүсийн тоо олширч, өнгөрсөн долоо хоногт “Ээжээ намайг авраач” нэртэй хэвлэлийн хурал хүртэл зохион байгуулав.

🏥Манай улс 1973 оноос хойш улаанбурханы вакциныг хэрэглэж эхэлсэн. Одоогоор улаанбурханы товлолт вакцины 1-р тунг 9 сартайд, 2-р тунг 2 настайд нь хийдэг.

Гэтэл өнөөдөр нийт халдвар авсан 14 мянган хүний 70 гаруй хувь нь товлолт вакциндаа бүрэн хамрагдаагүй байна.

🕰️ 230 жилийн хоцрогдол

Анх 1796 онд Английн эмч Эдвард Женнер 🧬цэцэг өвчнийг эмчлэхэд вакцин ашигласнаас хойш хүн төрөлхтнийг олон аюулт өвчнөөс салгасан түүхтэй.

  • Хүний цэцэг өвчнийг бүрэн устгасан. 📉

  • Хүүхдийн эндэгдэл эрс буурсан. 👶

  • Саа өвчин 99 хувиар буурч, сахуу татран ховор тохиолдох болсон. 🦠

🌍Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээгээр вакцин жил бүр 4-5 сая хүний амь насыг аварч байна. Энэ хэрээр нийгэм, эдийн засгийн асар их боломжийг хүн төрөлхтөнд олгодог. Одоогоор вакцин бол хүн төрөлхтний олж нээсэн эмчилгээний хамгийн хямд, хамгийн өгөөжтэй арга гэж үзэж байна. Гэтэл бид 230 жилийн хоцрогдлоосоо салж чадахгүй, вакцин хортой, хоргүй тухай ярьж сууна гэдэг ичмээр биш гэж үү. 💉

💰 “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар “Улс орны эдийн засаг хүнд, ард түмний амьдрал ядуу байгаа тул улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүй болно” гэсэн агуулгатай албан бичгийн зураг нийтэлсэн. Гэвч уг мэдээллийг нягтлахад “Үнэн ба зөв” нам нь улс төрийн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилт авах шаардлагыг хангаагүй байна. 🫢 Ийнхүү уг мэдээлэл нь бодит шалтгааныг нуун дарагдуулсан, зориуд тараасан Худал мэдээлэл болох нь тодорхой болов. 🤬

📁 Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд төрийн санхүүжилт олгохоор заасан ч санхүүжилт олгохдоо намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандивын орлогод үндэслэж тооцохоор хуульчилсан.

🤥 Үнэн ба зөв нам нь 2024 онд дээрх дөрвөн төрлийн орлогын шаардлагыг хангаагүй тул энэ жил төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй байна. 📝😳

Улс төрийн намууд яагаад төсвөөс санхүүждэг болсон бэ?

Монгол Улсад улс төрийн намуудыг төрийн төсвөөс санхүүжүүлэх зохицуулалт Улс төрийн намын тухай хуульд тусгагдсан бөгөөд 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү зохицуулалтын гол зорилго намуудыг “тэжээх” бус, улс төрийн санхүүжилтийг ил тод болгох юм.

Хуулиар:

  • УИХ-ын сонгуульд оролцож,

  • сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй нийт сонгогчдын 1 ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэл төрийн санхүүжилт авах эрхтэй.

Олгох санхүүжилт нь намын:

  • гишүүдийн татвар,

  • сонгуульт гишүүдийн татвар,

  • иргэн, хуулийн этгээдийн хандив
    зэрэг өөрийн эх үүсвэрийн орлоготой уялдан тооцогдоно. Өөрөөр хэлбэл, тайлангаа тавьдаггүй, нэг хүний намд төсвийн мөнгө олгогдохгүй.

Энэхүү тогтолцооны зорилго нь:

  • улс төрийг их мөнгөтэй цөөнхийн нөлөөнөөс хамгаалах,

  • далд санхүүжилтийг багасгах,

  • намуудын санхүүжилтэд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх явдал юм.

  • товчхондоо санхүүжилт авсныхаа төлөө санхүүгээ нийтэд тайлагнадаг болсон.

Төрөөс санхүүжилт олгох нь шагнал бус, харин ил тод байдал, хариуцлагын шаардлага дагуулсан зохицуулалт гэдгийг бид ойлгож дэмжих нь чухал юм шүү. 🚀

Боловсролоос хөндийрч буй хөвгүүд

👦 Монгол Улсад хөвгүүдийн сургуульд хамрагдалт анхан шатандаа өндөр хэвээр боловч суурь боловсролоос цааш шат ахих тусам хөвгүүд олноороо “алга болж” байна. Судалгаагаар бүрэн дунд боловсролыг төгсөх үед хөвгүүдийн эзлэх хувь охидоос 12.7 хувиар бага 📉гарчээ.

PISA-2022 олон улсын үнэлгээгээр:

  • хөвгүүд унших чадвараар нэг жилээс илүү хоцрогдолтой,

  • математик, байгалийн ухаанд ч охидоос доогуур үзүүлэлттэй байна.

Судалгаа хөвгүүд боловсролоос хөндийрөх шалтгааныг “хичээлдээ муу” гэдэг нэг өгүүлбэрээр тайлбарлаагүй. Харин:

  • 👨гэр бүлийн ядуурал, аавын оролцоо сул байдал,

  • 📌хөвгүүдэд “сургууль заавал хэрэггүй” гэх нийгмийн хандлага,

  • 🚩хөвгүүдийн онцлогт нийцээгүй сургалтын орчин,

  • 💢эрэгтэй багшийн хомсдол,

  • 🚫хүүхдийн хөдөлмөр, сургууль завсардалтыг өөгшүүлдэг бодлогын цоорхой зэрэг системийн шалтгаанууд гол нөлөөтэйг харуулжээ.

Өөрөөр хэлбэл энэ бол хувь хүүхдийн асуудал биш бодлого, орчин, хандлагын нийлбэр дүн. Хөвгүүд боловсролоос хөндийрөх нь зөвхөн сурлагын асуудал биш, ирээдүйн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн тогтвортой байдалтай шууд холбогдох урт хугацааны эрсдэл гэдгийг судалгаа анхааруулж байна.

Судалгааны дэлгэрэнгүй тайланг унших бол энд дарна уу.

📍 Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той худалдааны түр хэлэлцээрийг (2025.12.12) соёрхон баталсан.

📄Уг хэлэлцээр хэрэгжсэнээр Монгол Улс ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай (ОХУ, Казахстан, Беларусь, Армени, Киргизстан) хязгаарлагдмал хүрээнд тарифын хөнгөлөлттэй худалдаа хийх эрх зүйн боломжтой болж байна хэмээн хууль тогтоогчид онцолсон.

Хэлэлцээрийн хүрээнд:

  • 🟢 Зарим нэр төрлийн бараанд гаалийн татварыг бууруулах, чөлөөлөх,

  • 🟢 Хоёр талын худалдаанд техникийн саад тотгорыг багасгах,

  • 🟢Экспорт, импортын журмыг илүү ойлгомжтой, тогтвортой болгох зохицуулалтыг тусгажээ.

🟡Энэ нь чөлөөт худалдааны бүрэн хэлэлцээр бус, харин нөлөөг нь туршиж үзэх, ашиг ба эрсдэлийг бодитоор хэмжих “түр” зохицуулалт гэдгээрээ онцлогтой.

🔴Гэвч уг түр гэрээг Монгол улсад ашиггүй, геополитикийн хувьд хүлээх эрсдэл өндөр бөгөөд дотоодын бизнес эрхлэгчдэд ч таатай бус нөлөөг дагуулна гэж үзэх талууд байгаа юм. Уг түр хэлэлцээрийн дэлгэрэнгүй мэдээллийг авах бол энд дарна уу.

📘“Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах тухай” хуулийн төсөл

👉 Уг хуулийн төсөл нь сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг анх удаа бие даасан хуулиар зохицуулахаар тусгажээ. Төсөлд:

  • 🩺 Суралцагчийн эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх үзлэг, тандалтыг тогтолцоотой болгох,

  • 🏫 Сургуулийн орчны аюулгүй байдалд тавих шаардлага, хариуцлагыг тодорхой болгох,

  • 🤝 Эрүүл мэнд, боловсрол, бусад холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хуулиар тогтоох,

  • ⚠️ Хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг “санаачилга, сайн дурын ажил” бус, заавал мөрдөх үүрэг болгох оролдлого гэж харж болно.

🔗 Хуулийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, Ж.Батболд, Г.Төгөлдөр
Дизайнер: Г.Төгөлдөр

Keep reading