💡Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Цагаан сарын бэлтгэл улс даяар ид өрнөж, хотын дарга хүртэл айлд бууз чимхсэн “контентын улс төр” давамгайлсан долоо хоног өнгөрлөө. Бид энэ долоо хоногийн улс төрийн халуурал, бодлогын гол шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

📉 Итгэл унасан 10 жил
🌍Транспэрэнси Интернэшнлийн Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2024 онд 31 оноо авч, 182 улсаас 124-д эрэмбэлэгдлээ. Өмнөх оноос 10 байр ухарсан үзүүлэлт юм.
📉 Сүүлийн 10 жилд Монгол Улсын оноо 38-аас 31 болж буурч, эрэмбэ 37 байраар ухарсан нь авлигатай тэмцэх бодлого, институцийн тогтвортой байдалд ахиц гараагүйг илтгэж байна.

🛠️Транпэрэнси интернэшнл олон улсын байгууллагаас Монгол Улсад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай дараах зөвлөмжүүдийг өгч байна.
💸 Улс төрийн нөлөөллийг бууруулж, улс төрийн санхүүжилтийн хяналтыг бэхжүүлэх: Санхүүгийн тайланг ил тод болгож, мөнгө ба улс төрийн шийдвэрийн хамаарлыг бууруулах шаардлагатай байна.
🔍Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах: Томоохон төрийн өмчит компанийн удирдлагыг нээлттэй, өрсөлдөөнт шалгаруулалтын журмаар томилдог тогтолцоог бүрдүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлыг хангах, шийдвэр гаргах болон гэрээ байгуулах үйл явцыг ил тод болгох нь зүйтэй.
⛏️ Уул уурхайн засаглалыг бэхжүүлэх: Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдал, ашиглалт болон хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй болгох, мөн хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, шаардлага, шалгуурыг тусгах нь зүйтэй.
⚖️Хууль хэрэгжилтийн тогтвортой байдал, ял завшихтай тэмцэх: Авлигын шинжтэй үйлдэлд хүлээлгэх хариуцлагын шатлалыг тодорхой болгож, эрүүгийн болон захиргааны хариуцлагын заагийг оновчтой тогтоох замаар хуулийн хийдлийг арилгах, хуулийг сонгомол байдлаар бус тэгш, ялгаваргүй хэрэгжүүлэх институцийн баталгааг бүрдүүлэх шаардлагатай.
📣Хүний эрх хамгаалагч болон шүгэл үлээгчийн бодит хамгаалалтыг бүрдүүлэх: Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг шүгэл үлээгчдийг хамгаалах нь авлигын эсрэг тогтолцооны суурь элемент тул аюулгүй, нэрээ нууцлан мэдээлэх суваг, өшөө авалтаас хамгаалах бодит механизм бүхий, олон улсын сайн туршлагад нийцсэн шүгэл үлээгчийн хамгаалалтын хуулийг яаралтай батлах шаардлагатай байна.

🔥🔥🔥 Эксүүдэд халтай Халуухан хавар айсуй
🌡 Хаврын улс төр халах нь тодорхой боллоо. 👤Халаах хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр. Үүнийгээ ч мэдэгдэж, экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гаргасан хэд хэдэн тогтоолыг хүчингүй болгон хууль шүүхийн байгууллагад шилжүүлснээ зарлалаа. 📢 Монгол Улсын дархан хилийн зурваст 🚧хууль зөрчиж газар олгосон гэх доорх баримтууд нь зүгээр л халаалт төдий, бүр халуухан нь биш гэж мэдэгдэв.
🗺Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо дөрөв хоногийн өмнө улсын хилээс 0,9-2,5 км-ийн зайд буюу хилийн зурваст байрлах 10 боомтын орчимд “Боомтын хөгжлийн корпорац” төрийн өмчит ХХК-д 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна.
⛏ “Боомтыг хөгжүүлнэ” гэх нэрээр улсын хилийн зурвас газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ. Нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас 20-ийг нь 2016 оноос хойш өгсөн байна.
🚛Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт Эко Транс” ХХК-д шууд олгосон нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид их хэмжээний орлого, ашиг олох боломж, давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байх магадлалтай.
⚖Иймээс дээрх тогтоол шийдвэрүүдийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хүчингүй болгож, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр эдгээр асуудлыг хууль, шүүхийн байгууллагад шилжүүлсэн гэв.
‼️Хэрэв Хууль зүйн сайдын мэдэгдсэн хилийн бүсэд 34,227 га газар олгосон гэх мэдээлэл үнэн бодитой бол энэ нь бидний зайлшгүй анхаарах ТҮГШҮҮР болж байна. 🤔

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
💰 Засгийн газраас зарим стратегийн ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай урьдчилсан хэлцэл байгууллаа. (News)🗳️
🧿Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн зургаан намыг идэвхгүйд тооцуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. (СЕХ)
⛏️ Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр хоёр тал санал нэгдлээ. (UIH.mn)
📢 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс санал авах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа. (IKON)
⚡Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо. (gogo)
🤝 Монгол Улсын Их хурлын дарга Н.Учрал Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, хэлэлцээ хийв. (УИХ)
🎓Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад захиа, даалгавар гардууллаа. (President.mn)
Байндаа зориогүй “бууз” ажиллагаа
🥟Цагаан сарын бэлтгэл ажил цаг наргүй үргэлжилж байна. Хотын дарга нь хүртэл айлд цай хүлээх зуураа мах татаж, бууз чимхэлцэж олны анхаарал татав. 👔“За хэдэн бууз хийхээр төлөвлөж байна вэ?” гэх албан асуултаар эхэлсэн бууз ажиллагаа амжилттай үргэлжлэх зуур ажил хэрэгч даргын зангаргаар 🙉“Танайх энэ махаа амталсан юм уу?” гэж лавлахаа ч мартсангүй.
📱Өнгөц хараад манай хотын дарга хаа сайгүй “Лайв” хийж, энд ч нэг хүнтэй ам мурийж, тэнд ч нэг хүнийг загнаж зандарч явдаг нөгөө л ажлаа хийж явна гэж бодсон. 🎬Гэвч энэ удаагийнх урьдаас зориуд бэлтгэсэн контент байлаа.
🙈🙈🙈 Гэвч олон нийтийн сүлжээгээр айлд бууз хийгээд зогсож буй хотын даргаасаа ичсэн сэтгэгдэл, улмаар хотын даргыг гэртээ оруулж, бууз хийлгэх тухай ёгтолж, егөөдсөн нийтлэлүүд хөврөв. Харин хэн ч хийн түлшний тухай ярьсангүй. Товчоор хэлбэл, “Бууз” ажиллагаа байгаа оносонгүй. ❌
🎭Гэхдээ хотын даргын энэ эгэл, энгийн “дүр” нь олон хүнд таалагдсан бололтой.👍 Таалагдана гэдгийг нь мэдсэн болохоор ийм контент зориуд бэлтгэж цацсан нь тодорхой байна. 🧠Ер нь улстөрчид гэнэт ийм байдлаар би та нартай адилхан, эгэл, энгийн нэгэн шүү гэдгээ харуулахыг хүсдэг нь ч учиртай аж.
Сонгогчдоо элэглэдэг улс төрчид ИЧИГ ИЧИГ, элэглүүлж “элэгдүүлдэг” сонгогчид ИЧИГ ИЧИГ 🙊🙉🙈
👇Энэ тухай “Судалгаа юу хэлэв? булангаас үргэлжлүүлэн уншаарай.

Сонгогчийн зан, төлөвийн судалгаа
👤🗳️ Сүүлийн үед сонгогчид аль нэгэн нам, эвсэлд санал өгнө гэж туйлшрахаас илүүтэй “Хүнийг нь харж сонгоно” гэх хандлагатай болсон. Энэ нь намуудын рейтинг урьд хожид байгаагүй доод түвшинд хүрсэнтэй холбоотой.🧑💼🗂️”Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн 2022 онд гүйцэтгэсэн “Сонгогчийн зан төлөвийн судалгаа“-гаар дараах үр дүн гарсан.
❓Тэгвэл ямар хүн сонгохыг хүсдэг вэ?
🧩Тухайлбал орон нутгийн сонгогчдын хувьд УИХ-д нэр дэвшигчид хүсэлтийг нь шийдэж чаддаг байх, Улаанбаатарын сонгогчдын хувьд иргэдтэй 🔄эргэх холбоотой байх нь чухал аж. 👂Сонгогчид өөртэй нь харилцаатай, асуудлыг нь анхаардаг, шийдэж өгдөг хүнийг дэмжих хандлагатай буюу энгийнээр хэлбэл Монгол сонгогч тойглуулах, халамжлуулах сонирхолтой байна. 🎁

Сонгогчдын хандлага ийм байхад улс төрчдийг өөрчлөгдөнө гэж хүлээх бас л хэцүү. Тойглуулах хүсэлтэй хүмүүст ул боов, гурил будаа тараахдаа манай улс төрчид ямагт дуртай байдаг билээ. Иймд төлөөллийн чанар нь зөвхөн улс төрчдөөс бус, сонгогчдын хандлагаас хамаардаг нь судалгаагаар харагдаж байна. Сонгогчийн боловсрол, оролцооны чадавхыг дэмжих бодлого сул хэвээр байвал энэ нь Монголын ардчиллын эмзэг цэг хэвээр үлдэнэ. Сонгогчийн зан төлөвийн судалгааны тайлантай танилцах бол энд дарна уу.
Хамгийн их хоцорсон гишүүд
😏УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган 2025.09.15-наас 2025.12.31-ний өдөр хүртэл нийт 36 удаа хуралдсан байна. ⏰Намрын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Равжихын Эрдэнэбүрэн хамгийн их хоцорч ирсэн байна. Минутаар тооцоход 1303 минут буюу 21 цаг 43 минут чуулганы хуралдаандаа суугаагүй хоцорсон гэсэн үг.
🥈Араас нь УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар-1174 минут, Шадар сайд Тогмидын Доржханд-1049 минут, УИХ-ын гишүүн Батбаярын Жаргалан-1027 минутаар тус тус нэхэж явна. 😏😏😏


Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт
🟡 УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан. 📍Өмнө нь НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн иргэн худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ынхаа 20%-ийг улирал бүр буцаан авах зохицуулалт үйлчилж байсан.
⏳Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтыг сарын худалдан авалтын дүнгээр шаталж олгохоор болгожээ. Тухайлбал:
✅2026 оны 10.01-12.31 хүртэл:
🟢Сард 1’000’000₮ хүртэл худалдан авалт хийвэл төлсөн НӨАТ-ын 50%
🟢 1’000’001₮-өөс дээш хэсэгт төлсөн НӨАТ-ын 20%
🚀Цаашид (2027 оноос)
🟢 0-500’000₮ хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100% буцаана
🟢 500’001-1’000’000₮ дээр 50%
🟢 1’000’001₮+ дээр 20%
❓Энэ өөрчлөлтөөр буцаан олголтыг сар бүр олгоно гэсэн үг биш. Харин сард хийсэн худалдан авалтын дүнг шаталж тооцоод, буцаалтыг өмнөх шигээ улирлаар олгодог зарчим хэвээр байна.
Одоо л нэг баримтын үнэ өсөх нь дээ. Хуулийн нэмэлт өөрчлөлттэй энд дарж танилцана уу.
Татварын багц өөрчлөлт
Засгийн газраас татварын багц өөрчлөлтийг дараах хуулийн хүрээнд өргөн мэдүүлээд байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
Татварын ерөнхий хууль
Засгийн газрын үзэж буйгаар:
👉 Татвар төлөх, тайлагнах үйл явц илүү хялбар болно
👉 Жижиг бизнес, бага орлоготой иргэдэд илүү ээлтэй болно
👉 Далд эдийн засгийг бууруулна гэжээ
Гэхдээ:
💰 Төсвийн орлого буурах уу, нэмэгдэх үү?
💸 Дундаж давхаргад ачаалал шилжих үү?
📊 Хөнгөлөлт бодит уу, эсвэл тооцооллын “шилжилт” үү? гэдэгт хариулт үгүй.
Татвар гэдэг бол зөвхөн бизнесийн асуудал биш цалин, үнэ, ажлын байр, төсөв, халамж гээд бүгдэд нөлөөлдөг систем. Тиймээс таны оролцоо хамгийн чухал.
🔗 Татварын багц өөрчлөлтийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, Ж.Батболд, Г.Төгөлдөр
Дизайнер: Г.Төгөлдөр