🎉 Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний бэлтгэсэн “Newsletter”-ийн хамгийн анхны уншигч болж буй эрхэм танд талархал илэрхийлье. Бид долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө нийгэм, улс төрийн үйл явдлын тойм мэдээллийг шинэ содон өнцөг, булангаар баяжуулан уншигч танд тогтмол илгээх болно.

Энэхүү “Newsletter” нь 100’000 хүнд нэгэн зэрэг хүрч буйг дуулгахад таатай байна.

Дээсэн дөрөөн дээр тогтсон “Үг хэлэх” эрх чөлөө

Монгол Улс 1992 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулах замаа сонгосны 34 жилийн ойг өнгөрсөн долоо хоногт тэмдэглэлээ. Ардчилсан нийгмийн гол үнэт зүйл бол иргэн бүрийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх юм.

Гэвч бид эдгээр эрхээ бодитоор эдэлж чадаж байна уу? Сайн уу, муу юу?🤔

  • “Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) байгууллагын 2025 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж, “хүнд” ангилалд багтсан байна. Харин Freedom House-ийн үнэлгээгээр 100 онооноос 84 оноо авч “эрх чөлөөтэй” орны тоонд оржээ.

Эдгээр үнэлгээнээс харахад Монголын хэвлэлийн эрх чөлөө сайн ч юм шиг, муу ч юм шиг хоёрдмол дүр зураг харагдана. Гэвч олон улсын судалгааны байгууллагууд Монголд хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал, сэтгүүлчид болон иргэдийг эрүүгийн хэрэгт татах, улс төр, бизнесийн хараат байдал, дарамт шахалтын эрсдэл байсаар байгааг анхааруулж байна.

Сүүлийн таван жилд 823 иргэн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө “нэр төр, алдар хүндэд халдсан” гэх үндэслэлээр эрүүгийн болон зөрчлийн хэрэгт шалгагджээ. Төрийн өндөр албан тушаалтнуудын талаар бичсэн сэтгүүлчид дарамтад орох явдал ч цөөнгүй.

🟢 Сайн мэдээ: Цэцийн түүхэн дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн “гүтгэх” заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох дүгнэлт гаргасан нь үг хэлэх эрх чөлөөг хамгаалах чухал алхам боллоо. УИХ уг дүгнэлтийг хэлэлцэн хүлээн авч, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

“Хүний эрх хязгааргүй биш ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлаж болохгүй. Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахтай тэнцвэртэй байдлаар хангах ёстой гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн.”

Хуульч Л.Галбаатар

🔴 Муу нь: Хэвлэл, жагсаал хоёр “эмзэг” хэвээр

Хүний эрхийн үндэсний комиссын ажиглалтаар Монголд хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд шууд халдах, редакцад гүйцэтгэх ажиллагаа явуулах эрсдэл байсаар байна. “Ноорог” студид хийсэн хойшлуулшгүй ажиллагааг жишээ татан, контентын агуулгад нөлөөлөх оролдлого гэж үзсэн нь үүний тод илрэл юм.

“Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагааг хумих, айлгах, хязгаарлах гүйцэтгэх ажиллагааг хүсвэл хэзээ ч хийж болох эрсдэл байсаар байна.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд

Мөн тайван жагсаал цуглааны эрх бодит байдал дээр ялгавартай хэрэгжиж, “захиалгатай” жагсаалд бүх нөхцөл бүрддэг атлаа иргэд итгэл үнэмшлээрээ жагсахад саад тотгор учирдаг тухай гомдол тасрахгүй байна.

ДҮГНЭЭД ХАРВАЛ

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг бодитоор хамгаалахын тулд:

  • Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль

  • Холбоо, сан, ТББ-ын эрх зүйн орчин

  • Шүгэл үлээгчийн хамгаалалт

  • Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо

  • Нийтийн мэдээллийн ил тод байдал

  • Төрийн нууцын тухай хууль

зэрэгт нарийвчилсан, хүний эрхийг дээдэлсэн шинэчлэл зайлшгүй шаардлагатай хэвээр байна.

Үндсэн хуулиар олгосон эрх чөлөө “дээсэн дөрөөн дээр” тогтож болохгүй. Энэ бол ардчиллын дархлаа, иргэний нийгмийн амин судас юм.

2026.01.01-ээс хэрэгжиж эхэлсэн хууль, тогтоолуудтай танилцах

Цалин орлого - 2026

  • Багшийн дундаж цалинг: энэ сарын 1-нээс 50 хувиар нэмлээ. Цаашид 11-р сарын 1-нээс 26 хувиар нэмэхээр эх үүсвэрийг нь төсөвт суулгажээ.

  • Эмч, эрүүл мэндийн ажилтны цалин 30 хувиар нэмэгдэж, 8-р сарын 1-нээс шат дараатай өсгөнө.

  • Онцгой байдлын албан хаагчдын нэмэгдлийг 30-40 хувь болгон 10 хувиар нэмэгдүүлэв.

Нийгмийн хамгаалал - 2026

  • Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг 16 мянган хүүхэд тутамд нэг байх зохицуулалт хэрэгжиж эхэллээ.

  • Тэтгэвэр, шимтгэл тооцох орлогын шинэ итгэлцүүр хэрэглэж эхэллээ. 1990 он болон түүнээс өмнөх хугацааны орлогыг 3066.86 дахин, 2000 оны орлогыг 26.98 дахин, 2010 оны орлогыг 5.30 дахин, 2020 оны орлогыг 1.52 дахин тус тус өсгөн тооцохоор тогтоожээ. Харин 2024 оны орлогыг суурь болгон 1.00 итгэлцүүрээр тооцох юм.

Улсын төсөв - 2026
  • Төсвийн орлого: 31.93 их наяд төгрөг

  • Төсвийн зарлага: 32.98 их наяд төгрөг

  • Төсвийн алдагдал: 1.05 их наяд төгрөг

  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж: 3.28 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ.

“Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” судалгааг “Хүний Эрхийн Үндэсний Комисс” (ХЭҮК)-ын захиалгаарЦогц Хөгжлийн Үндэсний Төв” нь 2024 онд гүйцэтгэжээ.
  • Бодит дарамт, эрсдэлтэй орчинд ажиллаж байна: Хүний эрх хамгаалагчдын дийлэнх нь дарамт шахалт, заналхийлэл, эрх зөрчигдөх эрсдэлд өртөж байсан.

  • Хамгийн эрсдэлтэй бүлэг: Ялангуяа байгаль орчны болон нийгмийн шударга ёсны чиглэлд ажиллагсад илүү эмзэг байна.

  • Ганц дайчин: Орон нутгийн хүний эрх хамгаалагчдын гуравны нэг нь (30.4%) ганцаар ажиллаж байна.

  • Дэмжлэг дутуу: Хүний эрх хамгаалагчдын хамгийн их итгэдэг институт нь ХЭҮК бөгөөд бусад талуудын дэмжлэгийг сайжруулах шаардлагатай.

Сайн тал

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэд хорооныхоо хуралд цахимаар оролцох, нийтийн өргөдлийг цахим хэлбэрээр санаачилж шийдүүлэх боломжийг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал гишүүнтэй ярилцсан uih.mn сэтгүүлч Г.Батзаяагийн “Тэгш Өнцөг“ ярилцлагыг үзэх бол энд дарна уу.

Сүүл мушгисан гишүүд

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган 2025.09.15-наас 2025.12.31-ний өдөр хүртэл нийт 36 удаа хуралдсан байна. Намрын чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан тоогоороо Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга тэргүүлснээр сүүл мушгив. Сүүлээсээ хоёрт мөн л Монгол Улсын Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ орсон бол “айргийн гурав”-т Сангийн сайд Болдын Жавхлан орлоо. УИХ-ын гишүүдийн гадаад болон орон нутгийн томилолт, өвчтэй, чөлөөтэй, хоцорсон тохиолдлуудыг тасалсан тоонд оруулаагүй болно. Ямар ч шалтгаангүйгээр нэгдсэн хуралдаан тасалсан тоог энд харуулав.

Гурвын гурван гахай шүү дээ 🐷🐷🐷

“Алтан нарны илчийг боомилж байсан 15 төрлийн зөвшөөрлийг цуцалж, чөлөөллөө” гэх агуулга нь төөрөгдүүлсэн мэдээлэл
  • Үйл явдал: УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, 68 өрх нарны хавтангаар эрчим хүчээ шийдэж, цаашид хэмнэсэн эрчим хүчээ төвийн системд холбож орлого олох боломжтой тухай олон нийтэд мэдээлсэн.

  • Мэдэгдэл: Үүнийхээ дараа ажлын хэсгийн гишүүдтэй хамт айлын хашаанд авхуулсан зургаа “Алтан нарны илчийг боомилж байсан 15 төрлийн зөвшөөрлийг цуцалж, чөлөөллөө” гэх текстийн хамт өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн нь олон нийтийг төөрөгдүүлсэн шинжтэй байна.

  • Нягтлахад: Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Ажлыг хэсгээс тодорхой шийдвэр гарч, үүнийг нь ажлын 30 хоногт баталгаажуулах ёстой. Одоогоор яг ийм зөвшөөрлүүдийг цуцаллаа гэсэн албан ёсны шийдвэр гараагүй” гэж мэдээллээ.

  • Төөрөгдүүлсэн: Мөн энэ тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос асуухад “Манайд одоогоор ямар ч мэдээлэл алга” гэсэн юм. Өөрөөр хэлбэл 15 тусгай зөвшөөрлийг шаардахгүй байх албан ёсны эрх зүйн баримт бичиг нь гараагүй гэсэн үг. Цаашдаа улс төрчид шийдсэн зүйлээ л шийдсэн гэж зарламаар байна. 🙃

Дубайн аяллын шуугиан замхрав 🫨🫨

Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар Татварын ерөнхий газрын даргынхаа үгэнд оролгүй ажлаа таслаад нийслэл, дүүргийн албаны дарга нараа дагуулан Дубай руу аялаад ирэв. ✈️

Тэдний аяллын зардал улсын төсвөөс гараагүй, татварын албанаас гараагүй, өөрсдөөс нь бас гараагүй. Харин нийслэлээс гарсан нь тодорхой болов.

Тодруулбал, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар онгоцноос буусан даруйдаа “Нийслэлээс зохион байгуулаад бид яваад ирлээ. Зардлыг нийслэлээс зохион байгуулсан болохоор тэндээс хариулах байх” гэв.

Манайх нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг. Энэ утгаараа яваад ирсэн. Би шууд удирдлагын хувьд дүүргийн дарга нартаа өөрөө чөлөө өгсөн. Би хариуцлага хүлээнэ” гэж ярьсан. Ингээд удалгүй өөрийн хүсэлтээр ажлаа өгч, хариуцлага хүлээх болсноо зарласнаар шинэ оны эхний дуулиан намжив. 🤮

Ингээд л болоо гэж үү? Хүний сайн мууг үзэх гэсэндээ биш; хариуцлага, ил тод байдал хаана байна вэ? Ажлаа тасалсан нийслэл, дүүргийн албаны дарга нар ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй үлдлээ. 🫢 Хамгийн гол нийслэлээс гарсан гэх зардал яг ямар эх үүсвэрээс гарсныг хэн ч мэдэж чадсангүй. 💸💸💸 Ямартай ч татвар төлөгчдийн мөнгөнөөс гарсан нь тодорхой. Төрийн албанд даргын алба хашиж, улсаас цалинждаг хэрнээ Дубайд аялж, төсвийн мөнгө үрэн таран хийсэн хүмүүсийг хэн хаацайлаад байна вэ?

Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?

Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь нэг хүн эсвэл албан тушаалтан өөрийн хувийн ашиг сонирхлыг нийтийн, байгууллагын эсвэл албан үүргийн ашиг сонирхлоос дээгүүр тавихыг хэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүн албан ажлаа шударга, хараат бус байдлаар гүйцэтгэх ёстой боловч хувийн ашиг сонирхол нь түүний шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөх, эсвэл нөлөөлж болзошгүй болсон үед ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Ийм зөрчил гарвал шийдвэр бодитой бус болж, шударга байдал алдагдах эрсдэлтэй тул түүнийг ил тод мэдээлэх, зохицуулах нь чухал байдаг.

Ашиг сонирхлын зөрчлийг бид хэрхэн тодорхойлох вэ?

10.10.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас

Улсын их хурлын гишүүд өөрийн ашиг сонирхлын зөрчилтэй салбарыг тодорхойлж олон нийтэд мэдээлэх нь тэр бүр тохиолдоод байдаггүй нь манайд тогтсон муу жишиг билээ. Нийтийн албан тушаалтан жил бүр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн ашиг олж буй компани, хуулийн этгээдийн жагсаалтыг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусган АТГ-д хүргүүлснээр олон нийтэд нээлттэй болдог.

Тухайн мэдээлэлд үндэслэн гишүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй салбарыг тодорхойлсныг та www.uih.mn цахим талбараар зочлон дурын УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчилтэй салбаруудыг мэдэж авах боломжтой.

“Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд энд дарж саналаа өгнө үү. Энэхүү хуулийн төсөл нь Улсын Их Хурлын гишүүдийг хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах явцад ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах зорилготой бөгөөд төслөөр дараах гол өөрчлөлтүүдийг тусгажээ. Үүнд:

  • УИХ-ын гишүүдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдсэн мэдэгдлийг УИХ-ын албан ёсны цахим хуудсанд нээлттэй байршуулдаг болох;

  • Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүнийг хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахгүй байх;

  • Ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд санал хураалтаас түдгэлзэх зохицуулалт;

  • Ашиг сонирхлын зөрчлийг зөвхөн “гэр бүлийн гишүүд”-ээр хязгаарлахгүй, “хамаарал бүхий этгээд” гэсэн өргөн хүрээний ойлголтоор тодорхойлох.

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, Ж.Батболд, Г.Төгөлдөр
Дизайнер: Г.Төгөлдөр

Keep reading