💡Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Хаврын “халуухан” улс төр эхэллээ. Монгол ардын намын дарга Н.Учрал бага хурлынхаа үеэр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг намаас түдгэлзүүлнэ хэмээн мэдэгдэж, энэ хаврын улс төрийн галыг ийнхүү өрдөв. 🔥
🔥 Хаврын улс төрийн "гал”-ыг өрдөв
🏛⚡Монгол ардын намын дотоод хагарал туйлдаа хүрсний дохио нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, МАН-ын гишүүн А.Амундра нарыг намаас түдгэлзүүлэх тухай зарласан нь байв. ⚡⚖️Юу ч болсон нам дотроо асуудлаа шийдэж, дотоод эрх ашгийн төлөө нэгдэж чаддаг МАН-ынхан энэ хавар нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах нь тодорхой болжээ.
🏛↔️🏛МАН-ын дарга Н.Учрал “Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулахгүйгээр яг одоо зарлаж байна” гэж хэлсэн нь одоо л унасан дээр нь дараад авъя гэсэнтэй агаар нэг. Гэвч унасан бөх ууртай гэгчээр нөгөө хэд нь зүгээр буугаад өгч чадах болов уу? гэдэг нь анхаарал татна.
⚖️Саяхан л УИХ-ын даргын албыг хашиж байсан Д.Амарбаясгаланг авлига, албан тушаалын хэрэгт татсан. 📂Хэргийг нь удахгүй шүүхэд шилжүүлэх болов уу гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв.
🚔Эрчим хүчний асан Н.Тавинбэхийг Авлигатай тэмцэх газраас дуулиантайгаар баривчилж, мөн л авлига, албан тушаалын хэргээр цагдан хорьсон. 🚫✈️Харин цагаан сарын өмнө эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавин шалгаж байна.
🏛⚠️УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
👥⚡Харин А.Амундраг намын дарга нь нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн хэмээн тодорхойлов.
🔥Намын даргын хувьд ийнхүү барьцаа ахиулав. 📢Харин нөгөө талаас хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах оролдлого, улс төрийн үйл явц өрнөж мэднэ. ✍️📄Ардчилсан намынхан хүртэл гарын үсэг цуглуулчихсан, шаардлага гарвал Засгийн газрыг огцруулах улс төрийн нүүдэл хийж магадгүй байна. ♟

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
🧑⚖️Шүүхээс оноосон 2.6 жилийн хорих ялаа биеэр эдэлж дууссан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан “Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан” гэж мэдэгдэв. (Т.Аюурсайхан)
📢УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, МАН-ын бага хурлын гишүүн А.Амундра нарыг намаас түдгэлзүүлэхээр МАН-ын дарга Н.Учрал Хяналтын ерөнхий хороондоо албан ёсоор хандав. (Ubn)
⚡Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ. (UIH.mn)
💵 "Эрдэнэс Тавантолгой" ХК нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 63,242 төгрөгийг 2026 оны 4-р сарын 30-наас өмнө олгохоор шийдвэрлэлээ. (Ikon)
🗳️Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэв. (Н.Алтанхуяг)
🏛️Засгийн газрын хуралдааны шийдвэр: (Засгийн газар)
🌾Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж, малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ.
🛣️ Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг 6 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо.
📑Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа.
⚖️ Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсаныг АНУ-ын ерөнхийлөгч Трамп зарлалаа. (Ikon)


🚨Хуулийн төсөлд: ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх, өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгажээ.
📜 Мөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдох эсвэл жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгасан гэж мэдээлэв.
📣Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүний ёс зүйг олон нийт хурцаар шүүмжилж буй нь үнэн. Яг энэ үетэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн хуулийн төсөл орж ирсэн нь олон нийтийн дэмжлэг авах магадлал тэр хэрээр өснө.
⚖️Гэвч нөгөө талаас нь харвал парламентын тогтолцоотой улсад их хурлын гишүүдийнхээ ёс зүйг цахим орчинд шүүж, тэр нь эгүүлэн татах нэг үндэслэл болоод эхэлбэл Парламентын тогтолцооны суурь ганхаж, эрх мэдлийн тэнцвэр алдагдах эрсдэл үүсэх вий.
⚠️Тэр тусмаа Ерөнхийлөгчийн зүгээс хууль тогтоох засаглалын гишүүдийг эгүүлэн татах хууль санаачилсан нь ардчилсан парламентын дархлааг сулруулах эрсдэлтэй. 🚨
Ийм хууль хэрэгтэй байж болох ч санаачилбал зохих хүн нь Ерөнхийлөгч биш.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр анх удаа зургаан жил Төрийн тэргүүний албыг хашиж, эрх мэдэл, улс төрийн нөлөөгөөрөө дамжуулан УИХ болон ЗГ-ын тэргүүнээр “өөрийнхөө тал”-ын хүмүүсийг тавьж чадсан хэмээн яригдаж буй Ерөнхийлөгчийн зүгээс парламентын тогтвортой байдлыг сулруулж мэдэх ийм хуулийн төсөл санаачилсан нь “түгшүүр” төрүүлж байна.
🔐Бидний хувийн нууц гэж боддог мэдээлэл хэзээ ч, хаанаас ч гарч ирэхэд гайхахааргүй болжээ. 🌐Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам сайтдаа иргэдийн хувийн нууц мэдээллийг байршуулж, биднийг ангайлгав.
🆔 Регистрийн дугаараа хийхэд л овог нэр, гэрийн хаягийн мэдээлэл шууд гарч ирж байгаа нь анхаарал татаж, шүүмжлэл дагуулав. Хамгийн гол нь намын гишүүн биш хүмүүсийн хувийн мэдээллийг Ардчилсан нам хаанаас авсан бэ❓
🗣Энэ асуултад Ардчилсан намаас “Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн намуудад сонгогчдын мэдээллийг цахимаар олгодог. Энэ дагуу 2024 оны тавдугаар сард ирсэн мэдээллийг ашигласан. Бидэнд ямар ч хуулийн зөрчил байхгүй. Харин иргэд өөрсдийн мэдээллээ цахим орчинд цацаж байгаа учраас түр хязгаарласан” гэж хариулав. Тэгвэл дараагийн асуулт.
❗Ардчилсан нам сонгуулийн үеэр авсан сонгогчдын мэдээллийг өөр зорилгоор буюу цахим сайтдаа байршуулж ашиглах эрхтэй юу?
⏳ Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах ашиглах журамд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудас, мэдээллийн самбар зэрэг нийтийн бүх төрлийн мэдээллийн хэрэгсэлд байршуулахгүй байх, сонгуулийн санал хураалт явагдаж дууссанаас хойш ажлын гурав хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх гэж тодорхой заажээ.
✍️ Хувийн эрх чөлөөг үнэт зүйл гэж зарласан нам иргэдийн хувийн мэдээлэлд ийнхүү гамгүй хандав. Ичиг ичиг… 😶😶
🏛️ УИХ-ын гишүүний ёс зүй гэж юу вэ? 😕
УИХ-ын гишүүний ёс зүй гэдэг нь ард түмнийг төлөөлөх албан тушаалтны хувьд ⚖️ хууль сахих, 🚫 ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, 🔍 шударга, ил тод, 🛡️ хариуцлагатай ажиллах ёс суртахууны болон хуулиар тогтоосон хэм хэмжээ юм.
❗Ёс зүйн зөрчил гэж юуг хэлэх вэ?
Монгол Улсын Их Хурлын Гишүүний Ёс Зүйн Дүрмийг 2021 оны УИХ-ын 105 дугаар тогтоолын хавсралтаар баталсан байдаг📜. Уг тогтоолд зааснаар УИХ-ын гишүүн дараах ёс зүйн хэм хэмжээг баримтлах ёстой ба зөрчвөл ёс зүйн зөрчилд тооцогдоно. Үүнд:
2.1.1. нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх;
2.1.2. 🏛️ төр ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэх;
2.1.3. ⚖️ Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахиж биелүүлэх;
2.1.4. 🚫 авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
2.1.5. 🤝 биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх.
УИХ-ын гишүүн нь үйл ажиллагаандаа энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг баримтлахын зэрэгцээ 📚 Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой байдаг.
Уг нь шаардлага нь тодорхой, хэм хэмжээ нь ч тодорхой. Харин хэрэгжилт нь ч мөн адил тодорхой байгаасай л гэж хүсэх юм даа. 🤷♂️

Намууд дотооддоо ардчилалгүй бол Монголд ардчилал бэхжихгүй
📊📑“Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2020” судалгаагаар намуудын шийдвэр гаргалт, санхүүгийн ил тод байдал, гишүүдийн оролцоо, нэр дэвшүүлэх үйл явцыг үнэлж байжээ. Үр дүн нь намууд институцийн хувьд ардчиллын зарчим тусгасан ч бодит хэрэгжилт сул, шийдвэр гаргалт төвлөрсөн хэвээр байгааг харуулжээ.
🔴Шийдвэр цөөн хүний гарт төвлөрсөн: 🧑💼Намын дотоод сонгууль, бодлого тодорхойлох процесс гишүүдийн өргөн оролцоонд тулгуурладаггүй.
🔴 Санхүүгийн ил тод байдал хангалтгүй: 💰❓Тайлагнал жигд бус, олон нийтэд ойлгомжтой, нээлттэй мэдээлэл дутмаг байна.
🔴 Нэр дэвшүүлэх үйл явц хаалттай хэвээр: 🚪🔐Өрсөлдөөнт, ил тод шалгуур тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байна.
🟢 Сайн тал: Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлж буй энэ үед намууд дотоод ардчиллаа бодитоор бэхжүүлэх шаардлага улам тодорч байна. Судалгаагаар илэрсэн шийдвэр төвлөрөл, санхүүгийн ил тод байдлын сул тал, нэр дэвшүүлэх хаалттай механизмыг засаж сайжруулах нь хуулийн хэрэгжилтийг хангах, институцийн хариуцлагыг нэмэгдүүлэх суурь алхам болно.
Харин бид хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, илүү ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг шаардах хэрэгтэй байна🔍👀.
Судалгааны тайлантай танилцах: https://www.uih.mn/sudalgaa/s/74
Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль
Уг хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард, бусад хууль тогтоомжийн дагуу зээл олгох эрх бүхий хуулийн этгээд, иргэнд хамаарна.
Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар Монгол Улсад зээлийн зах зээлд тогтсон 📈 хэт өндөр хүү, мөнгө хүүлэлтийн шинжтэй үйл ажиллагаа нь иргэд 👨👩👧👦, өрх, аж ахуйн нэгжийн санхүүгийн тогтвортой байдалд ⚠️ ноцтой эрсдэл учруулж, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулж байгаатай холбоотой гэжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн боловсруулж байгаа энэ хуулиар дараах харилцааг зохицуулах зорилго тавьжээ. Үүнд:
🏦банк болон банк бус зээлдүүлэгчийн олгох зээлийн нийт бодит хүүгийн дээд хязгаарыг тогтоох
🚫мөнгө хүүлэлттэй тэмцэх
⚖️зээлийн зах зээлийг шударга, ил тод, тогтвортой болгохтой холбоотой харилцааг зохицуулах
Хуулийн төслийн зарим онцлох заалтууд:
🧮Банк болон банк бус зээлдүүлэгчийн олгох зээлийн нийт бодит хүү нь зээлийн гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны бодлогын хүүгээс дор дурдсан хэмжээнээс хэтрэхгүй байна
📄Зээлдүүлэгч нь зээлийн гэрээ байгуулахаас өмнө зээлдэгчид зээлийн нийт бодит хүү, зээлдэгчийн төлөх нийт дүн, зээлийн хугацаанд төлөгдөх хүү, шимтгэлийн нийт хэмжээ зэрэг мэдээллийг бичгээр, ойлгомжтой байдлаар заавал мэдээлнэ
🚫Энэ хуульд заасан нийт бодит хүүгийн дээд хязгаараас давсан нөхцөлөөр зээл олгох, зээлийн хүү, шимтгэлийг урьдчилан авах, олгож буй зээлийн дүнгээс хүү, шимтгэлийг суутган олгох болон бусад үйл ажиллагааг хориглох заалтууд тусжээ.
Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр