💡Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Сүүлийн жилүүдэд тохиогоогүй хамгийн хүйтэн өдрүүдийг тог, дулааны хязгаарлалттайгаар давсан нэг долоо хоног өнгөрлөө. Бид долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө нийгэм, улс төрийн үйл явдлын тойм мэдээллийг шинэ содон өнцөг, булангаар баяжуулан уншигч танд тогтмол илгээх болно.
Өвлийг өнтэй давчих юм сан
⚡ Мөн ч олон жил ярьсан даа. Эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөж чаддаггүй юм аа гэхэд ядаж хуучирсан зуухнуудаа засаж сэлбэхгүй бол бид хотоороо хөлдөх аюултай гэж. Яг энэ үнэнтэйгээ бид өнгөрсөн 7 хоногт нүүр тулав.
🏭 Дөрөвдүгээр цахилгаан станцын нэг зуухны халах гадаргууд гэмтэл гарснаар эхний цахилгаан хязгаарлалт хийв. Инженер, техникийн ажилтнууд гэмтлийг 24 цагийн дотор зассан ч цахилгаан хязгаарлалт хэвийн болсонгүй.
⛇ Учир нь шинээр ашиглалтад орсон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс хөлдсөнөөс бөглөрөл үүсэж, эрчим хүчний чадал нь буурснаар хотоороо 16 хэсэгт хуваагдан цахилгааны хязгаарлалтад оров.
🚨Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ ямар ч нөөцгүйгээр хамгийн өндөр хүчин чадлаараа ажиллахад 1800 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Харин өнгөрсөн долоо хоногт оргил ачаалал 1803 мегаватт хүрсэн. Өөрөөр хэлбэл, станцууд ямар ч нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх үед гэмтэл гарч, хязгаарлалт хийсэн байна.
❄️ Магадгүй үүнээс томоохон осол, гэмтэл гарвал юу болохыг хотоороо ойлгож, бодитоор мэдэрсэн биз ээ. Эрчим хүчний шилжилт, сэргэлт зэрэг сүржин нэрсээс өөр бодит ажил огт хийгдээгүйг, үе үеийн эрх баригчдын амжилтын үр дүнг бид биеэр үзэв.
Эрх баригчид эрчим хүчний асуудлын хариуцлагыг үүрэх “гацаагчдыг“ тодруулж зарлав. Гацаасан нь тэдний буруу бол “гацсан нь” хэний буруу вэ? Улсын амин чухал бодлого гацсан бол түүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл, чиг үүрэгтэй институц хариуцлага хүлээх ёстой.
Иргэд нэг хувь хүнд бус институцэд эрх мэдэл өгсөн. Мөн тэднээс хариуцлага шаардах зүй ёсны бөгөөд хууль ёсны эрхтэй.
Ирээдүй
🏗️ Засгийн газраас 2027 онд Төв аймгийн Баян суманд барьж буй 660 МВт-ын дулааны цахилгаан станц, мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 300 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь хэсэг ашиглалтад орсноор цахилгаан үйлдвэрлэл, хэрэглээгээ гүйцэж, хэвийн хэмжээнд шилжинэ гэж үзэж байна.
🔋 Гэтэл нөгөө талд Монголчуудын цахилгааны хэрэглээ жилд 100–150 МВт-аар нэмэгдэж байна. Мөн шинээр ашиглалтад орсон станцууд цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байх эрсдэлтэйг Бөөрөлжүүтийн жишээнээс харж болно. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах нь чухал байгаа ч хүйтний улиралд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, эрсдэл гарч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Бидэнд юуны өмнө өөрсдийн хэрэгцээгээ найдвартай хангах эх үүсвэр шаардлагатай байна.
Дараа нь гаднаас импортолдог 20 гаруй хувийн хэрэглээгээ нөхөж, эрчим хүчний хараат байдлаас гарах нь чухал.
Үүний тулд саад болж буй асуудал бүрээ шуурхай шийдэж, гадна дотнын “эсэргүүцлээ” даван туулж, эрчим хүчний бие даасан байдлаа баталгаажуулах улс төрийн зориг, хариуцлага хэрэгтэй байна.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
🕊️ Монгол Улс Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо. (gov.mn)
🌘Засгийн газраас цагаан сарын битүүний мягмар гараг буюу 2.17-ны ажлын өдрийг 2.28-ны өдрийн бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэв. (gogo)
🪫Харанхуй хот: IV цахилгаан станцад гэмтэл гарснаар цахилгаан хязгаарлав. (news)
🔔Ардчилсан намаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцохыг шаардлаа. (uih.mn)
🌏Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотноо болсон 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцов. (ikon)
🚨Яруу найрагч Ц.Хулан “Би өршөөл уучлалаар биш … дахин дахин хянуулж, гэм буруугаа хүлээлгүй гарч ирсэн” гэх мэдээлэл түгээсэн тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал дуудаж сануулга өгөв. (ubn)
⚖️“Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны чадавхыг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо. (ХЭҮК)
🤦Еээ ямар аймар худалч юм бэ!
Засгийн эрхийг 2016 оноос хойш тасралтгүй 10 жил барьж буй “Монгол Ардын Нам” 2016-2020, 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, экспортлогч улс болно гэж амлаж байжээ. *2024 оны мөрийн хөтөлбөр хэрэгжих хугацаа нь дуусаагүй тул оруулаагүй болно.
🔴 МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт
🤥Улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангаж, цаашид эрчим хүч экспортлогч орон болно.
🤥Улаанбаатарын 5 дугаар цахилгаан станц, Тавантолгой, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говийн дулааны цахилгаан станцуудыг барина.
🤥Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж нар, салхин цахилгаан станц, Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барина.
🔴 МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт
🤥Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина.
🤥Багануурын 400МВт -ын хүчин чадалтай цахилгаан станц болон Улаанбаатар хоттой холбох цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дуусгана.
🤥Эрдэнэбүрэнгийн 90 МВт усан цахилгаан станц болон цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
🤥Таван толгойн 300 МВт-ын цахилгаан станц байгуулна.
🤥Эгийн голын 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц төслийг эхлүүлнэ.
Тухайн мөрийн хөтөлбөрийн хамрах хугацаанд дээрх амлалтуудын аль нь ч биелээгүй. 2023-2025 онуудад улсын төсвийн нийт зарлага дүнгээр 83.0 их наяд төгрөгт хүрчээ! Гэвч ДЦС-4-ийн зуухыг шинэчлэх 360.0 тэрбум төгрөгийг шийдэхгүй явсаар 2026 онд тогоо тасалжээ! 🥴🥴🥴

‼️Шинээр батлагдсан АНХААРАХ хуультай танилцъя.
⏱️ Энэ хуулийг 2025 оны намрын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Бензин, шатахууны хомсдол нийгмийн анхаарлын төвд байсан үед батлагдсан уг хуулийн олон нийтэд шууд хамаарах онцлох зохицуулалтуудыг товчлон хүргэе.
⛽Олон улсын худалдаа, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан нийлүүлэлт 50 хувиас дээш хэмжээгээр буурсан тохиолдолд онцгой зохицуулалт хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоосон.
🛢️“Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн”-д керосиноос бусад газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан.
🪖Засгийн газар импортын хэмжээг нэмэгдүүлэх, улсын болон батлан хамгаалахын нөөцөөс гаргах, түгээлт, хуваарилалтыг зохицуулах, дипломат шугамаар шуурхай арга хэмжээ авах бүрэн эрхтэй болсон.
💵Монголбанк шатахууны импорт, агуулах, дэд бүтцийн төслүүдэд хөнгөлөлттэй зээл, репо санхүүжилт олгох боломжтой.
⌛Хууль 2025–2030 оны хооронд түр хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Товчхондоо: Шатахууны хомсдол дахин үүсвэл төр онцгой горимоор оролцож, хангамж, түгээлтийг төвлөрүүлэн зохицуулах эрх зүйн механизмыг энэ хуулиар бүрдүүлжээ.
➡️ Харин энэ нь түр зуурын хомсдолыг даван туулах арга уу, эсвэл урт хугацаанд хараат бус байдлыг бий болгох бодлогын эхлэл үү гэдэг асуулт нээлттэй хэвээр байна.
Хүн бүрд хамаатай хүний эрхийн судалгаа: Сэтгүүлч, өмгөөлөгч
“Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааг “Хүний эрхийн Үндэсний Комисс”-ын захиалгаар “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” 2024 онд гүйцэтгэжээ. Судалгаанд 426 өмгөөлөгч, 424 сэтгүүлч, нийт 850 хүний эрх хамгаалагч хамрагдсан.
💖Зориг шаарддаг: Хүний эрх хамгаалах үйл ажиллагаатай холбоотойгоор 5 оролцогч тутмын 1 нь эрүүгийн эсхүл зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан.
🎤Сайжруулъя: Оролцогчдын 46.2% нь хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол, санал үр дүнгүй шийдэгддэг гэж үнэлжээ.
☔Нууцлал бол эмзэг цэг: 21.9% нь хүний эрх хамгаалах явцад мэдээллийн нууц задрах эрсдэл бодит гэж хариулсан нь эх сурвалж, үйлчлүүлэгч хамгаалалтыг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.
Эдгээр үр дүн нь хүний эрхээ хамгаалах орон зай хаагдсан гэсэн үг биш, харин хамгаалалтыг бэхжүүлэх, тогтолцоог шинэчлэхийн ач холбогдлыг бидэнд сануулж байна.
🟢 Сайн тал
Дарамт, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч өмгөөлөгч, сэтгүүлчид олон нийтийн ашиг сонирхлын төлөө, хүний эрхийн зөрчлийг илчлэх, хамгаалах үүргээсээ ухраагүй хэвээр байна.
Хүний эрхийн төлөө тууштай тэмцдэг сэтгүүлч, өмгөөлөгчдөд баярлалаа 🙏🙏
Судалгааны бүрэн тайлантай танилцах бол энд дарна уу.

📌УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хууль батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин, тогтолцоо нь тодорхой болж нийгмийн ажлын үйлчилгээний үр дүн сайжирна гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай UIH.mn сэтгүүлч Г.Батзаяагийн ярилцсан “Тэгш Өнцөг“ нэвтрүүлгийг үзэх бол энд дарна уу.
Нийгмийн ажлын тухай анхдагч хууль батлагдсанаар:
🟡Нийгмийн ажил мэргэжил нь бие даасан стандарт, зохицуулалттай үйлчилгээний салбар болж хуульчлагдана.
🟡Нийгмийн ажилтан нь иргэнд нэг удаа “туслах” бус, асуудлаас гарах замыг нь хамт үнэлж, төлөвлөж, хэрэгжүүлдэг болно.
🟡Эмзэг нөхцөлд байгаа иргэний дуу хоолойг мэргэжлийн түвшинд төлөөлөх эрх зүйн механизм бий болно.
🟡Мэргэжлийн холбоо нь бүртгэл, ёс зүй, хяналт, магадлан итгэмжлэлээр мэргэжлийн чанар, хариуцлагыг баталгаажуулна.
Ирцээр тэргүүлсэн гишүүд
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 2025.09.15-наас 2025.12.31-ний өдөр хүртэл нийт 36 удаа хуралдсан. Намрын чуулганы нэгдсэн хуралдааныг огт таслаагүй 100 хувийн ирцтэй оролцож, иргэдийг төлөөлөх үүргээ идэвхтэй гүйцэтгэсэн гурван гишүүнийг танилцуулъя. УИХ-ын гишүүн Э.Батшугар, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нар нэгдсэн хуралдааныг огт таслаагүй байна.
*УИХ-ын гишүүдийн гадаад болон орон нутгийн томилолт, өвчтэй, чөлөөтэй тохиолдлуудыг "хуралдаанд оролцсон" тоонд оруулаагүй болно.
😎😎Дандаа шүүмжилнэ гэж юу байх вэ? Сайн байвал магтаж болно шүү.


Танд яагаад энэ цахим товхимлыг илгээсэн бэ?
Энэхүү цахим товхимлыг uih.mn платформ дээр байршуулсан нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдэд явуулж байна. Та өмнө нь нийгмийн асуудлаарх нийтийн өргөдлийг дэмжихдээ үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч өөрийн и-мэйл хаягийг бүртгүүлсэн тул энэхүү 7 хоногийн улс төр, нийгмийн тоймыг танд илгээлээ.
UIH.mn товхимол нь нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг, хараат бус талбарын хувьд засаглалын үйл явцыг хянах, олон нийтийг бодит, тэнцвэртэй мэдээллээр хангах, илүү эрүүл нийгмийг төлөвшүүлэх зорилготой.
Бид хүний хувийн мэдээллийг хамгаалах зарчмыг чанд баримталдаг бөгөөд таны и-мэйл хаягийг зөвхөн таны тодорхой зөвшөөрөлтэй тохиолдолд ашиглана. Манай хувийн мэдээлэл хамгаалах бодлоготой эндээс танилцана уу.
Иймд бид таны шийдвэрийг ил тод, сайн дурын үндсэн дээр асууж байна.
Та уг цахим товхимлыг цаашид үргэлжлүүлэн хүлээн авахыг зөвшөөрч байна уу?
Татгалзсан тохиолдолд таны и-мэйл хаяг жагсаалтаас хасагдаж, танд дахин и-мэйл илгээгдэхгүй.
Цахилгааны хэлбэлзлээс шалтгаалж иргэний эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд хохирлоо хууль ёсоор нэхэмжлэх боломжтой.
👷Сар бүр цахилгааны төлбөр төлж, үйлчилгээ авч байгаа нь түгээх байгууллагатай гэрээтэйд тооцогдох бөгөөд хүчдэлийн хэлбэлзлээс үүдэлтэй хохирлыг цахилгаан түгээх байгууллага хариуцах зохицуулалт үйлчилдэг.
☎️Эвдрэл гарснаас хойш 24 цагийн дотор харьяа дүүргийн цахилгаан түгээх нэгжид утсаар мэдэгдэж, бичгээр өргөдөл гаргана.
🗎Тоног төхөөрөмжид учирсан хохирлын мэргэжлийн дүгнэлт, засвар үйлчилгээний зардлын баримт бүрдүүлнэ.
🧑⚖️Шаардлагад хариу өгөөгүй, эсхүл татгалзсан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргана.
🗳️“Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд энд дарж саналаа өгнө үү. Энэхүү хуулийн төсөл нь төрийн нууцын эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгож, нууцлах мэдээллийн хүрээг хуульчлан тогтоох, иргэдийн мэдээлэл авах эрхийг хэт өргөн хүрээтэйгээр хязгаарлаж ирсэн практикийг таслан зогсоох, төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Төсөлд дараах гол өөрчлөлтүүдийг тусгажээ. Үүнд:
Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор бус, Улсын Их Хурлаас хуулиар баталдаг болох;
Хууль гаргахгүйгээр аливаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглох;
Төрийн нууцад хамааруулах, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, сунгах асуудлыг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, парламентын хяналттайгаар шийдвэрлэдэг байх;
“Албаны нууц” гэсэн ойлголтыг хасаж, төрийн байгууллагууд дотооддоо дур мэдэн мэдээллийг нууцлах боломжийг хязгаарлах, улмаар нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа |
