💡Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэсэн 7 хоног өнгөрлөө. Хуучин улс төрчид ирж, шинэ улс төрчид буцах сураг дуулдав. Чуулган эхлэх дөхөж, улс төрчид ичээнээсээ цухуйж байна. Ээ дээ бүгдээрээ хэрсүү байдаг юм шүү. 🤓
🔔 Сэрэлт
🌀 Монголын улс төрийн салхи эргэв. Нэгэн цагт гэм буруутан хэмээн цоллуулж, улс төрөөс холдсон олон хүн эргэн ирж, олон нийтийн өмнө өөрсдийгөө ямар ч гэмгүй хэмээн ээлж дараалан зарлаж байна. 🙄Тэдний дунд авлига, албан тушаалын хэргээр гадагшаа зугтсан нэгэн байхад гурван шатны шүүхээр ял авсан хүн ч бий. 🤷♂️ “Хээрээс дээс олсон юм. Үзүүрт нь үхэр байсныг мэдээгүй” гэдэг шиг бүгд л гэм буруугүй болж таарав. Шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн дараа хүртэл өөрсдийгөө гэм буруугүй гэж зарлах үед бид хэнд итгэх вэ?😌
⚖️Уг нь хэн нэгнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоох ёстой. 🪄Гэтэл улс төрийн зорилгоор бие биеэ цоллон яллаж, замаасаа зайлуулдаг буруу жишиг тогтсон юм биш биз гэх эргэлзээг ч энэ мэдэгдлүүд дагуулж байна. Ингээд хэн хэн сэрж буйг харцгаая.👀
🎭Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Түүнийг ОХУ-ын талд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд худалдаж авахад нөлөөлсөн, мөн төрийн өмчид хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгасан. Өнгөрсөн долоо хоногт “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга намайг ирвэл шоронд чинь хатаана. Амь насыг чинь хариуцахгүй гэж заналхийлсэн гэж ярив.
🎙УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шүүхээс оноосон 2.6 жилийн хорих ялаа биеэр эдэлж дууссан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан гарч ирэнгүүтээ “Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан” гэж мэдэгдэв.
💸60 тэрбумынхан: УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар “60 тэрбумын хэрэг” гэх дуулианд холбогдсон. Энэ асуудал үргэлжилсээр эцэст нь М.Энхболд УИХ-ын даргын суудлаасаа огцорсон бол Ц.Сандуй эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах хэргээр шүүхээс ял сонссон. Тэд Эх орончдын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааныг Бөхийн өргөөний төв индэр дээрээс тухлан үзсэн нь улс төрийн тавцанд эргэн ирснийх нь дохио болов.
🧳Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат: Авлига албан тушаалын хэргээр шалгагдаж, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан ч хилээр гарсан тул эрэн сурвалжлагдаж байв. Тэрээр цагаан сарын үеэр эх орондоо ирж, саяхан болсон МАН-ын бага хуралд оролцлоо.
“Монгол Ардын Нам ард түмэндээ эргэж ирнэ” гэх өвөрмөц уриа болоод “Чөлөөлье“ гэх уриалгыг тус намын шинэ дарга Н.Учрал олон нийтэд зарласан. Харин чухам хэн гэдэг ямар “этгээдүүд” ард түмэндээ эргэн ирж байгааг, мөн хэнийг “чөлөөлж” байгааг ард түмэн “дурандаж“ сууна.


Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
🏛 Улс төр
😳ЕС Г.Занданшатар хулгайлсан морио уралдуулах нь уламжлал гэв. (Eagle tv)
⛔УИХ-ын гишүүдэд хилийн хориг тавив. (Itoim)
🧣АН: Н.Алтанхуягийн хэрэг улс төрийн шалтгаантай гэж мэдэгдэв. (Ubn)
⚡ Бодлого
🤐Төрийн нууцын 894 мэдээллийг ил болгоно
💸500 сая долларын “Сенчири-5” бонд гаргав (Засгийн газар)
🛢️Монгол улс ОХУ-ын нутагт байрлах шатахууны нөөцийн сав түрээслэхээр хэлэлцжээ. (Ikon)
🌆 Нийгэм

⚔️ Төрийн ордон өш хонзонгийн талбар болж байна уу?
Монголын улс төрд нэгэн сонин үзэгдэл давтагдах боллоо. Нэг бүлэглэл эрх мэдэлд гармагц нөгөө хэсгээ гэмт хэрэгт холбогдуулан шалгуулдаг. Харин улс төрийн салхи эргэхэд эсрэг тал нь мөн адил хариу барьж эхэлдэг. 😤
🧩 Сүүлийн үйл явдлууд энэ хандлагыг дахин анхааралд орууллаа.
🎯 Өнгөрсөн онд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах улс төрийн үйл явцад идэвхтэй оролцсон зарим улс төрчид дараалан хэрэгт татагдаж эхэллээ.
📢 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахтай холбоотой хэрэгт яллагдагчаар татсан.
📍УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг хэрэг шүүхэд шилжих шатандаа орсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв.
💰 Мөн УИХ-ын гишүүн Э.Болормааг 2024 оны сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
🥊Харин П.Сайнзоригийг Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвангийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, хилээр гарахыг хязгаарлажээ.
🎬 Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах, “Hero” студийн захирал Б.Баатарыг “үндэсний эв нэгдлийг бусниулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан тухай мэдээлэл гарлаа.
📌 Эдгээр хүмүүс буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Гэвч улс төрийн салхи эргэх бүрд хууль хүчний байгууллагууд улс төрчдийг хэсэг бүлгээр нь шалгаж эхэлдэг дүр зураг давтагдсаар байна. Хүн нь байна, хэрэг нь ч байна. Бидэнд бас “түгшүүр” байна.
❓ Энэ бүхэн шударга ёсны үйл явц уу, эсвэл улс төрийн өшөө авалтын шинэ цикл үү?
🙈 Юун кино вэ? Ерөнхий сайд аа.
📜Засгийн газрын 2019 оны тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сар хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох, 18 хүртэлх насны хүүхдээр унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. 🔧Харин өнгөрсөн 2025 онд Засгийн газраас тус тогтоолд өөрчлөлт оруулж, хурдан морины уралдааныг зохион байгуулах эсэхийг хаврын улиралд тухайн орон нутгийн засаг дарга шийдэхээр зохицуулсан юм.
🐴Гэтэл цагаан сарын дараа орон нутагт хэд хэдэн уралдаан зохион байгуулж, бага насны хүүхдээр унуулсан тухай асуудал дэгдэв. 📣УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал болон хүний эрхийн байгууллагууд хууль бус уралдааныг шүүмжилсэн бол нөгөө талаас уяачид болон зарим УИХ-ын гишүүд өв соёлоо хамгаалахын тулд хаврын морин уралдааныг сэргээх ёстой гэсэн байр суурь илэрхийлж эхлэв. 📢Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр “Хаврын морин уралдааныг сэргээх чиглэлээр УИХ-ын хаврын чуулганаар тодорхой шийдвэр гаргаж ажиллана” гэж зарлалаа.
2014-2024 онд 46 Монгол хүүхэд хурдан морь унахдаа осолдож амь насаа алдсан юм. Харамсалтай нь энэ засгийн үед Монгол улс хүний эрхийн ололтоосоо ухарч байгаа дүр зураг ажиглагдаж эхэллээ.
🎤Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр, тус зөвлөлийн тэргүүн Ерөнхий сайд Г.Занданшатар “Өвөл, зунгүй морь уралдуулж байсан. Цахиур Төмөрийн морийг Түгжил хулгайлаад, уралдуулж байсан түүхэн уламжлал бий” гэж ярив.🤦

Зургийн эх сурвалж: ЕС Г.Занданшатарын facebook хуудас. Тэрээр уг зургийг 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө оруулаад удалгүй устгажээ.
Өвөл, хаврын уралдаан нь Монгол уламжлал биш гэдгийг судлаач, түүхчид тодорхой илэрхийлж байхад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг Ерөнхий сайд нь бодит бодлогын асуудлын оронд уран зохиолын жишээ татаад “зугтаж” буй нь ёстой ичиг ичиг. 🙈
Өвөл, хаврын морин уралдаан Монголын түүхэн уламжлал мөн үү?
📚 Судлаачдын үзэж байгаагаар өвөл, хаврын улиралд морин уралдаан зохион байгуулах нь Монголын нийтлэг түүхэн уламжлалд хамаарахгүй ажээ.
“Монгол Улсын үндэсний их баяр наадмын түүх (1911–2018)” сэдвээр докторын зэрэг хамгаалсан судлаач Х.Мөнхбаяр хаврын морин уралдааныг уламжлал гэж тайлбарлах нь Монгол наадмын өв соёлын түүхэн утгыг гажуудуулах эрсдэлтэй гэж үзсэн байна.
Түүний тайлбарласнаар:
Өвөл, хаврын хүйтэн улиралд морь уралдуулах нь нийтлэг уламжлал байгаагүй. Ховор тохиолдолд зохион байгуулагдсан байж болох ч олон нийтийг хамарсан наадмын хэлбэртэй байгаагүй.
Хаврын улиралд адуу тарга тэвээрэг аваагүй байдаг. Тиймээс малын тарга хүчийг хамгаалах үүднээс энэ үед уралдаан зохион байгуулахыг цээрлэдэг байсан.
Өвөл, хаврын цагт хүмүүс олноороо цугларч нааддаггүй. Монголчууд энэ үед өвөлжөө, хаваржаандаа тархан нутагладаг байсан тул олон нийтийн томоохон баяр наадам зохион байгуулах нөхцөл ховор байжээ.
“Уламжлал” гэж үзэхийн тулд нийтлэг, өргөн хүрээтэй байх шаардлагатай. Харин хаврын морин уралдаан нь түүхийн туршид нийтээр тэмдэглэдэг баяр наадмын хэлбэр байгаагүй.
Зарим судлаачдын үзэж байгаагаар өвөл, хаврын морин уралдаан 1990-ээд оноос хойш илүү өргөн зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ нь спорт, нэр хүнд, эдийн засгийн ашиг сонирхолтой холбогдон тэлсэн байж болзошгүй.
👶 Мөн хүүхдийн оролцооны асуудал олон улсын хэмжээнд анхаарал татдаг. Монгол Улс дараах олон улсын баримт бичгүүдэд нэгдэн орсон байдаг.
⚖️ Хүний эрхийн түгээмэл тунхаглал
👶 Хүүхдийн эрхийн тухай конвенц
🚫 Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох тухай ОУХБ-ын 182 дугаар конвенц
Эдгээр баримт бичигт хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцуулах асуудлыг онцгой анхаарах шаардлагатай гэж үздэг.
📌 Иймээс өв соёл, хүүхдийн эрх, уламжлалын тухай маргааныг нийгмийн талцал болгох биш, баримт ба судалгаанд тулгуурласан хэлэлцүүлгийн хүрээнд авч үзэх нь илүү чухал байна.

🐴 Хаврын уралдаан ба 16,000 унаач хүүхдийн эрх
НҮБ-ын Хүүхдийн сан, Хүний эрхийн үндэсний комисс болон “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл”-ээс хийсэн судалгаанууд хурдан морины хаврын уралдаан нь хүүхдийн боловсрол, хөдөлмөрийн эрхтэй холбоотой эрсдэл үүсгэж байгааг онцолжээ.
🔎Унаач хүүхдийн статистик: Монгол Улсад 16 мянга орчим унаач хүүхэд бүртгэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь 7–12 насны хүүхдүүд байна. Харин нийт унаач хүүхдийн 96% нь хөвгүүд байна.
🔴 Хичээл таслалт, хоцрогдол, сургууль завсардалт: Хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах тохиолдол гардаг. Багш нарын 41.7% нь унаач хүүхдүүд хичээл тасалдаг, 43% нь сурлагын хоцрогдол их гэж үнэлжээ. Хичээлийн хоцрогдол нь сурах сонирхлыг бууруулж, зарим хүүхэд уяач, морины эздийн ажилд оролцсоор сургууль завсардах нөхцөл үүсдэг байна.
⚠️Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд бодит эрсдэл бий. Судлаачид унаач хүүхдийн хөдөлмөрийг аюултай, бүр тэвчишгүй хэлбэрийн хүүхдийн хөдөлмөрийн шинжтэй гэж дүгнэжээ.
📊 Амь насаа алдсан хүүхдийн статистик
2014–2024 он (сүүлийн 10 жил) 46 хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан.
Үүнээс 22 хүүхэд нь өвөл, хаврын хориглосон хугацаанд уралдаанд оролцож байгаад нас барсан гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байна.
Судалгааны тайланг унших:
Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа, ХЭҮК: - https://www.uih.mn/sudalgaa/s/1155
Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх, НҮБ-ын Хүүхдийн сан, ХЭҮК: - https://www.uih.mn/sudalgaa/s/1154
Боловсролоос хөндийрч буй хөвгүүд, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл : https://www.uih.mn/sudalgaa/s/369
“Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл
👉 Монгол Улсад хүүхдийн бие бялдар, оюун ухаан, авьяас чадвар, нийгмийн оролцоог дэмжих бодлого, үйлчилгээ, санхүүжилтийн зохицуулалтыг нэгтгэн тодорхой болгох зорилготой “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд дурдсанаар хүүхдийн хөгжилтэй холбоотой бодлого, үйлчилгээ олон салбарт тархсан ч нэгдсэн зохицуулалт сул, байгууллагуудын уялдаа хангалтгүй байгаа нь хүүхдийн хөгжлийг дэмжих ажилд саад болж байгааг онцолсон байна.
📌 Хуулийн төслийн гол зорилго
👶Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх
🏫Боловсрол, соёл, спорт, урлаг, шинжлэх ухааны чиглэлээр хүүхдийн хөгжлийг дэмжих
🤝Төр, орон нутаг, гэр бүл, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог тодорхой болгох
💰Хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоог бий болгох
Өөрөөр хэлбэл, хүүхдийн хөгжилтэй холбоотой бодлого, үйлчилгээ, оролцогч талуудын үүргийг нэг хуульд нэгтгэж, илүү уялдаатай тогтолцоо бүрдүүлэх зорилготой төсөл юм.
🔗 Хуулийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр