💡УИХ-ын хаврын чуулган өнөөдөр эхэлнэ. Ийнхүү улс төрийн халуун хавар эхэллээ. Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм”-оор шууд ярилцлагад орж айхгүй үзнэ гэдгээ ил тод зарлаж, “уртаар ярив”. Тэрээр хууль зүйн сайд Б.Энхбаярыг 500 мянган долларын “асуудалтай” гэж мэдэгдэв. Жинхэнэ бужигнаан одоо л эхлэх гэж байна. Олон түмнээрээ хэрсүү байцгаая 🤓

👑 Хоёр толгойтой бүргэд

🎙️Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ огцорсноосоо хойших анхны ярилцлагаа өгч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой ноцтой байр суурь илэрхийллээ. 🤝 Нэгэн цагт ойр явсан тэдний харилцаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын институцийн эрх мэдлийн зөрчлөөс болж хөндийрсөн гэж тайлбарлав.

🏛️Тодруулж хэлбэл Засгийн газар болон Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдлийн зөрчил нь даамжирч, Л.Оюун-Эрдэнийг огцруулаад зогсохгүй, дараа нь парламентын засаглалаа хамгаалсан Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас нь буулгасан, цаашид өөрийн эрх мэдлээ үргэлжлүүлэн хадгалахын тулд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачилж, парламентын ардчиллыг сулруулах алхам хийж байна гэж мэдэгдэв.

⁉️Гэвч 2024 оны сонгуулиар олонхын санал авсан МАН сөрөг хүчнүүдээ засгийн газарт урьж парламентын 94 хувийг хамарсан эвсэл байгуулсныг эргэн санавал, Л.Оюун-Эрдэнийг парламентын тогтолцоог хамгаалагч гэж итгэхэд бэрх. Сөрөг хүчингүй парламент бол парламент биш. Төсвийн эрх мэдэл, албан тушаалаар өөрт нь хяналт тавих үүрэгтэй сөрөг хүчнийг худалдаж авдаг нь муу жишиг. Иймд Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нар парламентыг бэхжүүлнэ гэх нь үг үйлдлийн хэт том зөрүү болно.

🦅➡️Л.Оюун-Эрдэнийн “Хоёр толгойтой бүргэд” шиг хэмээн тодорхойлсон Монголын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын эрх мэдлийн зөрчил өнөөдөр бий болоогүй. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эрх мэдлийн давхцал, хууль хүчний байгууллагын томилгоо, нам доторх өрсөлдөөнөөс үүдэн байнга мөргөлдөж ирсэн. ⏳ Энэ зөрчил цаашид ч давтагдах хандлагатай.

Зургийг хиймэл оюун ухаанаар бүтээв. Зураг бүтээхэд ашигласан үгс: Хоёр толгойтой бүргэд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, зоос.

🧩 Энэ зөрчлийг шийдвэрлэх боломжтой шинэчлэлүүд ч тодорхойгүй шалтгаанаар гацсаар ирсэн. Тухайлбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш шинэчлэгдээгүй үлдсэн гол хууль нь Ерөнхийлөгчийн тухай хууль юм. Тиймээс эрх мэдлийн давхардал, институцийн зөрчлийг тодорхой болгож шийдэх боломж парламентад бий бөгөөд, хамгийн чухал сорилт болоод байна.

💡Эцэст нь та бидний эрх чөлөөний баталгаа болох парламентын институцийг хамгаалах хамгийн чухал хүч нь иргэд та бид өөрсдөө болсон гэдгийг онцгойлон сануулъя.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

🗞️Улс төр

  • ⭕УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ. (Ubn)

  • 🛑УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барилаа. (president.mn)

  • 💢Ерөнхий сайд Г.Занданшатар "Рио Тинто" компанийн Зэсийн группийн удирдлагуудтай уулзлаа. (Ikon)

  • 🚫 УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд хилийн хориг тавив. (News)

  • ⁉️Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэргийг цагаатгасан өмнөх шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болголоо. (gogo)

⚔️Хотын даргын суудал

  • Баянзүрх дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж, жагсав. (Ubn)

  • Хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчид Э.Бат-Амгалангийн захиалгаар ирж жагсмаар аядлаа” гэж лайваар мэдэгдэв. (Х.Нямбаатар)

  • Э.Бат-Амгалангийн дүүд залилуулсан гэх “Зэс эрдэнийн хувь” компанийн хохирогчид жагсаал хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдэв. (Zuv)

📊Бодлого

  • Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хязгаарлах тухай хуулийн төсөл боловсруулжээ. (Засгийн газар)

  • Г.Дамдинням: Ойрх Дорнодод үүссэн мөргөлдөөнөөс үүдээд Монголд шатахууны үнэ нэмэгдэнэ. (Өрөг)

  • Ойрх Дорнодоос 91 хүн эх орондоо ирлээ. (UIH.mn)

  • ОХУ-аас 7-8-р ангийн сурагчид орос хэлийг ЗААВАЛ судалдаг болгох санал тавив. (Gogo)

Нэг ижил шүүгчдийн бүрэлдэхүүн яагаад 2 өөр шийдвэр гаргах болов?🧭

🚨Шүүхийг зоргоор шүүж болохгүй. ⚖️Гэвч нийгэмд шударга ёс тогтоох итгэл, найдварын тулгуур багана шүүх байгууллага улс төрийн зорилготой шийдвэр гаргаад эхэлбэл “түгшүүр” зарлахаас аргагүй. 📅Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн өмнөх шийдвэрийг хүчингүй болголоо. 📌Тодруулж хэлбэл, хэрэгсэхгүй болсон хэргийг нь дахин хянах шийдвэр гаргав.

🔁Нэг шатны шүүхийн шийдвэрийг дараагийн шатнаас буцаах, шийдвэрийг хэрэгсэхгүй болгох зэрэг нь шүүхийн үйл ажиллагаанд хэвийн зүйл. 🔍Өмнөх шатны шүүхийн алдаа, оноог хянаж, шударга шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг гэж ойлгож болно. ⚖️Гэтэл Н.Алтанхуягийн хэргийг шийдсэн давж заалдах шатны шүүгчид хоёр удаа хэргийг шүүхдээ, өөр өөр шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна.

  • ‼️ 2024.03.22 - Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нар Н.Алтанхуягийг цагаатгасан анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, цагаатгасан.

  • ‼️ 2026.03.10 - Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нар  Н.Алтанхуягийг цагаатгасан 2025 оны анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

🗳️Шүүхийн шийдвэр гарахын өмнө Н.Алтанхуяг нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. 🧩Иймээс түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй тулд хэргийг нь зориуд удаашруулж байна, хэргийг нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж Ардчилсан намынхан мэдээлж байв. ↪️Гэвч шийдвэр эсрэгээрээ гарч, хэргийг дахин шалгахаар боллоо. ⚠️Бид шүүхдээ итгэх ёстой ч шүүгчид улс төрийн нөлөөнд автвал хууль дээдлэх зарчим алдагдаж, Ардчиллын гурван тулгуурын нэг шударга ёсны сүүлчийн найдвар шүүх засаглал нуран унах аюултай.

🏛️Ардчилсан парламентын амин сүнс нь олон намын тогтолцоо.

📊Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр зохион байгуулж, жагсаалтын гишүүдийг оруулж ирсний үр дүнд парламентад таван нам суудалтай болсон. 👑Мэдээж хамгийн олон суудалтай МАН эрх барих нь тодорхой. ⚖️Харин бусад нам нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, олон нийтийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, эрх баригч намаа шахаж, шаардаж ажиллах ёстой. 🧩Гэтэл өнгөрсөн хугацаанд жижиг намууд эрх баригч намын хормойноос зүүгдэж, албан тушаал, эрх мэдэлтэй зууралдахыг хүссэн нь ардчилсан парламентын чадавхыг сулруулж байна.

⚠️Ингээд зогсохгүй жагсаалтаар УИХ-д дөрвөн суудалтай болсон Иргэний зориг, ногоон намынхан тамга тэмдэг, намын даргын албан тушаалаа булаацалдаж эхлэв.

📝Тус намын дарга УИХ-ын гишүүн, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар намаа төлөөлж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэний дараа намынх нь зарим гишүүн онц их хурал зарлаж, Б.Батбаатарыг намын даргаас нь чөлөөллөө.

🔄Түүний оронд УИХ-ын гишүүн Р.Батболдыг даргаар сонгосон гэж мэдэгдэв. Хариуд нь Б.Батбаатар тэдэнд ийм эрх байхгүй. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд бусдын захиалгаар ийм хууль бус зүйл хийж байна гэж мэдээллээ.

⚠️Уг нь жижиг намууд УИХ-д цөөн суудалтай болсон боломжоо ашиглаж, байр сууриа бэхжүүлж авах ёстой. 👖Гэтэл уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах гэгчээр өөрсдийгөө ийм байдалд хүргэж буй нь харамсалтай. Ичиг ичиг… 😔😔

Араатанлаг төрдөг хүүхэд гэж байхгүй.📚 

👶Судлаачдын үзэж байгаагаар ямар ч хүүхэд дээрэлхэгч, хүчирхийлэгч болж төрдөггүй, харин түүний зан төлөвийг орчин, хүмүүжил, нийгмийн харилцаа ихээхэн хэмжээгээр хэлбэржүүлдэг байна. 🏫 Функционалист онолын дагуу нийгэм нь харилцан уялдаатай бүтэц бөгөөд нэг хэсэг нь доголдоход бусад хэсэгтээ нөлөөлдөг. Сургуулийн орчинд илэрч буй үе тэнгийн дээрэлхэлт нь ч энэ бүтэц дэх доголдлын нэгэн илрэл юм.

🧠 Сэтгэл зүй, мэдрэлийн шинжлэх ухааны судалгаагаар хүний шийдвэр гаргах, өөрийгөө хянах үүрэгтэй тархины урд хэсэг (prefrontal cortex) бүрэн хөгжихөд цаг хугацаа шаарддаг бөгөөд энэ үйл явц ойролцоогоор 25 нас хүртэл үргэлжилдэг гэж үздэг (Guy-Evans, 2025). Энэ нь хүүхэд, өсвөр насныхны зан төлөвийг зөвхөн хувь хүний “муу чанар” гэж тайлбарлах боломжгүйг харуулдаг ба судлаачид хүүхдийн зан төлөв дараах хүчин зүйлсээс ихээхэн хамаардаг гэж үздэг. Үүнд:

👨‍👩‍👧 Гэр бүлийн орчин, хүмүүжил

🏫 Сургуулийн соёл, орчны уур амьсгал

👥 Найз нөхөд, үе тэнгийн нөлөө

🌍 Нийгмийн хандлага, харилцааны соёл

Иймээс үе тэнгийн дээрэлхэлтийг зөвхөн “муу хүүхдийн асуудал” гэж тайлбарлах нь хангалтгүй. Харин энэ нь гэр бүл, сургууль, боловсролын систем гээд нийгмийн хүрээнд авч үзэх ёстой асуудал юм.  

📖 Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 2020 онд боловсруулсан “Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх аргачлал” гарын авлага-тай танилцаарай.

🌍 Монгол ардчиллын арал уу?

📊 АНУ-д төвтэй Freedom House байгууллагын 2025 онд гаргасан “Freedom in the World 2025” тайланд дэлхийн улс орнуудын улс төрийн эрх болон иргэний эрх чөлөөг үнэлжээ. 📚 Энэхүү судалгаа нь 1973 оноос хойш жил бүр гарсан ардчиллыг хэмжихэд хамгийн их ашиглагддаг индексүүдийн нэг юм. 🔎Уг тайлангаас дараах зүйлсийг онцолж байна.

🗳️ Дэлхийн эрх чөлөөний үзүүлэлт тогтмол буурсаар. 📉Тайлангаас харахад 34 улсын оноо өссөн бол 60 улсын оноо багасаж дэлхийн эрх чөлөөний үзүүлэлт 19 жил дараалан буурчээ. ⚠️Энэ удаагийн тайланд дэлхийн хүн амын 40 гаруй хувьд  нөлөөлсөн эрх чөлөөний уналтыг онцолж, сонгуулийн хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн зэргийг гол шалтгаан гэж үзжээ.

📌10+ жил бараг өөрчлөгдөөгүй оноо. Монгол Улс 84 / 100 оноо авч “Free” ангилалд багтсан байна. 2012 онд 86 байсан оноо сүүлийн жилүүдэд 84 орчимд тогтвортой байна.

⚖️ Монгол улсад тулгарч буй гол сорилт - авлига ба улс төрийн нам
🧾Тайланд Монголд улс төрийн эрх, иргэний эрх чөлөө ерөнхийдөө хадгалагдаж байгаа ч авлига, дотоод ардчилалгүй намын тогтолцоо ардчиллын чанарт сөргөөр нөлөөлсөөр байгааг дурдсан байна. 🏛️Бүс нутагтаа харьцангуй тогтвортой ардчилалтайд тооцогддог ч ардчиллын чанарыг сайжруулахын тулд авлигатай тэмцэх, институцийн хяналт тэнцвэрийг бэхжүүлэх, бодлогын өрсөлдөөнд суурилсан намын тогтолцоог хөгжүүлэх шаардлага хэвээр байна.

🔗Тайланг эндээс үзнэ үү.

⚖️ Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

🏛Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Төсөл нь УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах үндэслэл, журмыг тодорхой болгох зорилготой. 

📜Хуулийн төсөлд дараах тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгажээ.

  • 📌 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;

  • 📌Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад өргөн мэдүүлж, уг саналыг УИХ нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн;

  • 📌 Иргэний гомдлыг үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжсэн:

  • 📌 Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан;

    o    Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан болон санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;

    o    Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн.

👉 Парламентын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг УИХ-ын гишүүд л санаачлах эрхтэй (МУИХтХ 36.1.1). ⚠️Харин энэ хуулийг Ерөнхийлөгч санаачилж байгаа нь шүүмжлэл дагуулж буй. Гишүүд хэн нэгний нөлөө, дарамтгүй ажиллах ёстой парламентын бие даасан байдал бэхжих үү, эсвэл “хариуцлага” нэрийн дор өөр төрлийн хяналт нэмэгдэх үү🧐.

🔗Хуулийн төсөлд санал өгөх бол энд дарна уу.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр

Keep reading